Малын хулгайтай мал нядалгааны цех байгуулж тэмцэнэ
2010.06.30

Малын хулгайтай мал нядалгааны цех байгуулж тэмцэнэ

Өчигдөр хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

Малын гарал үүслийн гэрчилгээ олголттой холбоотой холбогдох хуулиудын давхардал зөрчлийг арилгах, гэрчилгээг улсын хэмжээнд нэг загвартай болгон коджуулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэгтгэн, гэрчилгээг олгодог багийн Засаг дарга, мал эмнэлэгийн эмч нарт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг дүгнэлтэнд дурджээ.

Түүнчлэн нийслэл хот руу орон нутгаас нэвтрэн орж ирдэг Баянзүрхийн болон хорин хоёрын товчоодыг одоогийн байрлалаас цаашлуулж, хяналт шалгалт явуулахад тохиромжтой газарт байршуулахын зэрэгцээ камер суурилуулан, тэнд ажиллах байцаагчдын орон байр, мал махыг хураах хөргөлттэй агуулах, тээврийн хэрэгслийг саатуулах талбай, орон нутгийн орлогод хураан авах, эрүүл ахуй, аюулгүй байдлын чанар хангаагүй бүтээгдэхүүн, түүхий эдийг устах зориулалт бүхий цэг, бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хууль тогтоомжийн хүрээнд хийх ажил, үйлчилгээ явуулах нөхцөл боломжоор бүрдүүлэхээр тусгажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ‘’ Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол…’’ гэсэн заалтаас үүдэж, эрх зүйн хийдлийг ашиглан, гэмт этгээдүүд 108.000 төгрөгөөс доош хохирол учруулсан удаа дараагийн үйлдлээр захиргааны шийтгэл хүлээж, иргэдийг малыг хулгайлах нь ихэсч, ял завших боломж олгож байгаа тул дээрх заалтад ‘’ урьд нь захиргааны шийтгэл хүлээсэн этгээд энэ төрлийн зөрчил давтан гаргасан бол’’ гэсэн заалт нэмж оруулахаар тусгасан байна.

Харин УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэхдээ Зүүнхараад малын хулгай алга болсон байна. Тэнд мал нядалгааны цех ажиллуулсан нь үр дүнтэй болжээ. Тамгагүй малыг лангуун дээр заруулахгүй. Тэнд иргэдэд нэг богийг 3000, нэг бодийг 8000 төгрөгөөр нядлаад, малын гарал үүслийг тодорхойлсон тамгатай бичиг өгдөг. Малаа нядлахын өмнө дүрс бичлэгийг хийн, архивлаж үлддэгээс хулгайд алдсан малаа эндээс олох боломжтой. Захуудад зөвхөн нядалгааны цехийн тамгатай бичигтэй махыг худалдаалахыг зөвшөөрдөг. Ийм нядалгааны цехтэй болбол малын хулгайтай тэмцэхэд том дэвшил болно гэж үзэж байгаагаа З.Энхболд гишүүн хэлсэн.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ойрын үед цагдаагийн байгууллагаас ажлын баг гарган, газар дээр нь туршлага судалж, санал боловсруулж, Байнгын хороонд эргэн мэдээлэхээ амлалаа.

Байнгын хорооны гишүүд 10 мянгаас доошгүй хүн амтай сум суурин газарт дээрх төрлийн мал нядалгааны цех барьж байгуулахыг дэмжсэн Байнгын хорооны тогтоол гаргахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.