Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮЯ-нд ажиллалаа
2017.11.24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-нд ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе.

ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Өнөө өглөө  бид ҮАБЗ-ийн хурлыг анх удаа хийсэн. Хуралд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын тулгамдсан асуудал болсон. Үүнийг арилгахад ХАА маш том үүрэгтэй салбар. Малчин хүний орлого бол малын гаралтай түүхий эд.

Бид дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой.

Махны асуудал үеийн үед хүндрэлтэй байдаг. Биокомбинатыг шинэчлэхээр Унгар Улсаас яригдаж байгаа 25 сая ам.долларын хугацаа ирэх оны 5 дугаар сард дуусна. Би 8 дугаар сарын сүүлээр Унгарт очихдоо Ерөнхий сайдтай нь үүнийг тусгайлан ярьсан. Өчигдөр ч Төрийн нарийн бичгийн даргатай нь үүнийг ярилаа. Манай малын вакцины асуудал гаднаас хараат байгаа.

Малчдын ахуйг бид сайжруулах ёстой. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй. Ингээд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Б.Батзориг сайд очиж үзэх хэрэгтэй.

Өнөөдөр залуу малчид ахуйгаа дагаад хот руу нүүж байна. Иймд үүнд анхаарах хэрэгтэй.

Малчдын орлогыг сайжруулахын тулд ХАА-н бирж хэрэгтэй гэж 2013 оны 4 дүгээр сард байгуулсан. Биржид очсон бүтээгдэхүүн үйлдвэрт очдог, тэндээсээ экспортод гаргадаг байя гэсэн. Малчны хот-малчны ахуй, малаас гаралтай түүхий эд-бирж-үйлдэр-экспорт гэсэн ийм сүлжээ хэрэгтэй гэж ойлгуулах гээд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй.

Жилд Монгол Улс 10 сая ширхэг арьсыг бараг түүхийгээр нь Хятадад экспорлодог. Арьс боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан, Багануур тохиромжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг хонины нэхийг 500 төгрөгөөр худалдан авч байна. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртай” гээд салбар хариуцсан Сайд Б.Батзоригт ажлын амжилт хүслээ.