Шинээр дипломат харилцаа тогтоосон дөрвөн улстай танилц
Өнгөрсөн хаврын чуулганаар Засгийн газраас 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг тогтоолын төслийг 2018 оны 1 сарын 26-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгээр баталснаар манай улс Бүгд Найрамдах Жибүти улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улсуудтай дипломат харилцаатай болж байна.
Ингэснээр Монгол Улс 190 оронтой дипломат харилцаатай болж байгаа бөгөөд үүний 188 улс нь НҮБ-ын гишүүн, 2 улс нь НҮБ-д ажиглагч статустай улс юм.
“Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор МУ-ын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох ажил гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дурджээ.
Монгол Улсын дипломат харилцааны түүхийг эргэх сөхвөөс Манжаас бүрэн тусгаарлагдан Богд хаант Монгол Улс байгуулагдсан үеэс анхны 5 яам байгуулагдсаны нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам байсан. Анхны тэргүүн сайдаар Чин ван Минжиддоржийн Ханддоржийг тохоон томилж, тусгаар тогтнолыг Орос, Хятад болон бусад том улс, гүрнээр хүлээн зөвшөөрүүлэх дипломат үйл ажиллагааг эрчимтэй явуулах болсноор манай улсын дипломат албаны орчин үеийн түүх бичигдэж эхэлсэн байдаг. Харин 1961 онд НҮБ-ийн гишүүнээр элсэн орсноор Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улын тавцанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ үеэс эхлэн НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох гадаад бодлогын эхлэл тавигдсан байдаг.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус тогтоолын төслийг танилцуулах үеэрээ: “НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, дэлхийн худалдааны байгууллагууд зэрэг олон талт механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах тал дээр нэмэгдэх талтай гэж үзэж байна” хэмээсэн юм.
Ингээд шинээр дипломат харилцаа тогтоосон 4 улсыг танилцуулъя.
Бүгд Найрамдах Жибүти Улс
Бүгд Найрамдах Жибути Улс нь Африк тивийн зүүн эрэгт Улаан тэнгис, Суэцийн хоолой руу нэвтрэх, дэлхийн худалдаа, цэрэг, стратегийн чухал байршилд оршдог 1977 онд тусгаар тогтносон хөгжиж байгаа улс юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноор олон улс, бүс нутгийн түвшинд ялангуяа НҮБ ба түүний харьяа байгууллагууд, Африкийн холбооны хүрээнд хамтран ажиллах, харилцан бие биенээ дэмжих, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол болон бусад салбарт харилцаа хөгжүүлэх зам нээгдэж байгаа юм.
Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс
Сент Кристофер ба Невисийн холбооны улс нь Карибын тэнгист, Пуэрто Рико, Тринидад ба Тобагогийн дунд оршдог арал улс юм. 261 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 50 гаруй мянган хүн амтай жижиг улс. Нийслэлийг Бастер гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны хэл нь англи хэл. Засаглалын хувьд парламентын засаглалтай хаант улс. 1983 онд Үндсэн хуулиа батласан. Сент Киттс ба Невисийн эдийн засаг чихрийн нишингийн тариалалтад тулгуурладаг байсан бол 1970-аад оноос аялал жуулчлалын салбарыг түшиглэх болсон. Чихрийн нишингийн тариалалт олон жил алдагдалтай байсан тул 2005 онд Засгийн газраас чихрийн нишингийн тариалалтыг зогсоожээ. Ийнхүү алдсан ажлын байрыг нөхөх үүднээс хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн. Тухайлбал экспортод чиглэсэн үйлдвэрлэл, офшор банкны үйлчилгээ зэрэг. 2009-2012 онд жуулчдын тоо буурснаар эдийн засгийн үзүүлэлтүүд мөн буурсан бөгөөд өнөөг хүртэл эдийн засгийн өсөлт нэмэгдээгүй хэвээр байна. Аж үйлдвэрийн голлох чиглэл нь аялал жуулчлал, хөвөн, давс, хувцас, гутал, ундаа зэрэг бол хөдөө аж ахуйн салбарын голлох бүтээгдэхүүнд чихрийн нишингэ, цагаан будаа, амтат төмс, хүнсний ногоо, гадил жимс, загас зэрэг орно.
Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бахамын хамтын нөхөрлөлийн улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд 2016 оны долдугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зуржээ. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Бахамын хамтын нөхөрлөлийн улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Эллистон Раминг нар гарын үсэг зурсан байна. Бахамын хамтын нөхөрлөлийн улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэнэ гэж үзжээ. Тус улс нь Атлантын далайд 700 гаруй арлаас бүрддэг арлын улс юм. Өмнөд талаараа Куба болон Гаити улстай , баруун хойд талаараа Кайкосын арлуудтай, зүүн өмнөд талаараа Доминиканий бүгд найрамдах улс, зүүн болон зүүн өмнөд талаараа АНУ-ын Флорида мужтай хил залгадаг . Нийслэл хот нь Нассау. Багамын арлууд улсын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 470 мянган км.кв арлуудыг хамардаг.
Белиз Улс
Белиз нь төв Америкийн улсуудын дундаас ганцаараа англи хэлийг албан ёсны хэлээ болгосон улс юм. 1973 он хүртэл Британийн Гондурас гэж нэрлэгддэг колони улс байжээ. 1981 онд Их британий хамтын нөхөрлөлийн орнуудын холбооны хүрээнд тусгаар тогтносон байна. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 22 мянга 960 км.кв ба 300 мянга орчим хүн амтай. Хүн амын нягтшилын хувьд төв Америкийн бүс нутагт хамгийн бага бөгөөд дэлхийн хамгийн бага нягтшилтай улсуудын нэг юм. Белизийн уугуул оршин суугчид нь Майя гэж бидний нэрлэдэг төв Америкийн уугуул иргэд юм. МЭӨ 1500 он, МЭ 300-900 оны хооронд өнөөгийн Белизын нутагт Маяагийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж байв. 1638 онд анхны европ хүмүүс болох англичууд хүрч ирсэн байна. Белиз гэх нэр нь тус газар анх оршин суусан Британийн далайн дээрэмчин П.Уоллесын нэрнээс үүссэн гэж үздэг бөгөөд Испани хэлээр Белиз гэж дуудагдах болжээ. Өнөөдрийг хүртэл Белизэд испан испани хэл өргөн хэрэглэгдэж байсан ч испаничуудын давуу байдал бий болоогүй юм. 1770-аад оноос эхлэн англичууд Белизээс мод бэлтгэж, ноосны будагны түүхий эдийг үйлдвэрлэн экспортлодог байжээ. 1900 оны эхэн үе хүртэл Белизын эдийн засаг улаан зандан модны экспорт дээр тулгуурлагдаж байсан ба одоо чихрийн нишингэ, эрдэнэшиш ба цитрусын төрлийн бүтээгдэхүүнүүд, гадил жимсний үйлдвэрлэл нилээд нөлөөтэй болоод байна. 1961 онд болсон хатти хар салхи Белизэд ноцтой хохирол учруулжээ. Белизийн далайн эрэгт орших нийслэл хот далайн төвшнээс дор оршдог байсан нь хэтэрхий аюултай байдлыг үүсгэжээ. Иймээс Британийн колони байсан тус улсын нийслэлийг эх газрын төв рүү Белмопан хотод шилүүлж, 1970-аад онд аажмаар төр, захиргааны байгууллагууд тийш бүрэн нүүж суурьшсан байна. 1964 оны нэгдүгээр сард Америкийн эх газар дахь Их Британийн сүүлчийн колони Британийн Гондурас өөртөө засах эрх бүхий колонийн статустай болсон бөгөөд 1973 онд Белиз хэмээх нэртэй болжээ. Хөрш Гватемал улс Белизийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байсан ч тус улс Жорж Прайсын удирдлага дор 1981 оны есдүгээр сарын 21-нд бүрэн тусгаар тогтносон байна. Гватемал улс Белизийн бүх түүхийн турш өөрийн нэг хэсэг гэж үзэн газрын зурагтаа 23 дахь мужаа болгон тэмдэглэдэг байсан. Белиз улсад олон ялгаатай үндэстэн, угсаатнууд байдаг ч хоорондоо их холилдсон учраас тэднийг ерөнхийд нь белизчүүд гэж нэрлэдэг. Ойролцоогоор хүн амын 50 хувийг нь местизочууд, 25 хувийг нь креоп, 11 хувь нь уугуул маяачууд, зурган хувийг нь гарифуна нар эзэлдэг. Маш олон үндэстнүүдийн хольмог тул хэл нь холимог үгсийн сантай болсон байдаг. Хүн амын 80 хувь нь бичиг үсэг тайлагдсан.