Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонслоо
2018.05.01

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг сонслоо

Байнгын хорооны хуралдаанар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлангхэлэлцэж, тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон төрийн үйл ажиллагааны зарчим,Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх, Улсын Их Хурлаас баталсан зөвлөлийн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн дэвшүүлсэн зорилт, Төсвийн тухай хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийг мэдээллээр хангаж, төрийн байгууллагуудад хууль тогтоомж, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж дүгнэлт гаргах, сургаж хөгжүүлэх, гомдол маргааныг хянан шийдвэрлэх зэрэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласныг тус зөвлөлийн дарга танилцуулгадаа онцоллоо.

Төрийн албаны 2017 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар 2017 онд тус зөвлөл 27 удаа хуралдаж, 161 багц асуудал хэлэлцэн 180 асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ. Зөвлөл нь харьяаллын дагуу 30 байгууллагын 33 ажлын байрны захиалгаар нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсны зэрэгцээ давхардсан тоогоор нутгийн захиргааны 744 сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарласнаас 8455 иргэн бүртгүүлж 2846 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, 496 иргэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшин өрсөлдсөн албан тушаалдаа томилогдсон байна. Харин нийт зарлагдсан ажлын байрнаас хүн бүртгүүлээгүй сул үлдсэн 65 орог тоо байгаа бол шалгалтаар хүн тэнцээгүйгээс сул үлдсэн 171 орон тоо байгаа аж. Түүнчлэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгүүлж оролцогсдын 66 хувь нь шалгалтад тэнцээгүй байна. Мөн тус зөвлөл нь өнгөрсөн онд харьяаллын дагуу 276 иргэнийг нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нэр дэвшүүлж төрийн жинхэнэ албан тушаалд томилуулсан нь урьд өмнөхөөс илүү үр дүнтэй ажил болсон, түүнчлэн хууль бусаар ажлаас халагдсан гэсэн гомдлын тоо өмнөх оныхоос 116 хүнээр буурсан  гэдгийг Б.Цогоо дарга танилцуулгадаа онцлов.

Төрийн албаны зөвлөлд хандаж төрийн албан хаагчдаас 514 өргөдөл, гомдол ирсэн нь өмнөх оныхоос 100 гаруйгаар буурсан, мөн төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороод нийтдээ 334 ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудал дунд шатны албан хаагчдын дунд хангалтгүй байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдлаа. Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 47 дүрэм журмыг яаралтай боловсруулж батлуулахаар тус зөвлөл бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотой гомдол санал, зөрчил дутагдал буурахгүй байгаа учраас ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн зохицуулах, мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангалтгүй байгаад төрөөс анхаарч тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэллээ.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнбат, Н.Амарзаяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Н.Амарзаа, Ц.Цэрэнбат, Д.Лүндээжанцан нар үг хэлж, төрийн албаны нэр хүндийг сэргээх, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулалт, сургалтын аргыг боловсронгуй болгох, Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангах талаар байр сууриа илэрхийлэв.

Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлд хуралдааны тэмдэлэлээр чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.