Д.Цогтбаатар: Монгол тархи л гуравдагч хөршийн бодлогыг бодож гаргаж ирсэн
2018.03.06

Д.Цогтбаатар: Монгол тархи л гуравдагч хөршийн бодлогыг бодож гаргаж ирсэн

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай Япон Улсад хийсэн айлчлал болон бусад асуудлын хүрээнд ярилцлаа.

НЭГ: ЯПОН УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛЫН ГОЛЛОХ ҮР ДҮН ЮУ БАЙВ

ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ЯПОНЫ БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ ХОЛБОЖ ӨГӨХ 
ЧИГЛЭЛД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАНА-

-Та саяхан Япон Улсад айлчлаад ирсэн. Айлчлалын гол ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Стратегийн түншлэлийн хүрээнд хүмүүнлэг, аюулгүй байдал, боловсрол соёл, худалдаа зэрэг салбарууд дээр хоёр орон хамтран ажиллах өргөн боломж үүсдэг. Энэ хамтын ажиллагааны өгөөж эргээд иргэн хүнд хүрэх учиртай юм. Дээгүүр л яваад байх утга биш. Иргэнд үр өгөөж нь хүрэхгүй байвал стратегийн түвшинд түншлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэг ёсондоо хоёр орны харилцааны төвшин энгийн иргэнд “Энэ надад тус болж байна шүү” гэсэн мэдрэмж төрүүлэх хэмжээнд очихыг л стратегийн түвшний түншлэл гээд байгаа юм. Тиймээс ч Япон Улсад айлчлахдаа хоёр орны ЖДҮ-ийн шууд харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд түлхүү анхаарч ажиллалаа. Яг энэ сэдэв дээр төвлөрч, гол цэгээ болгож явсан айлчлал боллоо гэж дүгнэмээр байна. 

-Манай ЖДҮ эрхлэгчид Японы асар том зах зээлд эвээ олоод гарах боломж хязгаарлагдмал юм шиг ойлгогддог. Энэ харилцааг зохицуулах тал дээр тодорхой өөрчлөлт гарах болов уу?

-Монгол Улсын өнөөг хүртэл аваад буй сургамж гэвэл хөгжил нь цөөхөн хүнд хүртээмжтэй байхаас сэргийлэх. Хөгжил нь олныг хамрах хэрэгтэй. Япон Улстай л гэхэд манай томоохон компаниуд худалдааны харилцаатай байна. Япон талаасаа ч тэр. “Тоёота”, “Мицубиши”-гээс өгсүүлээд үндэстэн дамнасан томоохон компаниудынх нь бүтээгдэхүүн манайд зарагдаж байх жишээтэй. Гэхдээ Японы нэг онцлог нь, том компаниуд нь ЖДҮ эрхлэгчдээ туслан гүйцэтгэгчээр тус тусын үйлдвэрлэлдээ татан оролцуулснаар тэдний ашиг сонирхлыг өөрийн бүтээгдэхүүндээ шингээсэн байдаг.

Манайд бол ийм зүйл бараг үгүй. Тэгэхээр манай ЖДҮ яг орхигдоод байдаг гэсэн үг. Бид хоёр орны ЖДҮ эрхлэгчид өөрсдөө нэгнээ олоод, “хамтын ажиллагааг өрнүүл” гээд хараад сууж болохгүй. Энэ нь өөрөө яваандаа төлөвших нь маш хэцүү. Иймд Японы асар том зах зээлээс манай ЖДҮ хаягдчихаад байдаг. Тэгэхээр бид тохирох бизнесүүдтэй нь холбоод, уяад өгөх шаардлагатай байна л гэсэн үг.

-Японы талтай энэ асуудлаар санал солилцов уу? Тэд хэр нааштай хүлээж авсан бэ?
-Хамгийн баярлууштай нь, Японы талтай энэ бүхнийг очоод ярихад, тэд 100 хувь дэмжсэн.

Хоёр тал ЖДҮ эрхлэгчдийг хооронд нь уулзуулж, бараа бүтээгдэхүүнийг харилцан таниулан сурталчлах ажилд анхаарахаар санал нэгдсэн байгаа. Ер нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд худалдаан дээр анхаарч харилцаагаа илүү бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Манай худалдаа алдагдалтай байгаа учраас бид экспортоо нэмэгдүүлэх нь чухал. Хоёр улс эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихсан. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдчихаад байхад экспорт бидний хүссэн хэмжээнд хүрч нэмэгдэхгүй байна. Нэмэгдүүлэх боломж байгаа учраас бид жаахан анхаарал тавиад, дэмжлэг өгөх хэрэгтэй байгаа юм.

-Японы зах зээлд гарахын тулд манай ЖДҮ эрхлэгчид тодорхой хүрээнд бэлтгэж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийсэн байх ёстой юу? 

-Мэдээж Монголын талд хийх ажил багагүй байгаа. Бид бараа, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах хэрэгтэй байна. Үүн дээр төрийн зүгээс бодлогоор дэмжихийн зэрэгцээ зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Мөн энэ чиглэлд Япон Улстай хамтарч ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Монголтой худалдаа хийж буй компаниуддаа тодорхой сан гаргаж байгаад дэмжлэг үзүүлээч гэсэн санааг хүртэл судалж үзэж, нэгэн хувилбар болгож айлчлалын үеэр бид хөндөж тавьсан.

-ШИНЭЛЭГ САНААНУУД ДЭЭР БИД ХОЁР ТАЛААСАА ИДЭВХТЭЙ АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦСОН-

-Тусдаа сан байгуулаад өг, тэгээд зах зээлийнх нь жамаар ЖДҮ-ээ дэмжээд явъя гэсэн санал дэвшүүлсэн хэрэг үү? 

-Тийм. Тодорхой хэмжээний сан (заавал их байх албагүй) байгуулах ч хувилбар байж болох юм гэдгийг дурдаж, бүтээлчээр ердийн сэтгэлгээний хүрээнээсээ гарч эрэл хийхийг санал болгосон. Та бүхэн манай компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авч буй өөрийнхөө компаниудад зээл өгчих. Японы мөнгө ч тоотой. Өнөөдөр бүгд л мөнгөө тоолж байна.

Тиймээс тэр мөнгөө гаргаад, өөрийнхөө компанид өгье гэдэг саналыг Японы төр засаг дэвшүүлэхэд тэд дотооддоо шийдвэр гаргахад хамаагүй хялбар болж болох юм. Энэ нь загасчинд загас аваачиж өгөх биш, загас барих аргыг нь зааж өгч буйтай адил юм. Үүнээс эргээд гарах үр дагавар, хаялга нь ч өндөр юм. Бид бараа, бүтээгдэхүүнээ экспортлоод сурчихвал зээл тусламжаас хамааралтайгаар амьдрахгүй байх боломж алсдаа бүрдэнэ.

Монголдоо үйлдвэрлэл явуулан экспортлоод, ажилтнуудаа цалинжуулаад, гаднаас валют оруулж ирнэ гэдэг чинь жинхэнэ хөгжлийн загвар. Бид ийм байдлаар чөлөөтэй сэтгэж, шинэ шинэ гаргалгааг бүтээлчээр гаргаж ажиллах ёстой юм байна. ЖДҮ-дээ дэмжих өөр хувилбарууд ч байхыг үгүйсгэхгүй. Иймд тал талаасаа бодлоо уралдуулж, ЖДҮ-ээ дэмжиж ажиллая гэсэн үзэл санаан дээр хоёр тал байр сууриа нэгтгэсэн.

-Аргачлалын хувьд ямар байх бол?

-Яг ямар механизмаар хэрэгжүүлэх вэ гэдгээ хоёр талдаа ярилцана. Үүний зэрэгцээ өмнө нь Япон Улсын дэмжлэгтэй хэрэгжсэн хоёр үе шаттай зээлийн механизм байдаг. Энэ нь Монголд маш амжилттай хэрэгжиж, 17-18 мянга орчим ажлын байр бий болгож чадсан байдаг. Үүнийг одоо бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Иймд манайд дээрх зээлийн гурав дахь ээлжийг олгож эхлэхийг хүссэн.

Энэ нь эргээд ЖДҮ-үүдэд шууд байдлаар өгөөжөө бас өгнө. Бид мөн айлчлалынхаа хүрээнд бизнес уулзалт зохион байгуулсан. Манай ААН-үүд маш их урам зоригтойгоор тэнд ажиллалаа. Эхнээсээ хамтран ажиллах асуудлууд ч яригдаж байгаа талаар надад мэдээлэл ирж байна.

Тухайлбал, хонины ноосоор хийдэг барилгын дулаалгын материал үйлдвэрлэгч амжилттай гэрээ хийлээ гэж дуулдсан. Бас бус бизнес эрхлэгчид түншээ олсон гэж байсан. Ийм бодитой, үр дүнтэй байдалд хүрэхийг л эрэлхийлж ажиллалаа. ЖДҮ аж ажуйн нэгжүүдийг дэмжих чиглэлд бас нэг онцлох зүйлийг санал болгосон байгаа.

-Тэр нь юу вэ?

-Японы ахмад мэргэжилтнүүдийг Монгол руу авч ажиллах санал тавьсан. Тэд бүх насаараа үндэснийхээ томоохон үйлдвэрүүдийг босголцоход хувь нэмрээ оруулсан хүмүүс. Японыг босгож ирсэн туршлага тэдний тархинд бэлэн байгаа. Улсаасаа асар өндөр тэтгэвэр авдаг учраас тэд биднээс мөнгө гуйхгүй. Тэдэнд мөнгө чухал биш. Өөрсдийнх нь саналуудыг авдаг, тэдгээрийг нь бодит ажил хэрэг болгохыг хүсдэг байвал баярладаг хүмүүс.

Олон улсад ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх практик байдаг. Үүнийг ашиглах боломж бидэнд байгаа юм. Манай улсын аж ахуйн нэгжүүдийн захиалгаар тухайлсан салбаруудад хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг зөвлөх байдлаар урьж ажиллуулна гэсэн үг.

Тэд зөвлөмжөө өгөөд, нөхцөл байдлыг сайжруулчихаад л яваад өгнө. Бас тэдгээр хүмүүс тус тусынхаа салбарт багагүй танилын сүлжээ бий болгодог. Эдгээр боломжийг бид ашиглах хэрэгтэй. Ер нь ийм байдлаар шинэлэг санаанууд дээр бид хоёр талаасаа идэвхтэй ажиллахаар тохиролцсон.

-Айлчлалын үеэр яригдсан эдгээр санаанууд ажил хэрэг болох, хурдан хугацаанд биеллээ олох бодит боломж нь хэр байгаа бол?

-Боломж байгаа. Гэхдээ гол нь төр бизнесүүдийн урдуур нь орж, ажлыг нь авч хийх гэж зүтгэх гэдэг утгаар ойлгож хэрхэвч болохгүй. Хувийн салбарынхны үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гаргаад, зарах нөхцөл боломжийг нь тэлэхийн төлөө л ажиллах ёстой. Зарим захиргааны шинжтэй саад тотгорыг нь хөнгөлөх шаардлага ч байна. Бид сая чөлөөт худалдааны хэлэлцээрийнхээ хүрээнд хамтарсан хороогоо хуралдуулах саналыг айлчлалын үеэр тавилаа.

Ингэж байж бид бараа, бүтээгдэхүүнээ чөлөөтэй нэвтрүүлэх гарцаа олно. Бараа бүтээгдэхүүний экспортыг яг судлаад үзэхээр нэвтрэлт дээр техникийн шинж чанартай жижигхэн асуудлууд цөөнгүй гардаг. Хүний нутгийн зах зээл рүү нэвтрэхийн тулд чанар, стандарт шаардлагыг нь хангах үүрэг хүлээдэг.

Зарим асуудлыг нь техникийн хувьд шийдэж болохоор байдаг хэдий ч түүнийг нь манайхан тэр бүр мэдэхгүй байх тохиолдол багагүй байдаг. Бид 800 зуу орчим төрлийн бараа, бүтээгдэхүүн гаргах боломжтой гэж байгаа ч тодорхой шалтгаанаар энэ хэмжээнд нь хүрч гаргаж чадахгүй байна. Эдгээр саад тотгорыг бид даван туулдаг болохын төлөө ажиллах ёстой.

Японы мэдээлэл технологийн компани манай улсад хөрөнгө оруулахаар болсон нь айлчлалын тань үеэрх чихэнд чимэгтэй мэдээллийн нэг байлаа?

-Бидний айлчлалын үеэр Японы мэдээллийн технологийн “Дэнцу” компани Монголд хөрөнгө оруулахаар болсон тухайгаа илтгэж, тусгайлан уулзалт зохион байгуулагдсан. Энэ компани дөрвөн жилийн хугацаанд 400 инженер бэлдэнэ. Тэгээд зогсохгүй  тэдгээр монгол инженерүүдээрээ дамжуулаад программ хангамжийн бүтээгдэхүүн боловсруулах юм билээ.

Бүтээгдэхүүнээ Япон руу болон дэлхий дахин руу экспортлох зорилт тавьж байгаа гэсэн. Үндсэндээ энэ бол бидний мөрөөдөөд байгаа зүйл. Программ хангамж бол галт тэргээр тээвэрлэх шаардлагагүй зүйл. Товчлуур дараад л дэлхийн хаана ч илгээн хүргэж болно. Ийнхүү хялбархан “тээвэрлэх” бүтээгдэхүүний нэмүү өртөг харин галт тэрэгний хэдэн цуваа түүхий эдтэй тэнцэж болзошгүй, эдийн засгийн ашиг нь асар өндөр. Тэгэхээр энэ нь өөрөө манайд маш том боломжийг нээж өгч буй хөрөнгө оруулалт юм.

-БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ НЬ БИД БҮГДИЙН 
ДУНДЫН УХАГДАХУУН-

-Таны айлчлалын үеэр Зүүн хойд Азийн орнуудын аюулгүй байдлын асуудал сөхөгдөж яригдсан нь анхаарал татлаа. Та үүн дээр тодорхой байдлаар байр сууриа дотоодын хэвлэлд илэрхийлсэн нь зөв байх?

-Стратегийн түнш орнуудын хооронд аюулгүй байдлын чиглэлийн хамтын ажиллагаа яах аргагүй яригддаг. Бүс нутгийн аюулгүй байдал гэдэг нь бид бүгдийн дундын ухагдахуун. Тэнд аливаа нэг улс орон аюултай байдалд байхад худалдаа, хөрөнгө оруулалтаараа холбоотой өөр улсууд дагаад эрсдэлтэй байдалд орж байдаг. Энэ утгаараа Японы болон манай бүс нутгийн аль ч орны аюулгүй байдал хүссэн хүсээгүй манай аюулгүй байдалтай холбоотой л байдаг.

Тиймээс ч аюулгүй байдлаа бид бүс нутгийн орнуудтайгаа цогцоор нь авч ярьж байх шаардлага үүсдэг. Өнөөгийн нөхцөлд бүс нутгийн аюулгүй байдлыг ярихад НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолууд гарцаагүй яригддаг. Уг тогтоол хоригууд манай бүс нутгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Эдгээрийг хэрэгжүүлэх үүргийг дэлхийн улс орнууд бүгд жигд хүлээгээд байгаа.

Иймд бүгд л хэрэгжүүлж байгаа. Бид ч мөн адил. Түүн дотроо Зүүн Хойд Азид оршиж буй бүх орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол, хоригийг хэрэгжүүлж байгаа. Бид эндээс сугарч үлдэх тухай ойлголт байхгүй. Хэрэв тэгвэл бид өөрсдөө хоригт орно. Монгол Улсыг ийм эмзэг үед бид гадаад бодлогыг хариуцан ажиллаж байгаа байгууллагын хувьд аливаа хориг, хаалтад өөрийн улсыг оруулахаас сэргийлж ажиллах ёстой.  

-Хойд Солонгос улсад энэ нөхцөл байдлаа хэлж, ойлгуулсан уу? 

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заавал дагаж мөрдөх тогтоолыг улс орнууд ямар ч сонголтгүйгээр дагаж мөрдөх ёстой. Энэ байдлаа бид Хойд солонгосчуудтайгаа ч ярьж байгаа. Бид НҮБ-ын гишүүн орон учраас үүргээ биелүүлж байгаа гэдгийг тайлбарласан. Үүнийг хоёр утгагүйгээр тал талдаа ойлголцохоос өөр гарцгүй.

ХОЁР: БУСАД АСУУДЛААР...

ГИШҮҮН БОЛОН САЙДЫН АЖЛАА ДАВХАР АМЖУУЛАХАД 
ХЭЦҮҮ БАЙДАГ. ГЭХДЭЭ...-

-Шинэ засгийн газар 100 хувь давхар дээлтэйгээр бүрдэж, ажлаа явуулж байна. Нийлэмж, зохицол нь хэр байна вэ?

-Сая би Японы парламентынхантай уулзахдаа манай тэргүүний залуучуудыг туслахаараа ажиллуулж, дадлагажуулаач ээ гэсэн санал тавьсан. Японы ажиллах арга барил, шийдвэр гаргах механизмын судалгаа зэрэг нь манай залууст маш чухал нөлөө үзүүлнэ. Ингэж байж бид лидер түвшинд ажиллах залуусаа бас бэлтгэх юм. Залуус маань ингэж боловсорч байж, асуудлыг илүү бодит, алсын хараатай өнцгөөс сэтгэж, хандаж сурна.

Ер нь олон зүйлийг сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээр биш, үндэслэл судалгаатайгаар сурч мэдэх боломжтой болох юм. Жишээ нь, бид өнөөдөр Вестминстерийн парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улс мөртлөө дан, давхар дээлээ яриад л баахан мэтгэлцэцгээж суув. Тэнд очоод дадлага хийчихсэн залуус ирээдүйд улс төрч болж төлөвшихдөө ядаж л дан, давхар дээлний асуудлаар сүржигнэхгүй төлөвшилтэй, мэдлэг мэргэшилтэй болно гэсэн үг юм. Уг нь энэ нэг их анхаарал хандуулах асуудал биш.

Кабинетын гишүүд парламент дотроосоо байх уу, гаднаас байх уу гэдгийг тодорхой тоон босго, хязгаар тавьж зохицуулдаггүй. Кабинетын гишүүн ажлаа хийх чадвартай байхын зэрэгцээгээр засаг тогтвортой байх ёстой. Энэ хоёр шалгуурын огтлолцол дээр үндэслэн засгийг бүрдүүлэхэд практик дээр ихэнхдээ парламентын гишүүдээс бүрдсэн засаг л байгуулагддаг.

Олон улсад байгаа ерөнхий практик нь энэ. Ардчилсан хөгжлийн 200 гаруй жилийн түүх нь засаг төр тогтвортой байж л улс орон хөгждөг юм байна гэдэг ойлголтыг бий болгосон. Өөрөөр хэлбэл систем өөрөө өөрийгөө боловсронгуй болгосоор энэ практик хэлбэржсэн байдаг.

-Олон Улсад  байгаа энэ хэлбэр манайд хэр нийцэлтэй юм. Жижиг тойрогтой, маш их аж ахуйн ажил амжуулдаг УИХ-ын гишүүн дахиад яам удирдана гэдэг чинь бас л хүнд биш үү. Жишээ нь, таны хувьд тойрог, яамны ажил хоёроо зэрэгцүүлж амжуулах нь хэцүү байгаа биз дээ?

-Парламентын засаглал өөрөө илүү ихийг хий, зүгээр сууж болохгүй гэж шахдаг. Мэдээж надад гишүүний болон сайдын ажлаа амжуулахад хэцүү байдаг. Байнгын л ачаалалтай ажиллаж байгаа. Ардчиллын систем өөрөө хүнийг байнгын шахаж ажиллуулахаар “зохиогдсон” байдаг онцлогтой. Төрийн албан хаагчдыг иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллуулахаар зохиогдсон.

Ажил нь гологддог, шүүмжлүүлж загнуулдаг. Илүү сайн ажиллахыг шахдаг. Яг ийм байдлаар хэрэгжихээр зохиогдсон. Бусад орны ч засагт байгаа парламентын гишүүд толгой өндийлгөх завгүй ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улс давхар дээлээр онцгойроод байгаа юм биш. Бусдын л хүрсэн төлөвшил рүү амьдралын шаардлагад шахагдан орж байгаа юм.

Угаас монголчууд бид парламентын системийг зохиогоогүй. Гаднаас авчирсан. Бид гаднаас машин оруулж ирчихээд монгол уламжлалт аргаараа явах ёстой гээд, жишээлбэл, дулаалгын системийг эсгийн жийргэвчээр сольдоггүй биз дээ. Солилоо ч тун удалгүй үйлдвэрийн стандарт руу нь л буцаад орно. Яг үүнтэй л ижил.

-Гэхдээ танай танхим УИХ дээр асуудлуудаа хамгаалах зорилгоор нэг намын ухвар гэмээр бодлогоос үүдэлтэй л 100 хувь давхар дээлтэйгээр бүрдсэн биш үү. Өмнөх Засгийн газрын оруулж ирсэн асуудлууд нь унаад байсан учраас шинэ Ерөнхий сайд нь өөр арга хэрэглэсэн?

-Дэлхийн бусад улс орнууд тэгэхээр ухвар мөчид замаар явж ирсэн болж таарах уу. Амьдрал дээр энэ чинь маш олон янзаар хэрэглэгдэж үзсэн. Эцсийн мөчид энэ нь зөв юм байна гэж үзсэн. Ийм л ойлголт. Та хэлж байна. Оруулж ирсэн асуудал нь УИХ дээр унаад байдаг учраас гэж.

Асуудлууд унаад байхаар Засгийн ажил явахгүй. Ажил явахгүй удаашрахаар эдийн засаг хүндэрч, үүнийх нь төлбөр төлөөсийг энгийн ард иргэд үүрдэг. Ийм байдал үүсгэхгүйн тулд УИХ дээр бодлогоо хамгаалах зайлшгүй шаардлага үүсдэг. Ганц бид биш. Парламентын засаглалтай ихэнх орнууд ийм байдлаар явж байна. Австрали, Шинэ Зеланд, Япон, Канад, Энэтхэг, Их Британи, Нидерланд, Испани, Герман гээд жишээ дурдвал олон орныг дурдаж болно.

-Зарим Гадаад харилцааны сайдыг хэт нэг хүний (нэг улс төрийн хүчний) бодлоор гадаад бодлогыг тодорхойлж байсан гэж шүүмжлэх үе байсан. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Үе үеийн Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын төлөө харж болох хамгийн оновчтой хүрээнд асуудлыг харан бодлого үйл ажиллагаагаа боловсруулж ирсэн гэж би боддог. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд, Монгол Улсын гадаад бодлого төрийн бусад институци дотроосоо хамгийн тогтвортой, зарим утгаараа боловсронгуй нь болж төлөвшсөн гэж би итгэдэг.

Энэ жижигхэн Монгол Улс тань дэлхийн 7 тэрбум  хүнтэй яаж зохицож, яаж өөрийгөө таниулж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зэргээ маш өвөрмөцөөр боловсруулчихсан улс. Түүнийгээ дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлчихсэн. Монголын хичнээн зүйлийг дэлхий даяараа зөвшөөрсөн байдаг билээ дээ? Ингээд бодохоор бас их боломжийн түвшинд боловсронгуй болжээ гэж хэлж болохоор байгаа биз? Бид гуравдагч хөршийн бодлого гээд л ярьдаг.

Энэ чинь өөр оронд байхгүй зүйл. Монгол Улс, монгол тархи л гуравдагч хөршийн бодлогыг бодож гаргаж ирсэн юм. Бүх улс орон яаж ийм зүйл бодож гаргаж ирэв гэж биднийг гайхдаг. Бидэнд болохгүй зүйлс бий. Гэхдээ болж, бүтэж байгаа нь ч багагүй бий. Үүнийгээ зөв зохистой үнэлж, дүгнэж сурах хэрэгтэй юм болов уу.

-ТОМ ТӨСЛҮҮД ДЭЭРЭЭ БИД ӨНӨӨГ ХҮРТЭЛ НЭГДСЭН БАЙР СУУРИНД 
ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Та сайдаар томилогдож ирээд яамандаа халаа сэлгээ их хийсэн үү?

-Гадаад харилцааны яам маш сайн төлөвшилтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй газар гэж би боддог. Миний хувьд яам маань гэр шиг л санагддаг. Эндээс би олон зүйл сурсан. Ер нь хэн ч ирсэн юм сургаад л байдаг газар. Улс орны гадаад бодлогыг зангидаж байдаг маш чухал салбар учраас тогтвортой байх нь чухал.

Тийм ч учраас илт улс төрийн зорилгоор томилогдсон, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй ажиллахгүй гэдгээ би анхнаасаа тодорхой хэлсэн. Энэ дагуу л ажлаа явуулна. Гэхдээ манай яамныхан ер нь ажлаа сайн хийдэг баг. Дипломат албанд удаан ажилласан хүнийхээ хувьд боловсон хүчнүүдээ би маш сайн таньдаг.

-Олон сайдын үед л яригдаад өнгөрдөг учраас заавал асуумаар байна.  Манай улсын уул уурхайн салбарын орлогын үүд хаалга болсон Гашуун сухайт боомт таны үед олон улсын статустай болж чадах болов уу?

-Гашуун сухайт боомтыг олон улсын статустай болгох асуудлыг олон жил ярьж байна. Харамсалтай нь ажил хэрэг болохгүй байсаар өнөөдөртэй золгосон. Ганц биднээс хамаарахгүй асуудал учраас амаргүй байх нь ойлгомжтой. Би БНХАУ-д айлчлах үеэрээ энэ асуудлыг урд хөршийн талд сөхөж ярьсан. Асуудал нь урд хөршөөс шалтгаалдаг гэхээсээ илүү биднээс л шалтгаалах юм билээ.

Манай тал асуудлуудаа цэгцлэх ёстой. Гол нь асуудлаа цогцоор нь шийдэхийг айлын тал эрэлхийлж байгаа. Өмнөд хөршийн тал ганцхан өөрсдөөс нь нэгэн зүйл шаардаад, хүсээд байхын оронд манай талыг өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй байгааг сануулж байгаа.

Тэгвэл аливаа зүйл тэнцвэртэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харилцан ашигтай байдлаар асуудлаа шийдье гэсэн зарчим л яриад байгаа юм. Харин тэр нь яг ямар байх вэ гэдэг дээр бид бүгд толгойгоо ажиллуулж шийдэл гаргах ёстой.

-Биднээс шалтгаалсан гэхээр том төслүүд дээрээ нэг талдаа гар гэсэн үг юм уу?

-Ер нь бол тийм. Том төслүүд дээрээ бид өнөөг хүртэл дотооддоо нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. Том төслүүд хөдөлж байж, бүтээгдэхүүнээ тэр хаалгаар нэгдсэн зохион байгуулалттайгаар гаргах боломж бүрдэнэ. Бид эцсийн гаргалгаагаа хийгээд очих нь л чухал байгаа юм.

-Олон Улсын арбитрын шүүхийн хэд хэдэн удаагийн шийдвэр манайхыг улс төрийн хэрүүлээ ид хийж байх бужигнаантай үеэр гарсан нь анхаарал татлаа. Тухайн үед Гадаад харилцааны яаман дээр энэ талаарх мэдээлэл ирж, та бүхэн Засгийн газарт уламжилж байсан уу?

-Арбитрын шүүх дээр Хууль зүй, дотоод хэргийн яам Монгол Улсыг төлөөлж байгаа. Бид туслах, шаардлагатай үед хэрэгцээтэй мэдээллээр хангах үүрэгтэй. Бидний тусламж хэрэгтэй гэсэн үед нь шаардлагатай зүйлсээр бид оролцоогоо хангаж ирсэн. Тэгэхээр мэдээлэл нь ХЗДХЯ-нд тухайн үед ирж байсан л гэж би ойлгож байгаа.

Ж.МЯДАГБАДАМ, ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН