Суралцахын зэрэгцээ бие эрүүл чийрэг бэлтгэгдэх ёстой
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын Спортын анхдугаар наадам Дархан хотод эхлэв. Анхдугаар наадамд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 41 мэргэжлийн сургуулийн 130-аад багш, 800-гаад оюутан сурагчид оролцож байна. Тэд сагс, волейбол, шатар, теннис зэрэг спортын дөрвөн төрлөөр өрсөлдөнө. БСШУ-ы сайд Отгонбаяр: Монгол Улсын Засгийн газраас "боловсролд онцгой анхаарч суралцагчдын тоог нэмэгдүүлэн тэднийг хөдөлмөрийн зах зээлд гаргах энэ ажилд онцгой анхаарал тавьж байна. Тэд суралцахын хажуугаар бие эрүүл чийрэг бэлтгэгдэх ёстой. Өнгөрсөн 50 орчим жилийн түүхэнд өнөөдөр анх удаа зохион байгуулагдаж байгаа спортын анхдугаар их наадамд ач холбогдол өгч оролцож байгаадаа баяртай байна. Нийт багш суралцагчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хамгийн гол нь ялж аварга болохоосоо илүү оролцож байгаа нь чухал гэв. УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар: -Монголын ирээдүй залуус та бүхний гарт байгаа. Спорт гэдэг бол өрсөлдөөн, бас үерхэл нөхөрлөлийн наадам гэж онцлов. Аймгийн ИТХТ-ийн Л.Гүнчин; Манай Дархан хот бол аж үйлдвэрийн, найрамдлын, бас залуусын хот гэдгийг онцлоод, Дархан хотод мэргэжлийн сургуулиудын спортын анхдугаар наадам тус аймгийн мэргэжлийн гурван сургуульд түшиглэн зохион байгуулагдаж байгаа учраас аймаг орон нутгийн засаг, захиргаа дэмжин оролцож байна гэлээ.
МАОЭХ-ны гүйцэтгэх захирал, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Ганбаатар: -Та бүхэн суралцахын зэрэгцээ эрүүл, эрч хүчтэй Монгол хүн болохын төлөө чармайх ёстой. Та нар энэ итгэлийг биелүүлж яваа сайхан залуус. Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе гэв. МБГ-ын дарга Б.Мишигжав: -Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын анхдугаар наадмыг зохион байгуулах саналыг сургуулиуд өөрсдөө гаргасан юм. Тэд улс орныхоо бүтээн байгуулалтыг гар биеэрээ босгохоор мэргэжил эзэмшиж байгаа залуучууд. Тиймээс ч өөрсдөө эрүүл чийрэг бие бялдартай байхын тулд биеийн тамир спортоор хичээллэдэг. Түүнийгээ дагаад аливаа эрсдэл бэрхшээлийг даван туулах чадвартай болох нь нэн чухал. Залуучууд маань дан ганц мэргэжил эзэмшинэ гэдгээр бүхнийг хязгаарлаж зөвхөн нэг мод харуулдах ч юм уу, юм оёх гэдгээр хандаж болохгүй. Бид сургуулиудынхаа гаргасан саналыг дэмжсэнээр мэргэжлийн сургуулиудын анхдугаар наадам зохион байгуулж байна. Энэ наадам сурагчдын авъяас чадвар,*" төлөвшлийг өндөржүүлэхэд, тэсвэр хатуужил, спортын ур чадварыг нь дээшлүүлэхэд ихээхэн тустай болно гэж үзэж байна. Энэ удаад манай мэргэжлийн сургуулиуд маш их идэвхтэй оролцож байгаад баяртай байна гэлээ. Спортын анхдугаар наадам энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ.