Ц.Цэнгэл: Аялал жуулчлалын өдөрлөгүүд 7 хоног үргэлжилдэг болно
Монголчууд эрт дээр үеэс эх байгаль дэлхийгээ хайрлах уламжлалт соёлтой ард түмэн билээ. Олон зуун жилийн уламжлалыг улам бататган Монгол Улс 30 жилийн өмнөөс байгаль орчныг хамгаалах нэгдсэн нэг бодлого, дүрэм журам заавартай болсон юм. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жил энэ онд тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө 30 жилийн ойн мэндийг хүргэе. Та Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг авсанаас хойш байгаль орчны салбарт ямар ажлууд хийв?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдаад 30 жил болж байна. Энэ яамыг тухайн үеийн МАХН-ын Төв хорооны шийдвэрээр байгуулж байлаа. Энэ нь маш чухал цаг үеэ олсон шийдвэр байсан. Яагаад гэвэл өвөг дээдсээс байгаль орчноо, мод ус, ан амьтнаа хамгаалах суурь зан заншлийг аваад явах Төрийн бодлогын яамтай болсон юм.
Төрийн бодлого явуулж эхэлсэнээс хойш 30 жилийн хугацаанд 10 гаруй сайдын нүүр үзсэн. Энэ 10 гаруй сайдын нүүрийг үзэхдээ олон чухал асуудал, тогтоол шийдвэр, зарлиг захирамжууд гаргаж байжээ.
Олон улсын чухал хурал чуулганд идэвхитэй сайн орж байсны дүнд гадаадын төсөл арга хэмжээнүүд манайд дорвитой сайн хэрэгжиж ирлээ. Тухайлбал, НҮБ-ын төслүүд, “Хөрсний бохирдлыг бууруулах”, “Хүнд елемент ялгаралыг бууруулах, задлах” зэрэг олон төслүүд байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслүүд ч хэрэгжиж байна. Миний хувьд төрийн нарийн бичгийн дарга болоод 3 сайдын нүүр үзчихлээ. Энэ нь чамгүй урт хугацаа. Энэ хугацаанд гол төлөв гадаад дотоодын төсөл арга хэмжээ нь ямар байх вэ, яаж амжилттай хийж хэрэгжүүлэх вэ гэдэг чухал асуудлыг хариуцаж ирлээ.
Олон улсын хэмжээнд хилийн усны бүрэн эрхэт байдлын талаар чухал асуудал яригддаг. ОХУ болон БНХАУ талуудын бүрэн эрхэт хүмүүстэй хилийн ус, ан амьтан, хил орчмынхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй хурлыг жил бүр хийж байна. Энэ үеэрээ нутаг орны байдал, гол мөрний голдирол өөрчлөгдсөн талаарх бүхнийг тэмдэглэж үлдээдэг. Монгол Улсын усны хувьд гадагшаа урсгалтай, хоёр улс руугаа гарчихдаг. Өөрсөндөө тогтоож чаддаггүй онцлогтой. Тиймээс 3 сая гаруй хүн ам, 70 аад сая шахам мал, 400 мянган га газар тариаланг усаар хангах нь Монгол Улсын төр засгийн бодлогын үндсэн гол зорилго байдаг.
Энэ усаа зохистой ашиглаж, өөртөө авч үлдэн хэрэглээгээ хангахын тулд бүдүүлгээр хэлвэл ямар нэгэн цөөрөм, далан барьж усаа тогтоох хэрэгтэй. Ийм усны байгууламжийг Орхон, Эгийн гол дээр хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Усыг бүхэлд нь хаахгүй зөвхөн далан хаалт, цөөрмөөр усны нөөц үүсгэх л асуудал юм. Хэрлэн гол дээр Хятадын хилийн усны комисстой олон жил ярьсны хүчинд усаа тогтоох асуудлыг зөвшөөрүүлсэн. Харин Оросын хувьд удаа дараагийн уулзалтаар ямар нэгэн гол горхи, ус суваг татуулахгүй гээд байгаа. Учир нь дэлхийн цэвэр усны хосгүй өв болсон Байгаль нууранд нөлөөлнө гэсэн үндэслэлээр татгалзаж ирлээ. Бид Сэлэнгэ мөрөн дээр юм барих гээгүй, зөвхөн тэрэн луу урсаж байгаа гол дээр өөрийн улсын нутаг дэвсгэрийн эрхийн хүрээнд энэ ажлыг хийх хүсэлтэй гэдгээ удаа дараа мэдэгдэж байна.
Гэхдээ бид 2013 онд идэвхитэй ажилласны дүнд хоёр улсын эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт хийж, Улаанбаатар хотод Орхон, Эгийн голын дагуух аймгуудын төлөөлөлтэй хуралдаж, сум багуудаар хэлэлцүүлэг хийсэн. Мөн ОХУ-ын Буриад улсын Эрхүү мужийн Байгаль далай орчмын иргэдтэй уулзалт ч хийсэн. Өнгөц мэдээлэл авсан хүмүүс бариулахгүй, хийлгэхгүй гэж байгаа. Гэхдээ бид гол усаа ариг гамтай, үр ашигтайгаар өөрийн улс орондоо ашиглах нь манай улсын бүрэн эрх байх ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсож байгаа. Цаашдаа ч энэ асуудлаар үргэлжлүүлэн ажиллана.
-Аялал жуулчлалын салбарт ямар ажлууд хийв?
-Аялал жуулчлал олон жил хувийн хэвшлийн нуруун дээр явсан гэж болно. Төрөөс томоохон дэмжлэг үзүүлэх гэхээр хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод дорвитой юм хийж чадахгүй байна. Гэхдээ улсын хэмжээнд бүх том төслүүдээ алийг нь эхэлж хийх вэ гэсэн бодлогын хүрээний баримт бичгийг гаргаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдөө хийх эрх зүйн орчинг бүрдүүлж байна.
Дээр нь хил орчмын аялал жуулчлалын асуудлаар Гадаад хэргийн яамтайгаа хамтраад 7 хоногийн виз олгодог байх асуудлыг ярилцаж байна. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл нэг сая хүртэлх жуулчин авах боломжтой. Мөн Event өдөрлөг арга хэмжээг 1-2 өдөр хийдгийг өөрчлөхөөр зорьж байна. Бүргэдийн баяр, мөсний баяр, сарлаг, тэмээний баярыг уртасгая. Аймаг бүр энийгээ 7 хоног үргэлжилдэг байхаар тооцож, түүндээ тохирсон үзүүлбэр, тоглолтоо гаргаж, 10-20 мянган жуулчин авах зочид буудал, хоол хүнсний асуудлаа шийдэж, ажлаа төлөвлөхийг үүрэг болгоод байгаа. Ингэснээр жил бүр 1-2 өдөр аймаг орон нутгаа сурталчилах нэрээр хэдэн хүн шагнаж, бөх барилдаж, ая тух муутай арга хэмжээ зохион байгуулдаг асуудлыг цэгцлэх юм.
Хээр талд ч, төв суурин газарт хаана энэхүү 7 хоногийн арга хэмжээгээ зохион байгуулахаа нутаг орон өөрөө шийдэж, гол нь жуулчдын ая тух, ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдэж, үзэх юмтай сонирхолтой хөтөлбөрүүдээ бэлтгээд бэлэн боллоо гэвэл бид олон улсын хэмжээнд мэдээллээ цацна. Мөн онгоцны тийзний асуудлыг боломжит хувилбараар Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлье гэсэн. Энэ ажлын эхлэл тавигдсан байгаа.
Хэрэв сум орон нутгийн чанартай баярууд 7 хоног үргэлжилдэг, үзүүлбэрүүд нь тодорхой, идэж уух хоол хүнс нь сонголттой, байрлах байр нь шийдэгдээд монгол ахуйгаа сурталчилвал жуулчдаар дамжин асар их хөрөнгө орж ирэх боломжтой. Бид дэлхийд таниулж сурталчлах асар арвин түүх, соёлтой ард түмэн шүү дээ.
Мөн орон нутгийн томоохон засмал замынхаа хажуугаар үйлчилгээний төвүүд байх. Энэ ажлыг шатахуун түгээгүүрийн газрууд хариуцаач гэдэг талаар яригдаж байгаа. 24 цагаар ажиллах юм чинь эзэнтэй байна. Тиймээс нэмэлт орлого олох боломжийг нь өгье гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гаргахаар ярилцаж байна.
-Агаарын бохирдлын асуудлаар ямар ажлууд хийж байна?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны томоохон ажил бидэнд байдаг. Улаанбаатарчууд бид өөрсдөө утаагаа бий болгож байгаа. Үр хүүхдээ эрүүл орчинд амьдруулья гэвэл түүхий нүүрс түлэхээ больчих, модон түлш хийх технологийг оруулж ирэхэд төрөөс дэмжээд өгье. Энэ төслийг хүн болгон хэрэгжүүлэх юм бол төрийн нуруун дээр үүрэгдээд байхааргүй амархан шийдэгдэх боломжтой.
Харин хамгийн хэцүү асуудал бол “Нойл”-ын асуудлаас үүдсэн хөрсний бохирдол байна. БНХАУ 2015 онд “Бүх Хятадын нойлын жил”-ийг зарлаж байсан. Тухайн онд зохиогдсон уралдаанд хэд хэдэн технологи шалгарсан нь манайд нэвтрээд ороод ирчихлээ. Тодруулбал, гэр хорооллын айлууд “Нойл”-оо гэртээ тавиад, гудамжны айлуудын бохир нэг танкерт ороод тэндээсээ буцаагаад гал тогоонд нь газ болоод хаягдалгүй ашиглах, ажиллах технологи орж ирсэн. Жаахан үнэтэй. Гэхдээ үр хүүхдийнхөө төлөө үнэтэй ч гэсэн ажил хэрэг болгож чадвал утааг бууруулах арга зам байна.
-Цэвэр усны нөөц багатай улсуудын тоонд ордог манай улс хэрэглээгээ зөв болгох ёстой. Манайх шиг цэвэр усаа гамгүй ашигладаг улс ховор болов уу. Энэ тал дээр ямар ажил хийгдэж байна?
-Цэвэр усыг хайрлаж хамгаалах, үр ашигтай зарцуулах, саарал усаа болгож ариутгаад эргүүлээд станцуудад, угаалгад ашиглах боломж байгаа. Энэ арга дэлхийд хэдийнэ нэвтэрчихсэн. Израйл улсын жишиг дэлхийд гайхуулж байгаа, тэд усныхаа 95 хувийг эргүүлэн ашигладаг, өртөг өндөр. Одоогоор Сонгинохайрхан дүүрэгт Хятадын технологийг нь оруулж ирэх ажлыг УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Сүхбат гишүүн эхлүүлээд айлуудад тавьсан байгаа. Энэ нь үр дүнтэй болж байна гэвэл бид хэсэг хэсгээр нь хороо хороогоор нь нэвтрүүлнэ.
-Салбарын хамт олондоо ойн баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Бидний түүх 30 жилийг ардаа үджээ. Үе үеийн энэ салбарт ажиллаж байсан ахмадууд, оюуны мэдлэгээ зориулж ирсэн эрдэмтэн докторууддаа юуны өмнө ойн баярын мэндийг хүргэе. Төрийн албанд зүтгэж байсан үйлчилгээний салбарынхандаа, энэ том салбарыг удирдаж байсан сайд дарга, төрийн нарийн бичигт нартаа баярын мэнд хүргэе. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт одоо ажиллаж байгаа бүх хүмүүст 30 жилийн ойн баярыг тохиолдуулан азтай хийморьтой, ажил үйлс нь өөдрөг байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье дээ.
П.Нарандэлгэр