О.Баасанхүү: УИХ-ын гишүүн 40, Ерөнхийлөгч 55 настай байх хэрэгтэй
2017.08.24

О.Баасанхүү: УИХ-ын гишүүн 40, Ерөнхийлөгч 55 настай байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 8 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт нийслэл, орон нутгаас ирсэн МАХН-ын Бага чуулганы гишүүдээс гадна Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар сонирхсон ард иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 130 гаруй иргэд оролцжээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд тусгайлсан, бие даасан хороо байгуулж Монгол Улсын Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар МАХН-ын гишүүдээс санал авах, Бага чуулганы хуралдааныг хуралдуулан, гарсан саналын талаар МАХН-ын Бага чуулганы тогтоол албан ёсоор гаргуулахаар тогтов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь цахим хуудсаараа дамжуулан “Миний бие Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм уу эсэргүүцсэн асуудал байхгүй гагцхүү иргэд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн яг ямар зүйл заалт нь яаж өөрчлөгдөж байгааг хооронд нь харьцуулж, мэдээлэл сайтай байгаасай” гэж хэлж байсан юм.

Мөн тэрээр: “Хэрэв 45 наснаас Ерөнхийлөгч болсон гэвэл 53 наснаасаа эхлээд магадгүй 30 жил сайдын авдаг сул цалинг авахаар байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа бол УИХ-ын гишүүн 40 нас Ерөнхийлөгч 55 нас байх ёстой гэж өөрчлөлтийг нэмж оруулах нь зөв юм” гэсэн байр суурьтай байгаа юм.