Ерөнхийлөгч “Шинэ Хөдөө” төслийг дэмжиж байна
МУ-ын Ерөнхийлөгч
2017.09.25

Ерөнхийлөгч “Шинэ Хөдөө” төслийг дэмжиж байна

“Шинэ хөдөө” төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ХАА-н үйлдвэрлэлийг аймаг бүрт эрчимжүүлж, хөдөөгийн өрх бүр үйлдвэрлэгч болж хүчтэй дундаж давхаргыг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү санал санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан мах, малын үржил, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ гээд бүх чиглэлээр эрчимжүүлэх улмаар дотоодоо хангаад зогсохгүй экспортлох боломж байна. Хоосон яриад суух биш, хаана хаанаа ажил хэрэг болгож Засгийн газраас тодорхой шийдлүүдийг гаргаж дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрээр 9-сарын 12нд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-ыг санаачлан хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцсон чуулганд хэлсэн үгэндээ  

“... Энэ чуулганаар  элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газар, яамны шийдвэр болгомоор байна.

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна…

Монгол Улс 3.1 сая хүн амтай, нийт 70 гаруй сая толгой малтай, 1 сая гаруй га тариалангийн газартай. Дээр дурдсан гурван тоо чуулганд оролцогч та бүхэнд нэгийг бодогдуулах биз ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд л тариалан эрхэлдэг. Ургац сайтай жил дотоодын гурилын хэрэгцээг хангаад илүү гарч байна. Хэрвээ тариалангийн талбайн хэмжээг 3 хувьд хүргэчихвэл гурил, буудай, хивэг болон төмс, лууван, рапс экспортлох бэлэн зах зээл хажууд байна.

ОХУ руу 2014 онд 4958 тонн төмс, 2015 онд 720 тонн лууван, 2016 онд 200 тонн төмс экспортложээ. Харин БНХАУ руу 2016 онд л гэхэд 42 100 тонн хивэг, 489,5 тонн өвс, 489,5 тонн рапс гаргасан байна. Монгол гурил, гоймонг авах сонирхол урд хөршид бий. Гагцхүү нийлүүлэлт алга, нийлүүлэлтийг дэмжих төрийн бодлого, зохицуулалт алга. Вьетнамын Засгийн газар цагаан будааны тариалалтынхаа 70 хувийг тариачидаасаа худалдан авч, дотоодын зах зээлд болон экспортод гаргах ажлыг төр нь нэг цонхны бодлогоор шийдвэрлэж байгаагаас өрсөлдөх чадвар маш өндөр байна. Гэтэл бидэнд улаан буудайн урамшуулал гэж тонн тутамд 50-70 мянган төгрөг олгохоос өөр олигтой шийдэл алга. Энэ арга ч цагийн эрхээр хуучирч салбарын хөгжилд дэм өгөхөө больж байна. Услагаатай тариаланг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь урамшуулал олгохоос илүү чухал болжээ.

Махны экспортод ч боломж муугүй байгаа. ОХУ-руу гэхэд 2014 онд 1460 тонн адууны мах, 360 тонн үхрийнг мах гаргаж  байсан бол 2015 онд адууны мах 1620 тонн, үхрийн мах 860 тонн, 2016 онд адууны мах 1999,3 тонн, үхрийн мах 600 тонныг тус тус гаргажээ. БНХАУ руу зөвхөн өнгөрсөн онд гэхэд л үхрийн мах 4 тонн, адууны мах 6460 тонн, ямааны мах 862 тонныг экспортложээ. Энэ хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий. Гагцхүү олон жил зовлон тоочихоос бус шийдэл хийхгүй, дорвитой бодлого гаргахгүй хэрэгжүүлэхгүй явсаар асуудлууд хэт хуримтлагджээ. Малын эрүүл мэндийг яаж стандартад нийцүүлэх юм, хөршүүдтэй ямар байдлаар үүнийг хамтарч хэрэгжүүлж болохоор байна гээд гарц хайвал олдож л таарна. Гагцхүү хийж хэрэгжүүлэх ажил л дутаад байна”...

УИХ-ын гишүүний зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийг зөвхөн олон нийт төдийгүй Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжиж хүлээн авч байна. Улс орны эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэхүйц, ард түмний амьжиргаа, эрүүл аюулгүй байдалд гол дэмжлэх болох энэ төслийг хэн санаачлах нь чухал биш, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч дэмжсэн гэлгүйгээр шинэ Засгийн газар иргэдийнхээ хүсэн хүлээж буй ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлыг Үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ухаалаг шийдэл бий гэдэгт найдая.