О.Баасанхүү: Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр тийм шударга юм бол нэг тойрог дээр хамт өрсөлдье
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа
-Та Хойд Солонгос яваад ирлээ. Яг ямар асуудлаар явсан юм бэ. Сүүлийн үед Хойд Солонгостой холбоотой асуудал Парламентыг түвшинд янз бүрээр яригдаж байна. Хоёр хүн цаазаар авахуулсан ч гэдэг юмуу. Энэ талаар тэд ямар байр суурьтай байна?
- Би Ази Номхон Далайн парламентчдын холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Ирэх онд Монгол улсад 46 орны парламентчдыг оролцуулсан олон улсын хурал зохион байгуулах асуудал яригдаж байгаа. Мөн ирэх онд Монгол улс, БНАУАС-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Ойн хүрээнд Монгол улс Хойд Солонгосын парламентын бүлгийн шугамаар яваад ирлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хойд Солонгостой холбоотой тодорхой асуудлаар чиглэл өгсөн тогтоол баталсан учраас айлчлалтай холбоотой ҮАБЗ-тэй ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр ярих боломжтой. Б.Хурц намайг хойд Солонгос айлчилж байхдаа Л.Болд гишүүнтэй холбоотой асуудлыг телевизээр ярьсан байна лээ. Нэр бүхий хүмүүс надтай болон монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдтай уулзсан байсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга.
- Манайд яригдаж буй асуудлууд дээр хойд Солонгосчууд ямар байр суурьтай байна вэ? Тэд энэ талаар дуулсан байна уу?
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
- Б.Хурцын томилгоотой холбоотой Нийтийн сонсголыг энэ долоо хоногт зохион байгуулна гээд байгаа. Нийтийн сонсголтой холбоотой гишүүд янз бүрийн зүйл ярьж байна. Зарим гишүүн гэрчээр дуудагдаж, зарим нь гүтгэгдлээ гээд байгаа шүү дээ?
- УИХ-ын тухай хуульд сонсгол хийж болно гэж заалт байсан. Тэр хүрээнд төрийн албан хаагчдыг хоморголон халж, улсад хичнээн хэмжээний хохирол учруулсныг олон нийтэд дэлгэх зорилгоор анхны сонсголыг хийсэн. Үүний дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтийн сонсголын тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Түүнд нь нийтийн эрх ашгийн сонсгол, томилгооны сонсгол, санхүү эдийн засгийн гээд хэд хэдэн төрөл байхаар заасан.
УИХ-д Ж.Батзандан нарын гишүүний оруулж ирсэн сонсголын заалт нь томилгооны сонсгол гэж орж ирсэн.
Томилсон байгууллага нь томилгооны сонсгол хийнэ. УИХ-аас томилдог байгууллага гэхээр АТГ, СЕХ, Статистикийн газар, Монголбанкны томилогдох хүмүүс үүнд хамаарах юм. Элчин сайдыг Монгол улсын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай.
Манай гишүүдийн зүгээс томилгооны сонсгол хийе гэчихээд “энэ хүний өмнө нь хашиж байсан албан тушаал нь нийтийн эрх ашгийг хөндсөн байна” гээд нийтийн сонсгол хийе гэж яриад байсан.
Сонсгол явуулахад би санал нэг байна.
Гэхдээ албан бичгийнхээ утгыг солиод ир гэж хэлснийг төлөө надад асар их дайралт ирсэн. Би Батзанданг хувь хүний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явах хүн гэж харж байсан ч хувь хүн руу дайрсан үг хэллэг хэлсэнд нь эмзэглээд байгаа юм.
-Ямар утгаар нь …?
-Б.Хурцыг Англид баригдахад хэн очиж, ямар мэдээлэл өгснийг нарийн мэдэхгүй ч тухайн үед хэвлэлээр бүх процессыг нь бичиж, ярьж байсан. Үүний цаад санаа нь Б.Хурц Англид байлгах сонирхолтой хэсэг байгаа юм байна гэж тухайн үед харж байлаа.
Ж.Батзандан мэдээлэл хийхдээ “Батын Хурц нь илэрсэн тагнуул. БНСУ түүнийг буцааж явуулах ёстой” гэж хэлснээрээ монгол төрийн нууцыг тээгч хүнийг цаашлаад өөрийн орны иргэнийг эс үйлдлээрээ матчихаж байгаа юм.
“Энэ чинь зохисгүй үйлдэл байна шүү” гэдгийг өөрт нь хэлсэн. Ингэж нөхөр ёсны зүйл ярьж, хэлснээс болж хэлсэн үгийг минь мушгисан.
- Яг юу гэж мушгисан юм бэ?
-Баасанхүү Батын Хурц гэдэг хүний талаар удахгүй файл дэлгэнэ гэсэн” гэж миний хэлээгүй үгийг хэлсэн болгож гүтгэсэнд харамсаж байна. Би өөрийнхөө юу хэлж, юу хэлээгүйг ялгаж, салгах хэмжээний насанд хүрсэн хүн.
Бид УИХ-ын гишүүн тулд хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ бодож явах ёстой. Таамаг маягийн зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагаар явах ёстой.
Өргөх бичиг дээрх зүйлийг нь харахаар С.Зоригийн амийг бүрэлгэсэн асуудал удахгүй ил болно гэж байгаа үед Б.Хурцыг элчин сайдаар томилж болохгүй гэсэн байна лээ. Амь насыг нь бүрэлгэсэн гээд гурван манай тойргийн иргэд. Би аав, ээжтэй нь ойрхон байдаг, найзууд. Зовж байгаа хүмүүсийн зовлон дээр битгий тогло л доо. Өнөөдөр /өчигдөр/ би ТЕГ-ын дарга Д.Гэрэлд албан бичиг явуулсан.
- Ямар үндэслэлээр…
- Хэн ч хардах эрхтэй. Мөрдөн байцаасан процесст нэгдүгээрт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн эсэх. Хоёрдугаарт, шалгаж байсан байцаагч нар нь хувийн болон ил, далд зөрчил байсан эсэх, илэрүүлэх процесс явагдаж буй эсэх талаар албан ёсны мэдээлэл өгөөч гэж байгаа юм. Би бүх зүйлд зарчимтай хандаж байгаа.
Томилгоотой холбоотой зүйл дээр мэдээлэл хийсний төлөө МАХН-аас хүртэл хөөсөн гэсэн хууль бус мэдэгдэл хийсэн байна лээ.
- Таныг намаас хөөгдөх хангалттай шалтгаантай хүн гээд байсан шүү дээ?
- Үүнийг би жудаггүй зүйл боллоо гэж харж байгаа. Би хойд Солонгост очоод ирлээ. Намайг намаасаа хөөгдсөн гэдэг мессэжийг тэд авах юм бод миний уулзалтын үр дүн буурна.
-Таныг очиход тэгээд намаасаа хөөгдсөн гэж байх юм уу?
- Тэд пуужин хөөргөдөг хүмүүс. Манай Элчин сайдын яам нь байдаг болохоор бүх мэдээллийг авдаг. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Э.Эрдэнэжамъян хойд Солонгост очоод протокол зөрчин тэднийг асар их гомдоосон байна лээ. Тэр асуудлаар хойд Солонгосчууд надад гомдол мэдүүлсэн.
- Яаж гомдоосон юм бэ. Тодорхой ярихгүй юу?
-ҮАБЗ-ийнхөнтэй зөвлөлдөөд энэ асуудалд яаж хандахаа тодорхой болгоод би байр сууриа илэрхийлнэ. Н.Энхбаяр дарга Хятадад төрийн айлчлал хийж байхад монгол иргэд айлчлалтай давхцуулан хятад хаягтай ресторануудыг хятад хаягтай байна гээд иргэдийг нь зодож, юм хумыг нь сүйтгэж байсан. Энэ нь тухайн үедээ Монгол Улсын Төрийн Тэргүүний рейтингийг доошлуулж байлаа. Хятад үсгээр хаягаа бичсэн нь буруу байж болно.
Гэтэл төрийн тэргүүний айлчлалтай давхцуулан ийм солиорол хийж болохгүй гээд би хэвлэлийн хурал хийж байсан. Энэ мэтчилэн зүйлсийг маш сайн мэддэг хүн өнөөдөр хууль бус зүйл хийж, ярьж байгааг нь зогсоох ёстой. Тэдний гаргасан мэдэгдэл хууль бус.
- Яагаад?
- Манай намын дүрэмд гишүүнээс хөөх заалт байхгүй. Тиймээс тэд бага чуулган гэж хуралдуулаад Улсын Дээд шүүхэд “намын гишүүнийг хөө” гэдэг заалтыг хүргүүлсэн байгаа. Шүүх шийдвэр гаргаагүй байхад хүнийг хөөлөө гэж ярьж болохгүй биз дээ.
Мөн намаас хөөх шийдвэрийн үндэслэлүүд нь худлаа байгаа юм. Тухайлбал, С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эсрэг ажилласан гэж байгаа юм. Би Ганбаатарын эсрэг ажиллаагүй. МАХН Ганбаатарын эсрэг ажилласан. Яагаад гэхээр Эрдэнэчулуун, Нарангэрэл гэдэг хүмүүсийг нэр дэвшүүлье гэдэг санал тавихад нөхдүүд “үгүй. Ганбаатарыг дэвшүүлнэ” гэсэн.
Би тойргоос сонгогдсон учраас улсын хэмжээнд биш тойргийн хэмжээнд ажиллана гээд ажилласан.
Тойрогтоо очоод самбар өлгөсөн байтал МАН, МАХН-ынхан “энэ хүн хууль бус сурталчилгаа хийж байна” гээд намайг цагдаад өгсөн.
Манай намын Шархүү цагдаад очиж “энэ манай намын сурталчилгаа биш. Үүнийг авахыг хүсч байна” гэж ярьсан.
С.Ганбаатарын сурталчилгааны ажлаар би таван удаа Орхон аймагт очиж, ажилласан.
21 аймгаас хамгийн өндөр саналыг Орхон аймгийнхан Ганбаатарт өгсөн.
Мөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг хөндсөн байна лээ. Тухайн үеийн Засгийн газар нь шийдсэн асуудал. 49 хувь нь 51 хувиас давуу эрхтэй байна гэсэн тогтоол хүчингүй болсон. Тэр тогтоолыг 49 гишүүн кнопдож хүчин төгөлдөр болчихдог юм биш.
Асуудлын гол нь МАХН-ынхан 49 хүний баталсан УИХ-ын тогтоол зөв. Үүнд Баасанхүү оролцоогүй нь буруу гээд байгаа юм. Үүнийг буруу гэж үзэж байгаа. Хэрэв зөв байсан юм бол төр авчихгүй яасан юм бэ. Тэр тогтоол нь зөвшилц гэсэн байсан. Барын амнаас гараад арслангийн аманд орох тийм зүйл байлаа.
Өнөөдөр тэр зүйл дээд цэгтээ хүрч бүлэглэлүүдийн зодоон явж байна. Манай нам 65-уулаа биш, 9-үлээ биш. Ганцхан хүнд бүх бурууг тохож болохгүй.
МАХН-аас 49 хувь дээр ингэж шийдээрэй гэсэн ганц ч албан бичиг ирээгүй.
Энэ бүхний цаана 12 сард багтаад намын их хурал хуралдахаар бэлтгэж ажил хийж байгаад шаралхаж тэд ингэж байгаа юм.
МАХН-ын нэрийн өмнөөс хэвлэлийн хурал хийж байгаа хүмүүсийн хувьд Баасанхүү гэдэг хүн тэдний бодож байгаагаар хамгийн муу хүн байх. Тэгвэл намын Их хурлыг хийчихгүй яасан юм. Хоёр жил нэг удаа хийдэг хурлаа найман жил яагаад хийгээгүй юм бэ. Баасанхүү муу хүн юмуу. Би байхгүй байсан ч энэ хурал хийгдэх юм уу. Хийхгүй гээд байгаа байхгүй юу. Энэ мэдэгдлийг хийснээрээ МАХН-д 124 сая төгрөгийн хохирол учруулах гэж оролдож байна. Яагаад гэвэл суудалтай, суудалгүй нь эргэлзээтэй тохиолдолд Сангийн яам суудлын мөнгө гэж надад биш намд олгодог мөнгийг хааж байгаа юм.
Намын их хурлаар 124 сая төгрөгийг шилэн дансаар зарцуулна гэдэг шийдвэр гаргах гэж байхад түүнд саад болж байна.
Мөн Б.Хурцыг өмөөрсөн гэдэг үндэслэл гаргаж ирсэн байна лээ. Үүнийг нь хараад өөрийн эрхгүй инээд хүрсэн. Тэгээд би Ц.Нямдоржийг өмөөрөх юмуу. Би Б.Хурц гэдэг хувь хүнийх нь талаар яриагүй. Түүнийг тагнуулын байгууллагын ажлаас нь халаагүй. Шилжүүлэн ажиллуулж байгаа. Ямар шалтгаанаар гэдэг нь төрийн бодлого. Тайлбарлах албагүй. Үүнд саад учруулах гэснийг нь буруу байна гэсэн. Тэд нэг ч хуулийн байгууллагад хүсэлт өгөөгүй.
-Та тэгвэл намаасаа хөөгдөөгүй юм байна тийм үү?
-Намаас хөөгдсөн гэх ямар ч үндэслэл байхгүй. Намаасаа гарах эрх байхгүй надад. Би даргын төлөө биш эгэл жирийн гишүүнийхээ дуу хоолой болж явна. Эд нар ганц хүн юу ч хийж чадахгүй гэж бодоод байна. Би хүүхдийн хүчирхийллийн талаар асуудал дэвшүүлснээрээҮАБЗ дээр яригдаж байгаа.
-Ц.Нямдорж гишүүн таныг хадам аавынхаа зургийг гишүүдэд зардаг гэж байсан үнэн үү?
Ц.Нямдоржтэгж ярьсан. “Гишүүд та нар бизнестэй юм байна. Мөнгөтэй юм байна. Энэ улс төр чинь үнэтэй юм байна. Хадам аав маань зурсан зургийг худалдаж аваач. Хадам аавдаа дэм больё, үлдсэнээр нь би улс төрөө санхүүжүүлье” гэдэг.
Сая тойргийнхоо 200 хүнд дээлийн өнгө, витамин өгсөн чинь үүнийг АТГ-аар шалгуул гээд байгаа юм. Хулгайчуудтайгаа тэмцэхгүй байж хуульч байсан, өөрийнх нь хууль зөрчсөнийг хамгаалсан Баасанхүүтэйгээ тэмцдэг ямар учир байнаа.
2020 онд би гишүүн болчихгүй байх вий гэхээс айдаггүй. Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр тийм шударга юм бол нэг тойрог дээр хамт өрсөлдье гэж байгаа юм. Хоёулаа гарахгүй байгаад яаж амьдрахыг нь харъя. Би ганцаараа сөрөг хүчин.
Бусад нь “төмсөгдүүлчихсэн”. Ямар азаар би сайд болчихоогүй юм. Манай намаас гэхэд З.Баянсэлэнгэ "төмсөгдүүлчихсэн", Ц.Оюунбаатар баларчихсан. Энэ их хуралд олигтой дуугарчих нохой ч байхгүй гэж өөрсдөд нь хэлдэг.
Ганц чөлөөтэй хүн үлдчихээр тэдэнтэйгээ нийлж намайг ганцаардуулах гэдэг. Үүнд нь би шантрахгүй байна. Аав, ээж, найз нөхөд маань миний өмнөөс шаналчих юм.
Б.Хурц, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нарын хэрүүл надад ямар хамаатай юмвэ. Үүний төлөө намайг хонины хонхорт явдаг ч гэх шиг. Би явган явдаг үнэн. Хааяа төрөөс машин дуудаад явдаг минь ч үнэн. Ингэлээ гээд намайг хонины хонхорт явдаг гэж юу гэсэн үг вэ. Доромжлоод байгаа юм уу. Үнэндээ би энэ бүхнээс залхаж байна. Ядарч байна.
Сэтгүүлч Э.Энхболд