2018.01.23

Ирэх оноос түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айчлалынхаа талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгчээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газартай хоёр зүйлд тохиролцсон. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэл болон төв суурин газарт оруулахгүй байх тухай тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын ирэх хаврын чуулганаар батлуулна гэсэн чиглэлтэй байна. Үүнтэй холбогдуулан утаагүй түлш үйлдвэрлэх, ер нь түлшний асуудлыг шийдвэрлэхээр болж байна” гэж мэдээллээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Түүхий нүүрсийг орлох" стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хангалттай хэмжээнд үйлдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлье гэдэгт төвлөрч ярьж байна. Хашаандаа дэд бүтцээ татуулаад орон сууцанд байгаа юм шиг тав тухтай амьдрах боломжийг бий болгохын тулд дэд бүтцийн төвүүдийг байгуулахаар судалж байна” гэлээ.


Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтын талаар ямар тохиролцоонд хүрэв?

-500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулах, ялангуяа Улаанбаатар хотыг орон сууцжуулахад голлон зарцуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ үнийн хувьд аль болох хямд байх бодлого барина.

-Утааг бууруулахын тулд зуух тараана гэж ярьж байна. Үүнд гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-Зуух тараалаа гээд үр дүн муутай болоогүй. Ерөнхий сайдын зүгээс цаашдаа зуух оруулж ирэхгүй байхад анхаарна. Зуух нь нүүдэлчдийн соёл, иргэншилтэй холбоотой. Ямар ч монгол хүн гэртээ галаа түлээд, галын дөл харж суух сонирхолтой байдаг учир энэ асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Тиймээс зуухыг хориглож, бүх айлыг зуухгүй болгоно гэвэл эрт байна. Дараагийн хуралдаанаар Засгийн газар агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний эцсийн хувилбарыг тодорхой гаргаж, танилцуулна.

-Сайжруулсан түлш илчгүй байдаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ түлшийг дахин боловсруулж хийхэд ямар зарчим барьж, хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Тиймээс үүнийг орлуулах сайжруулсан түлш хэрэглэх шаардлагатай болно. Ингэхийн тулд сайжруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудлыг ярина. Одоо сайжруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай нэг стандарт тохирч, хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.

-Утаагүй зуух тараах, сайжруулсан түлш хийх нь хэр оновчтой шийдэл вэ. Үүний оронд цахилгаанаар халаалтаа шийдэх нөхцөл боломжийг бүрдүүлж болохгүй юм уу?

-III, IV дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар БНСУ-тай ярилцсан. Энэ асуудлыг судална. Ойрын үед нийт гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл одоо байгаа хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс станцуудын хүчин чадлыг сайжруулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх нь чухал байна. Харин утаагүй түлш хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болох эрсдэлээс сэргийлж ажиллана.

-Татварын нэмэгдэлтэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 -Татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Засгийн газар эргэж авч үзнэ гэж байгаа. Энэ сарын 25-нд ОУВС-гаас хүмүүс ирнэ. Тиймээс татварын асуудлыг ойрын хугацаанд ярилцана. Засгийн газрыг огцруулах эсэх тухай хөндөх нь АН-ын асуудал. Харин “Засгийн газрыг огцруулах талаар МАН-ын бүлгийнхэн ярьж байна" гэсэн цуу яриа гадуур явж байна. Бид энэ Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж ажиллахын төлөө бүх талаас нь анхааруулах болно.

-Намрын чуулганы хугацаанд ямар томоохон асуудлыг шийдэхээр байна вэ. Тухайлбал, Үндсэн хуулийн асуудлыг хөндөх үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг ирэх хаврын чуулганы өмнө УИХ дахь бүлгүүдэд танилцуулна.

-Шатахууны үнэ өсчхомсдол бий боллоо. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Засгийн газар энэ асуудлаар шатахуун  импортлогчидтой ярилцаж байгаа. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Харин дизель түлш, А-95,  А-98-ын үнийг нэмэх асуудал яригдсан. 45 хоногийн шатахууны нөөц байгаа. Ганцхан шатахуун импортлогчидтой ойлголцох хүрээнд тодорхой асуудал байна. Зарим шатахуун түгээх станц санаатай, санамсаргүй үйлдлээр хомсдол бий болгож байгааг анхааралдаа аваарай гэж Засгийн газарт сануулсан.

Сэтгүүлч М.Энх