2018.05.11

Ё.Баатарбилэг: Цалинг хэдэн хувиар нэмэхээр тооцож байна

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд  тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг Сангийн сайд танилцуулгынхаа үеэр цохон тэмдэглэсэн.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Тодорхой салбарын өртөг тооцоог жигдлэх талаар ажиллаж байна уу? Цалинг хэдэн хувиар нэмэхээр тооцож байна. Манай байнгын хороон дээр цалингаа нэмэгдүүлэх хүсэлт их ирдэг. Ирэх жилийн төсөвт яаж тооцсон бэ? татвар нэмэхгүй байх боломж байгаа юу? Татвар төлөгчдийнхөө эгнээг нэмэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр яаж анхаарч байна. Түүхий нүүрс Улаанбаатар уруу оруулахгүй гэж ойлгоод байгаа. Улсын төсвөөс хэдэн төгрөгийг, юунд зарцуулах вэ?

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар :Цалин тэтгэврийг инфляцийн байдалтай уялдуулж нэмнэ. Төсөв ярих үед шийдэгдэнэ. 2019 онд татвар нэмэхгүй, тэгш шударга байх зарчмыг баримтална.