Л.Болд: Засгийн газрыг тогтвортой байлгах шаардлагатай гээд муу Засгийн газрыг удаан ажиллуулж болохгүй
Өчигдөр /2017.09.11/ Монголын Бизнесийн Зөвлөлийн сар бүрийн хурал болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Л.Болд: “Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 25 жил өнгөрчээ. Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Улсын Их Хурлаас 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн төдийгүй төрийн эрх мэдлийн хямралыг гүнзгийрүүлсэн гэх шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрлэгдсээр ирсэн. Өнөөдрийн бидэнд үүсч буй бэрхшээл энэхүү 7 өөрчлөлттэй шууд холбоотой. Одоогийн МУҮХ-ийн өөрчлөлтийн асуудал Монгол Улсад цоо шинэ хувьсгалыг авч ирнэ гэж найдаж байна” гэсэн юм.
Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан: “Одоогийн МУҮХ-ийн өөрчлөлтийн төсөлд 3 ноцтой асуудал байгаа. Нэгдүгээрт, Төрийн хяналтын байгууллагын асуудал байгаа. Энэ байгууллага ямар ч байгууллагыг хянадаг. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөл нь байгууллагуудыг хүний нөөцөө тодорхойлох боломжгүй бөгөөд төрийн албан хаагчийг ямар ч үндэслэлгүйгээр халах асуудал гаарна. Гуравдугаарт, Шүүгчийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгч шууд томилдог байсан бол шийдвэрийг нь УИХ-аар дэмжих эсэхийг хэлэлцдэг болно. Энэ нь хуульзүйн салбарын ухралт болж байна” гэлээ.
Мөн хурлаар хэдхэн хоногийн болж өнгөрсөн Засгийн газрыг огцруулсан үйл явдлын талаар ярилцлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод 1992 оны МУҮХ-ийн өөрчлөлтөөс хойшхи Ерөнхий сайд дунджаар 2 жил л ажилласан байдаг. Гэтэл Их Британий Ерөнхий сайдын үүрэгт ажлаа биелүүлэх хугацаа 5 жил, ХБНГУ-ын Ерөнхий сайд 8 жил ажилладаг байна. Ингэснээр Засгийн газрын тогтвортой байдал үүсдэг хэмээн оролцогсод хэлж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд: “Засгийн газрыг тогтвортой байлгах шаардлагатай гээд муу Засгийн газрыг удаан ажиллуулж болохгүй. Засгийн газар тогтворгүй боловч Парламент өөрөө маш тогтвортой. Ихэнхи улс орны эрх мэдэл хаан эсвэл Ерөнхийлөгч гээд нэг л хүний гарт байдаг. Харин манай орон ард түмнээ төлөөлж гарч ирсэн 76 хүнтэй. Энэ бол манай онцлог. Мөн МУҮХ-нд Ерөнхий сайд нь бусад сайд нарынхаа томилгоог хариуцах заалт байдаг. Гэвч дагалдах хуулиар УИХ-ын ямар ч гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина гэж заасан. Энэ нь өөрөө тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна” гэсэн юм.