Д.Цогтбаатар: Хоёр орон визгүй зорчих нөхцөлийг одооноос бүрдүүлэх хэрэгтэй
2018.02.27

Д.Цогтбаатар: Хоёр орон визгүй зорчих нөхцөлийг одооноос бүрдүүлэх хэрэгтэй

Мэдээллийн технологийн 400 инженерийг Японд бэлтгэнэ

Монголын хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнесийн шинэ санаа олох, Азийн хоёр дахь том эдийн засагт бүтээгдэхүүнээ экспортлох зорилго тээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалын бүрэлдэхүүнд багтан Япон улсыг зорьсон.

Токио хотноо болсон Монгол, Японы эдийн засгийн форум бол Гадаад харилцааны сайдын айлчлалын хөтөлбөрийн нэг хэсэг. Японы 200 гаруй компанийн төлөөлөл Монголын аж ахуйн нэгжүүдтэй түншлэх, Монголд хөрөнгө оруулах, манайхаас бүтээгдэхүүн экспортлох, хамтран ажиллах боломжийг судлахаар тус форумд ирсэн аж.

Тэд мөн Монгол Улсад хөрөнгө оруулахад улс төр, эдийн засгийн таатай үе мөн эсэхэд баттай хариулт авах сонирхол их байсан аж.

Хэдийгээр Япон улсыг бид манай гуравдагч хөрш гэж үздэг ч тус улсын бизнес эрхлэгчдэд Монголын талаарх мэдээлэл хангалттай биш. Тиймээс ийм мэдээллийг Японы бизнесийнхэнд өгөх нь тус форумын бас нэгэн зорилго байв.

Асар өндөр түвшинд хөгжсөн Японы технологид тулгуурлан түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн олон ул¬ сын зах зээлд гаргах талаар монголчууд ярьдаг. Хэдийгээр энэ нь улиг болсон хуучин сэдэв мэт сонсогдож магадгүй ч манай бизнес эрхлэгчдийн хувьд ч дээрх зарчмаар ажиллах ёстойг баталж байна.

Учир нь Японы зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд нутагт нь хүлээн зөвшөөрөгдсөн техник технологиор бараагаа үйлдвэрлэх шаардлага бий болсон. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Япон руу татваргүй бараа нийлүүлж байгаа тохиолдолд уг бүтээгдэхүүний материал, технологи нь зөвхөн тус хоёр орны аль нэгэнд нь үйлдвэрлэгдсэн байх шаардлагатай юм. Ингээд бодохоор Япон технологийг нутагшуулахаас хоёр орны бизнесмэнүүдийн хамтын түншлэл эхлэх ёстойг форумын үеэр онцолсон байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Айлчлалын хү¬ рээнд тохиролцсон асуудлын нэг нь мэдээллийн технологийн чиглэлээр ойрын жилүүдэд Монголоос 400 инженер бэлтгэхээр боллоо.

Улмаар Монголд “Мэдээллийн технологийн төв” байгуулахаар тохиролцсон. Энэ бол маш сайхан мэдээ. Ингэснээр Монголд энэ чиглэлээр гаднын, ялангуяа Японы хөрөнгө оруулалт орж ирнэ. Улмаар Монголын боловсон хүчнүүдийг сургаж, бид программ хангамжийн боловсруулалтыг өндөр түвшинд хийдэг болно. Программ хангамж хөгжүүлэхийн ач холбогдол их.

Түүнийг экспортлохын тулд вагонд ачих шаардлагагүй. Ганц товчлуур дараад л дэлхийн аль ч өнцөг рүү экспортлох боломжтой. Хичнээн вагон нүүрсний үнэтэй программыг нэг товчлуураар л борлуулж болж байна” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

Японы хөрөнгө оруулагчдын зүгээс ч Монгол Улс цаашид худалдаа, эдийн засгаа хөгжүү¬ лэхийн тулд техник технологийн салбарт боловсон хүчин бэлтгэх хэрэгтэйг зөвлөсөн байна. Тус улсын “Дэнцү” компанийн менежер Мизүта Ясүши “Манай орны хувьд яг одоо хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхээр шинэ салбарууд нээгдэж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байгаа гэсэн үг юм.

Гэхдээ үүнд тулгарч байгаа гол бэрхшээл нь боловсон хүчин. Хиймэл оюун ухааныг ашиглаад, ажиллах чадвартай боловсон хүчин манайд бий ч хүрэлцээтэй биш. Технологийн салбарт Монголоос инженерүүд ирж манайд ажилладаг. Тиймээс цаашид техник технологио хөгжүүлэн хиймэл оюун ухааны салбарт хүмүүсээ ажиллуулбал ашиг, амжилт олох боломж асар их байна. Энэ тал дээр хоёр улс хамтран ажиллахаар боллоо” гэсэн юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ САЛБАРААС АСАР ИХ АШИГ ОЛОХ БОЛОМЖ БИЙ

Түүнээс стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд улс төрийн харилцаагаа улам бэхжүүлэх ёстойг талууд дурджээ. Ялангуяа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд хоёр улсын зах зээлд урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Япон улcын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн Японы Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзсан аж.

Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэм¬ лэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсоныг Гадаад харилцааны яамны албан мэдээнд дурдсан байв.

ЖАЙКА байгууллагын хувьд өнгөрсөн хугацаанд Монголд хоёр үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр гурав дахь шатны хөтөлбөрийн талаар санал солилцжээ.

Энэ хүрээнд ЖАЙКА ирэх дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт “Нэмүү өртгийн сүлжээ” байгуулах мастер төлөвлөгөө боловсруулсан байна. Ингэснээр манайх хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээ Япон улсад экспортлох боломж бий болох аж.

Сайд Д.Цогтбаатар мөн хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцөлийг одооноос бүрдүүлж ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ.Тэгэхдээ иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болсон байна.