Б.Энх-Амгалан: Урт хугацаандаа Улаанбаатар хотыг задлах бодлого хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.
-Засгийн газрын 100 хоног болж өчигдөр тайлангаа тавьж, олон нийтэд мэдээлэл хийлээ. Энэ мэдээлэлд татварын асуудлыг их ярьлаа. Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Татвартай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэл байна. Ер нь МАН, Засгийн газар эргэж буцсан шийдвэр гаргахаа хэзээ болих вэ?
-Татвартай холбоотой асуудлыг ярихын тулд эхлээд яагаад татвар нэмэх болсон бэ гэдэг шалтгааныг ярих ёстой. 2016 онд Засгийн эрхийг авахад Монгол Улсын эдийн засаг ямар болсон байсныг анхаарах нь зүйтэй. Тэр үед 17 хувийн өсөлттэй эдийн засгаас -1.4 хувийн уналттай болчихсон байсан. Дээр нь гадаад валютын нөөц хомсдсон, өндөр хүүтэй зээлийн хугацаа нь тулчихсан байсан. Монгол Улсад хоёрхон зам үлдсэн байсан. Нэг бол дампуурлаа зарлах, нөгөө бол ОУВС-тай тохиролцож, хөтөлбөрт хамрагдах зам байсан.
Тэр их хэмжээний зээлийг богино хугацаанд төлөх боломж байгаагүй учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан.
Хамрагдахдаа 3 зүйлийг бид онцгой анхаарсан. Нэгдүгээрт өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээлийг бага хүүтэй, урт хугацаатай хөгжлийн зээлээр солих асуудал. Хоёрдугаарт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын хэмжээнд буулгахгүй байх, хөрөнгө оруулагчдын илтгэлийг алдахгүй байх асуудал байсан. Гуравдугаарт, төсвийн сахилга батыг сайжруулах. Өмнө нь байсан олон төсвийг нэгтгэх асуудал байсан.
Энэ богино хугацаанд эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийг авсан. Тиймээс эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй, татварын орлого 500 орчим тэрбумаас давсан. Гадаад валютын нөөц нэмэгдсэн.
Эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд бид ОУВС-тай дахиж тохиролцоо хийж байна. Энэ тохиролцооны дүнд өчигдөр тэтгэврийн насыг эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд гарах эрхийг үүсгэсэн. Мөн өөрөө хүсвэл тэтгэврийн насыг сунгах бололцоо байгаа. Түүнчлэн 4 шатлалтай татварыг 1 шатлалтай болгож, буцаан 10 хувьтай болголоо.