УИХ-ын гишүүд ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав
2018.01.09

УИХ-ын гишүүд ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2018.01.08) ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав. Бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нар байв.

Эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийв. Тэрбээр, салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх найм, шинээр боловсруулах зургаан хуулийн төсөл,  2018 онд хэрэгжүүлэх 11 үндэсний хөтөлбөр байгааг нэгбүрчлэн дурьдсан юм.

Салбарын сайд Б.Батзориг

Үүнээс “Хүлэмжийн аж ахуй” буюу гол нэр төрлийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, импортыг бууруулах төслийг тодотгов. Мөн “Ноолуур” үндэсний хөтөлбөрөөр нийт ноолуурын 60 хувийг дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээнд авч эргэлтийн хөрөнгийг бий болгох, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ээрмэл утасны үйлдвэрлэлийг гурав дахин, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилготой гээд, ингэснээр дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, 740 орчим сая ам.долларын экспорт хийж, шинээр 3600 ажлын байр бий болно гэдгийг онцлон хэллээ.

Мөн “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарах, өвчин тархах нөхцөлийг хязгаарлан, эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ гэлээ.

Сайдын танилцуулгын дараа ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар салбарынхаа талаар тоо баримттай дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шинээр өргөн барих зургаан хуулийн төслийг УИХ Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээд явна. Өргөн барих эдгээр хуулийн төслийн найруулга, үзэл санаа, чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль 2018 оны зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд анхаарч, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй” гэлээ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлж, яамны зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ.

УИХ-ын гишүүүн Д.Тэрбишдагва

Энэ үеэр УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.