Байнгын хорооны дарга Канадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар энэ сарын 24-ний өдрийн 15.30 цагт Канадын Төрийн албаны хорооны Ерөнхийлөгч хатагтай Мэри Варрадосыг албан өрөөндөө хүлээн авч уулзав. Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхак, Канадын Төрийн албаны хорооны төслийн зөвлөх Кристана Витпоон, Төрийн албаны Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Элчин сайдын яамны мэргэжилтэн Б.Булган нар оролцлоо.
Уулзалтад оролцогсод Монгол, Канадын Төрийн албаны зөвлөлүүдийн үйл ажиллагааны чиглэл, адил төстэй зүйлүүдийн талаар санал солилцов. Хатагтай Мэри Варрадос зуун жилийн түүхтэй Канад улсын Төрийн албаны хорооны үйл ажиллагааны онцлог, арга туршлагаас танилцуулж, Монголын төрийн албаны чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Тухайлахад төрийн албаны мэрит тогтолцоог Монголын төрийн албанд нэвтрүүлэхийн чухал ач холбогдол, төрийн албан хаагчдын ёс зүйн шаардлага, хэм хэмжээ, стандартыг хэрхэн тогтоох; Канадын төрийн албаны бүрэн эрх, эрх мэдлийг Монголын төрийн албаны хуулиар хүлээлгэсэн бүрэн эрх, эрх мэдэлтэй харьцуулан авч үзсэн талаар ярьж, санал солилцлоо гэж тус байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.