ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаа
2017.11.28

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд  Булган аймагт ажиллаа.  

Энэ үеэрээ иргэдтэй уулзан УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд  хариулт өглөө.  УИХ-ын гишүүнийхээ хувьд тэрээр 2017 онд Авто замын тухай хууль, Төрөөс төмөр замын талаар авч хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг,  Мал амьтаны эрүүл мэндийн тухай хуулиудын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бол бусад 6-н хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна.

Тойрогтоо “Булган нэг үе” ТББ-тай хамтран  “Хавдаргүй Булган” төсөл хэрэгжүүлж 15 мянга гаруй иргэдийг элэгний В, С вирусын оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эм бэлдмэлийг 800 гаруй өвчтөнд бэлэглэсэн, оюутан залуучуудаа дэмжиж “Оюунлаг Булган сан”, “Оюутан зөвлөх” хөтөлбөр хэрэгжүүлсэн, хөдөөгийн иргэдээ ажилтай орлоготой болгох зорилго бүхий “Шинэ хөдөө” төслийг эхлүүлсэн гээд хийсэн ажил, дуулгах сонин ихтэй  эрхэм гишүүндээ нутгийнхан нь ам сайтай байлаа. 

Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, ажилгүйдлийг бууруулах, нутгийн оюутан залуучуудаа дэмжихэд ихээхэн анхаарч байгаад нь талархаж байна, цаашид  ажилгүйдлийг бууруулах, зам харгуйг шинэчлэх асуудал дээр багагүй хүлээлттэй байгаагаа энэ үеэр дуулгаж байлаа.

Булган аймгийн хувьд 2018 онд улсын төсвийн хүрээнд Булган сумын 1-р сургуулийн 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилга 4,300 сая төгрөг, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад 2,100 сая, Тэшиг сумын дунд сургуулийн өргөтгөлд 950 сая,  аймгийн төвийн спорт ордоны их засварт 774 сая, нэгдсэн эмнэлгийн 30 ортой халдварт сүрьеэгийн барилгад 2,37 сая гэхчилэн эрүүл мэнд боловсролын салбарт голлох хөрөнгө оруулалт хийгдэж нийтдээ 6,731 сая төгрөг  хөрөнгө оруулалтад тусгагджээ.

Аймаг орон нутгийн удирдлагуудын хувьд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 18 мянга гаруй өрхтэйгээс 1667 өрх огт ажил эрхэлдэггүй орлогогүй байна. Энэ өрхүүдээс нэг хүнийг нь ажлын байраар хангахад  анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр мэдэгдлээ.  

Монгол улс анхдугаар үндсэн хуулиа баталж тусгаар улсаа тунхагласан өдөр Булганчуудын хувьд онцлох  үйл явдлаар дүүрэн байлаа. Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой ирэх жил болно. Ойн хүрээнд 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь тус аймгийг үүсгэн байгуулагч А.Амар сайдын амьдрал үйл явдлыг харуулсан “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар” баримтат киноны  нээлт энэ үеэр тохиолоо. Уг киноны зохиолч, продюсараар  түүхч академич Ж.Болдбаатар,  Ерөнхий найруулагчаар МУАЖ Г.Жигжидсүрэн нар  ажилласан байна.  Тэд Булган нутагт хүрэлцэн ирж киногоо нутгийн зон олонд дээжлэн барьсан нь бас нэг онцлох үйл явдал байлаа.

Мөн энэ өдрүүдэд төрийн албанд шинээр орж буй залуучууд ард иргэдийнхээ төлөө төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд хичээн зүтгэхээ илэрхийлж тангарагаа өргөсөн бол аймгийн МАН байгуулагдсаны 80 –н жилийн түүхэн ой энэ өдрүүдэд давхцаж спортын наадам, гурван үеийнхний уулзалт, Үндэсний 64-н бөхийн барилдаан гээд Булганчууд хөд хөдөлгөөн ихтэй байна.