Ж.Сүхбаатар: Хувьсгалч шинж чанараас илүүтэй хөгжлийн үзэл баримтлал уруу шилжиж ажилламаар байна
2010.10.11

Ж.Сүхбаатар: Хувьсгалч шинж чанараас илүүтэй хөгжлийн үзэл баримтлал уруу шилжиж ажилламаар байна

-Манай намд шинэчлэл яагаад хэрэгтэйг шулуухан хэлье. Бид сонгогчдын тавин хувийн дэмжлэг авч чадахаа болиод хоёр ч удаагийн сонгууль өнгөрлөө. Бидний орон зай тэлэхгүй байна. Энэ нь олонхийн санаа бодлыг төлөөлж, итгэп, дэмжлэгийг нь авч чадахгүй байна гэсэн үг. Ер нь дунд хугацааны хувьд харахад манай намд зохион байгуулалт болон үйл ажиллагааны шинэ өнгө төрх хэрэгтэй байгаа юм. Энэ талаас нь харвал манай намд шинэ орон зай, шинэ боломжийг олж авах шаардлага харагдаж байна. Шинэчлэл гэдэг шинэ боломж, шинэ орон зайд гарч ажиллахын нэр. Тэгснээр тэрхүү шинэ талбарт ажиллах шинэ хүмүүс, шинэ үзэл санаа, шинэ зохион байгуулалтыг санал болгож байж л түүнийг авдаг. Үүнтэй намын нэр ч холбоотой.

Гэхдээ энд "хувьсгалт" гэдэг үгийг ад үзээд байгаа юм биш. Нэгэн цагт тохирч байсан зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр нөгөө цагт тохирохгүй байх нь бий. XX зуун МАХН-ын хувьд бүхэлдээ хувьсгалч шинж чанараа хадгалсан байхаас аргагүй цаг үе байлаа. Энэ зуунд нийгмийн талаас нь авч үзвэл 1921, 1990 оны хоёр том хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, гүйцэлдүүлж чадсан нам. Одоо тэгвэл энэ зуунд бидний үүрэг ямар байх вэ. Урьд нь тусгаар тогтнохын төлөө зүтгэж байсан бол одоо улсын дайтай улс болох шаардлага бидний өмнө байна. Одоо бидэнд нийгмийн хувьсгал хийх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, хувьсгалч шинж чанараас илүүтэй хөгжлийн үзэл баримтлал уруу шилжиж ажилламаар байна. XXI зууны хөгжил хүнийг төвдөө тавьсан, хүмүүнлэг, тогтвортой байх ёстой. Энэ үүднээс хэлэхэд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд баримталж ирсэн ардчилсан социалист үзэл санаа бүрэн дүүрэн утгаараа социал демократ үзлийн шууд илэрхийлэл болж төлөвшсөн гэж хэлэхэд бүрхэг. Тийм учраас л үүнийгээ тодотгож, өмнөх үзэл баримтлалынхаа хүрээнд тодорхой болгож нийгмийн ардчилал хэмээн баяжуулж байгаа юм. Нийгмийн ардчиллын үзэл санаа зүүн төвийн үзэл баримтлалын хүрээнд байдаг маш тодорхой үзэл санаа.

Үндсэндээ МАХН нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг баримталж, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлдэг социал демократ чиглэлийн нам байна. Барууны чиг баримжаа руу хальтирч орох вий гэсэн зарим нөхдийнхөө санаа бодлыг ойлгож байгаа. Нэг тал нь шинэчлэх гээд, нөгөө тал нь шинэчлэлийг эсэргүүцээд байна хэмээн зааг  ялгаа тавьж хуваахаасаа илүүтэй нам дахь тодорхой хэсгийн санал бодол, шүүмжлэлийг сонсож, үйл ажиллагааны чиглэлээ намын удирдлагын зүгээс сайн танилцуулах арга хэмжээ авах ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.