Монгол Улсад иргэдийн орон байртай байх эрх зөрчигдөж байна гэв
2018.02.22

Монгол Улсад иргэдийн орон байртай байх эрх зөрчигдөж байна гэв

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас 2017-2018 онд 159 улс орны хүний эрхийн нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр тайлан гаргажээ. Тайланд тусгагдсан Монгол Улсын хүний эрхтэй холбогдолтой асуудлын талаар өнөөдөр тус байгууллагын Монгол дахь салбар олон нийтэд танилцуулж, уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа үг хэллээ.

Тэрээр: “Эмнести Интернэшнлийн судалгааны тайланг хүний эрхийн одоогийн төлөв байдлыг тодорхойлоод, үүнээсээ цаашид анхаарах, алдаанаасаа сургамж авахыг сануулах зорилгоор хийж, олон нийтэд танилцуулдаг” хэмээн өнөөдрийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Уулзалтад Монголын Эмнести Интэрнэшнлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан, Ийгл телевизийн олон улсын тоймч Г.Ганбаяр, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ж.Баттогтох, Монголын Эмнести Интрнэшнлийн хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, дэд профессор О.Мөнхсайхан нар оролцож илтгэл тавьлаа.

Тус байгууллагын Монгол Улсад хийсэн хүний эрхийн судалгаагаар дараах эрхүүд зөрчигдөх эрсдэл байна хэмээн тогтоожээ.

ЦААЗЫН ЯЛ

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цаазын ялыг бүрэн халсныг сайшаан тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч хууль үйлчлээд гуравхан сарын хугацаа ч өнгөрөөгүй байхад нийгэмд бий болсон сүр дуулиантай гэмт хэргүүдтэй холбогдуулж, цаазын ялыг сэргээх асуудлыг судлахаар Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа нь том ухралт болж байна гэж үзжээ.

ЭРҮҮДЭН ШҮҮХ

Эрүүдэн шүүх зөрчил бий болсон тохиолдолд тусгайлан хянан шалгадаг хараат бус тусгай институтын асуудлыг эргэн харахыг зөвлөжээ.

Монгол Улсад энэ чиг үүргийг хариуцдаг байсан Прокурорын дэргэдэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах алба гэж байсныг татан буулгаад, 3 жилийн нүүр үзэж байгаа юм. Хараат бус институт байгуулахгүй бол мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэг албан хаагч нөгөөгөө шалгах нь нэр төдий хэрэгжиж байна гэдгийг хүний эрхийн олон байгууллага үзэж байна.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД

Хүний эрхийн зөрчлийг, улс төрчид болон аливаа байгууллагын шударга бус байдлыг ил болгож, илрүүлэн гаргаж ирсэн шүгэл үлээгч нарын эрхийн асуудал Монгол Улсад хангалтгүй байна гэдгийг дурджээ.

2017 оны 9 сард НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч Монгол Улсад айлчилсан. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад хүний эрхийг хамгаалагч шүгэл үлээгчийг хамгаалах хамгаалалтын эрхзүйн орчинг хангалтгүй байгааг илтгэлдээ дурдаж байсан аж.

ОРОН БАЙРТАЙ БАЙХ ЭРХ

Нийслэл хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд шаардлага хангасан орон байртай байх эрхэд хохирол учруулж байна хэмээн тэд үзэж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй холбоотой.

Тухайлбал, хүний эрх зөрчигдөхгүй байх хангалттай орчинг бүрдүүлсэн хууль эрхзүйн орчин дутагдалтай байна. Эрх нь зөрчигдөж байгаа хэдэн зуун иргэдтэй “Эмнести Интернэшнл” байгууллага харьцах явцад хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүй байгааг ажиглажээ.

Тав гаруй жилийн хугацаанд төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэний улмаас газраа чөлөөлсөн, орон байраа нураалгасан иргэд нүүдлийн байдалтай амьдарч байгаа цаг үед түр орон байраар хангах гэдэг төрийн үүрэг хариуцлагыг бэхжүүлсэн хууль эрхзүйн зохицуулалт үндэсний түвшинд ямар ч хуулинд бэхжигдээгүй байна.

Олон улсын түвшинд түр орон байраар хангах ёстой гэдэг үүрэг амлалтыг тус байгууллагын зүгээс Нутгийн захиргааны байгууллага болон Төрийн захиргааны байгууллагад удаа дараа тавьсан боловч тэдгээр байгууллагууд үндэсний хэмжээнд хууль эрхзүйн зохицуулалт байхгүй гэдэг шалтаг шалтгаанаар шаардлагатай арга хэмжээг авахаас татгалзсаар ирсэн байна.

Түр орон байраар хангалаа гэхэд тэр нь ямар нэгэн олныг хамарсан тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой, эсвэл сонгуулийн кампанит ажиллагаатай холбоотойгоор л хийгдэж байна гэж тэд харж байна. Засгийн газрын тогтоолоор иргэдийн өмчилж байгаа газрыг түр нөхөн олговор олгох замаар буцаан авах зохицуулалт үндсэн хуулийн гол зарчим болсон хуулинд заасан процедурын дагуу хийгдэхгүй байна. Иргэдийн хувьд Засгийн газрын тогтоол гарсан эсэхийг ч мэдэхгүй байна. Иргэд хот суурин газрыг дахин тохижуулах тухай мэдлэг эрхзүйн зохицуулалт, өөрсдийн эрхээ хамгаалах талаар бүрэн мэдээлэл маш хомс байгаа аж.

МАЛЧДЫН ЭРХ

2017 оны 9 сард Эмнести Интернэшнл байгууллагын судлаач Монгол Улсад иржээ. Тухайн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин иргэдтэй уулзаж, бодитоор бэлчээр дээр очиж хүний эрхийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Энэ явцад цэвэр усаар хангагдах, орон байртай байх, хөрөнгөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг суурь эрхүүд зөрчигдөж байгааг олж тогтоожээ. Иргэдийн хувьд газраа чөлөөл гэж албадсан зүйл байхгүй гэдгээ хэлж байсан ч хүн бүү хэл амьтан амьдрах аргагүй болтол 24 цагийн туршид дуу чимээтэй, тоосжилттой орчинд хэр удаан хугацаанд амьдрах чадах вэ гэдгийг иргэд мэдэхгүй байна гэдгээ ярьж байжээ.

Энэ бол зөвхөн нэг малчны асуудал биш нүүдэлчин соёл иргэншлийг хадгалан авч үлдэх эсэх асуудал цаанаа яригдаж байгаа гэдгийг онцоллоо.

ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ

2017 оны 7 сараас үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарласан. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулийн хүрээнд мэдээллээ чөлөөтэй хүргэх асуудал дээр айдастай байдлыг бий болгожээ.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ

Хүний эрхийг хамгаалагч нарынхаа эрхийг хамгаалах эрхзүйн орчинд шинэчлэл хийх шаардлагатай. Шударга ёсны төлөө дуу хоолой хүргэж байгаа жирийн иргэд ялгаварлан гадуурхалтад өртөх, ажлын байргүй болох зэрэг томоохон эрсдлүүд байна гэдгийг олон улсын түвшинд судалгааны тайланд дурдсан байна.


Б.Алтантуяа: ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДИЙГ хамгаалах шаардлага зайлшгүй байна.

Уулзалтын эхэнд Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяагаас ярилцлага авлаа.

-Эмнести Интрнэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд хүний эрхийн асуудал ямар хэмжээнд явж байна вэ?

-Өнгөрсөн жил дэлхийн дахинд маш олон улстөрчид, ялангуяа увайгүй, үзэн ядалтыг турхирсан улстөрчид нэмэгдсэнээр хүмүүс хоёр туйл руу талцаж байна. Үүний жишээ Монгол Улсад ч гэсэн харагдаж байна. Тухайлбал, сонгуулийн үеэр хүмүүс талцаж, зөвхөн утааны асуудлыг ярихад хүртэл хоёр талд хуваагдаж байна.

Өнгөрсөн жил тодорхой хэмжээний ололт амижлтууд дэлхий дахинд гарсан. Түүний нэг нь олон улсын эрүүгийн шүүхээс татгалзаж, хүн төрөлхтний өмнө гэм нүгэл хийсэн удирдагчдыг шүүхийн өмнө аваачих томоохон алхмууд өрнөсөн.

Мөн охид эмэгтэйчүүдийн эсрэг, хүний хувийн орон зайтай байхын эсрэг байсан элдэв хязгаарлалтыг халж, өөрсдийнхөө эрхийг тунхаглахын төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн, хүний эрхийг хамгаалагчдын хөдөлгөөнүүд бол дэлхий дахинд ялалт байгуулсан.

Түүнчлэн бусдыг үзэл суртлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа бодлогын эсрэг үгээ хэлж байгаа залуу үеийнхэний хөдөлгөөн гарч ирж, дэлхий дахинд хэд хэдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөлөө. Үүний үр дүнд Украйнь, Молдавт иргэний нийгмийг хумих гэсэн бодлого, үндсэн хуулийг дордуулах гэсэн бодлогуудын эсрэг томоохон ололт амжилтууд дэлхий дахинд гарлаа гэж харж байна.

Үүнтэй зэрэгцээд дэлхий дахинд хүний эрхийг зөрчсөн маш балмад үйлдлүүд гарч байна. Үүний нэг нь өөрсдийн чинээлэг байдлыг эвдэн сүйтгэлээ гээд Европын холбооны улс орнууд дүрвэгсдийг адлах, хүн биш гэж үзэх хандлага нилээд гарсан. Үүний улмаас маш олон хүмүүс дүрвэгсдийн лагерт идэх хоол, эмчилгээнээс тасранги нөхцөлд амьдарч байна. Зарим нь газар дундын тэнгист гацаж, үй олноороо амь насаа алдаж байгаа жишээ байна. Мөн адлах бодлогын хор нөлөөг амсаж Минар улсад Рахинга иргэд үй олноороо зэрлэгээр хөнөөгдөж байна гэх мэт маш олон хүний эрхийн хүчирхийллүүд дэлхий дахинд гарсаар байна.

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал гараад 70 жил болж байхад бид бүхэн хүний эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байсаар байна. Дэлхий нийт гэлтгүй Монгол Улсад ч гэсэн хүний эрхээ хамгаалахын төлөө юу хийж чадах вэ?

-Хүн бүр адилхан тэгш эрхтэй, ижил үнэ цэнэтэй, хүн төрөлхтөн нэг гэр бүлийн гишүүд гэдгээ хүлээн зөвшөөрч, аливаа алагчлах бодлого явуулах, бухимдлыг дэвэргэх, үндсэрхэг үзлийг түгээн дэлгэрүүлэхээс татгалзах маш олон зүйлсийг Монгол Улсад хийх хэрэгтэй. Ингэхийн тулд иргэдийн хүний эрхийн мэдлэгийг хүн бүхэнд олгох, эрхээ шаардаж чадах, тэдний дуу хоолойг дэмжиж өгөх шаардлагатай.

Гэтэл дэлхийн олон оронд үгээ хэлснийхээ төлөө, эрх баригчдын буруутай үйлдлийг шүүмжилснийхээ төлөө маш олон иргэд амь насаа алдах, шоронд хоригдох, элдвээр ялгаварлан гадуурхагдах, хэвлэл мэдээллээр цоллуулах гэх мэтээр хохирч байна.

Монгол Улсад ч гэсэн хүний эрхийн төлөө дуугарч байгаа, хүний эрхийн хамгаалагчид, эрх баригчдын буруутай үйлдлийг шүүмжилж байгаа ШҮГЭЛ ҮЛЭЭГЧДИЙГ хамгаалах шаардлага зайлшгүй байна.

Мөн хөдөө орон нутагт ч ялгаагүй малчин соёл, уугуул иргэдийн амьдрах эрхэд заналхийлж байгаа усны хомсдол, уул уурхайгаас үүдэлтэй тоосжилт, хүн малгүй байгаль орчинд хүртэл заналхийлж байгаа асуудалд шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол иргэдийн эсэргүүцэл улам бүр нэмэгдэх хандлагатай байна.


Б.Болорсайхан: Малчдыг тоохгүйгээр уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг хөхүүлэн дэмжиж байна

Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан малчдын эрх зөрчигдөж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

-Монгол Улсад өнгөрсөн жил хүний эрхийн талаас ямар ахиц гарсан, мөн ямар ухралт хийгдсэн гэж та харж байна вэ?

-Дэлхий дахин болон бүс нутгийн хувьд эрх мэдлийн төлөөх тэмцэл, эрх мэдлээрээ далимдуулж, дарангуйлах, иргэдийн дуу хоолойг үгүйсгэх, өөрсдийн шийдвэрээ тулгах, эрх мэдлийн төлөө чаргууцалдан тэмцэлдэж, хүний эрх чөлөөг үл тоож, бусдын амьдралыг бусниулж байгаа явдал түгээмэл байна.

Монгол Улсын хувьд ялгаварлан гадуурхалтын асуудал байна. Хамгийн ойрын жишээ болох утааны нөхцөл байдлыг авч үзвэл гэр хорооллын иргэд утаа тарьж байна гээд орон сууц болон гэр хорооллынхонд хоорондоо талцаж, нэгнээ ялгаварлан гадуурхах тохиолдол байна. Утаа гэдэг бүх хүмүүст ижил нөлөө үзүүлж байгаа шүү дээ.

-Малчдын эрх ашиг зөрчигдөж байгаа тухай та илтгэлдээ онцолж байсан. Энэ талаар дэлгэрүүлж ярьвал?

-АНУ-д байгалийн хийг дамжуулахын тулд уугуул иргэдийн амьдралын хэв маягийг үл тоож, устгаж байгаа жишээ гарсан. Яг үүнтэй адил малчдын эрх ашиг хөндөгдөж байна. Уугуул хүмүүс гэж тодорхойлох боломжтой малчдын амьдрал өдөр, цаг, хором тутамд хямарч өөрчлөгдөж байна. Бэлчээрийн талхагдалт, цаг уур амьсгалын өөрчлөлт, малын сүргийн тоо толгой алдагдсан зэргээс хамаатайгаар малчдын амьдрах хэв маяг өөрчлөгдөж байна. Гэтэл үүнийг тоохгүйгээр уул уурхайгаас хамаарсан эдийн засгийг хөхүүлэн дэмжиж байгаа нь уугуул хүмүүсийн эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах илэрхийлэл гэж харж байна.