2018.02.22

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй болно

Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталж, өнөөдрийг хүртэл нийт 24 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ирэх хаврын ээлжит чуулганаар ч Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Хуулинд орж буй томоохон өөрчлөлтийн талаар салбарын сайд ярилцжээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Уул уурхайн салбар хөгжсөнтэй холбоотойгоор залуус гэрээсээ алслагдмал байдлаар, олон хоног цагаар ажиллах хөдөлмөрийн харилцаа бий болсон. Тухайлбал, Оюутолгойд ажиллаж байгаа залуус 14 хоног ажиллаад, 7 хоног амрах гэх мэт гэрээсээ алс, олон цагаар ажиллаж байгаа залуусын ажил амралтынх нь горимыг одоогийн хуулиар зохицуулаагүй. Тиймээс шинэчилсэн найруулгаар тэдний ажлын горимыг нэг зохицуулалтаар оруулж байна.