Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ
2018.01.05

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ

Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрээр “Дэлхийн улс орнууд “Нэг төр, нэгдсэн нэг бүртгэл” буюу газрын нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой байх гэсэн зарчмаар ажилладаг. Гэтэл Монгол Улсад өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын бүртгэлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, уул уурхайн газрын бүртгэлийг

Ашигт малтмалын газар, тусгай хамгаалалттай газар нутгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, газар өмчлөх эрхийн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тус тусдаа хариуцаж байна. Энэ нь төрийн байгууллагын чиг үүргийн давхардал болгохын зэрэгцээ газрын сан нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байна. Энэ нь иргэдэд ч чирэгдэлтэй байна” гэлээ.

Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлэхэд бүртгэлээс өмнө төлөвлөлт нэгдсэн байх нь чухал. Засгийн газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинээр боловсруулах ажил хийж байгаа гэдгийг сайд тэмдэглээд яамд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоо тун хангалтгүй байгааг анхаарууллаа.

Засгийн газрын зүгээс баримталж байгаа иргэдэд чиглэсэн хөгжлийн бодлогын нэг бол газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Энэ хүрээнд газрын үнэ, үнэлгээ, төлбөртэй шууд хамааралтай бөгөөд газрын суурь үнэ, газрын төлбөрийн хувь хэмжээг зах зээлийн бодит үнэ, газар ашиглалтын зориулалт, газрын үр өгөөж, байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тогтоож, зах зээлийг нээлттэй уян хатан болгож, газрын төлбөр, татварын системийг боловсронгуй болгох юм