Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2017.07.20

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.20) Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан сайжруулах, түүнчлэн Монгол Улс Дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болжээ.
Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, дараах зарчмын асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
1. Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг зөвлөмжийн хэлбэрээр, сонгон хэрэглэх, тэдгээрийг боловсруулах, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй, ил тод оролцооны тэгш байдлыг хангах, улмаар үйлдвэрлэл, худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд түүнийг иш татах, хууль эрх зүй, зохицуулалтын баримт бичигт эш татах замаар заавал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжих;
2. нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх;
3. үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийвчлан тогтоох, улмаар үйлдвэрлэл, худалдаанд байгаа техникийн элдэв саад тотгор, хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчныг бүрдүүлэх;
4. хуулийн нэр томьёог уг хуулийн төслийн агуулга, олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж, зааварт нийцүүлэх.
Хуулийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагийн зарим удирдах ажилтнууд Европын Холбооны улсуудын стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн эрх зүйн орчинтой танилцсан бөгөөд Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн шинжээчдээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.