Д.Сумъяабазар: Оюу толгой улстөржүүлдэг сэдэв биш
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, Хариуцлагатай уул уурхай’’ ээлжит хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцсон.
Энэ үеэр салбарын сайд 2018 оны дөрөвдүгээр сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсний зэрэгцээ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуплаа.
-Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. Таны зүгээс Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг солино гэж ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Оюу толгойн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагад шалгалт орж байгаа гэж хэлж болно. Мэргэжлийн хяналт, татвар, аудит гэх мэт бүхий л байгууллагаас шалгалт оруулсан. Харин Уул уурхай, хүнд үйлвэрийн яамнаас шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн асуудал нь яригдах байх. Ажлын хэсэг эднээс хол зөрсөн дүгнэлт гаргахгүй л болов уу. ТУЗ-ийн гишүүдийн тухай хэлэхэд, Оюу толгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол Монгол талын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд юм. Цаашид төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтлах нь хамгийн зөв гэж бодож байгаа. Түүнээс биш салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялдаж өгдөггүй ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюу толгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Үүнийг засч залруулан төслийг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн.
-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?
-Хууль бус тусгай лицензүүдийн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газарт үүрэг чиглэл өгсөн байгаа. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.
-Татварын ерөнхий газраас Оюу толгойд 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас арбитрын шүүхэд очих асуудал яригдаж байна. Энэ асуудалд салбарын сайд ямар байр суурьтай байна вэ?
-Татварын асуудалд хоёр талаас ажлын хэсэг байгуулагдсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. Оюу толгой бол гадны биш Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улстөржүүлээсэй гэж хүсэж байна. Улстөржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах үгүй эсэх нь өөрсдийнх нь асуудал. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болов арбитрт хандаад байж болохгүй.
-Дубайн гэрээг Аудитаар шалгахаар болсон. Тус гэрээнд аудит орох хэмжээний зүйл заалт үүссэн гэж ойлгох уу?
-Ажлын хэсгээс тодруулаад хариулт өгье.
-Газрын тосны үйлдвэр байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Техник эдийн засгийн үндэслэл эхний байдлаар энэ сарын 20-нд ирнэ. Хөгжлийн банкнаас 280 сая орчим төгрөгийн эх үүсвэрийг гаргах шийдвэр гарсан. 2022 оны сүүлчээр үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.