Х.Нямбаатар: Бага хурлын дараа Ерөнхий сайдын нэр тодорхой болно
2017.09.11

Х.Нямбаатар: Бага хурлын дараа Ерөнхий сайдын нэр тодорхой болно

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Та бүхэн нэгэнтээ намынхаа удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаа юм чинь дараагийн Засгийн газрын тэргүүн, намын даргад өөрсдийн 31 гишүүнээс нэр дэвшүүлэх бодолтой байгаа болов уу. Энэ талаар дотроо ярьж байгаа юу?

-Үндсэн хуульд зааснаар бол УИХ-д олонхийн суудал авсан нам эвслийн бүлгээс Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн байгаа шүү дээ. Бидний хувьд МАН-аас сонгогдсон гишүүдийн хувьд намын шийдвэр гаргах байгууллагаас нэр дэвшүүлсэн хүнийг намын бүлэг дээрээ дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах процесс явагдах байх.Бага хурлыг зарлах эрх нь намын Удирдах зөвлөлд хадгалагдаж байгаа. Нэгэнт эрх баригч намын байгуулсан Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу огцруулах тогтоолыг гаргасны дагуу нэн яаралтай Удирдах зөвлөлийг хуралдуулж намын Бага хурлыг зарлах нөхцөл байдал үүсээд байгаа.

-Энэ лхагва гаригт намын бүлэг хуралдана гэж байсан. Магадгүй наана нь нэр дэвшигчийн асуудлыг та бүхэн дотроо ярих уу эсвэл заавал Бага хурлын дараа яригдах уу?

-Энэ бол Бага хурлын дараа яригдах асуудал. Наана нь намын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг ярилцах дүрэм хэвээр байгаа. Мэдээж бүлгээр хэлэлцэх цаг үеийн асуудал бий. Чуулган хуралдах хүртэл гишүүдийг хотод байх шуурдлагатай гэдэг мессеж ирсэн. Нэгдүгээрт, Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор, хоёрдугаарт улс орны эдийн засгийн нөхцөл байдал, намрын тариа хураалт зэрэг асуудлаар Ээлжит бус чуулган зарлагдаж ч магадгүй байна.

-Бага хурал дээр та бүгд өөрсдийн төлөөлөл болсон хүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломж гарна гэж харж байна уу?

-Бид энэ дээр өөрсдийн төлөөллөөс Ерөнхий сайдыг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал яригдаагүй. Учир нь Засгийг огцруулах гурван үндэслэлийг хангалттай ярьсан. Энэ үндэслэл дээр л 31 хүн нэгдэж шийдвэр гаргасан нь энэ. Намын Бага хурал 310 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, намын эрх барих дээд байгууллага нь шийдвэр гаргах учиртай юм.

-Шинээр гарч ирэх Ерөнхий сайд магадгүй намын дарга болох зангарагтай хүн байх ёстой гэсэн шаардлага тавигдах уу?

-Ер нь бол дүрэм тийм. МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэг дүрэмтэй. Өнгөрсөн 2016 оны Их хурлын анхдугаар чуулганаар намын дарга энэ заалтыг зөрчиж Их хурлын дарга болсон. Намын дарга биш хүн өнөөдрийн Ерөнхий сайд болсон нь намын дүрмийг зөрчсөн явдал болсон. Ерөнхий сайд хүн улс төрийн болон Засаглалын шийдвэрийг бие даан гаргах чадамжтай байж улс орны хямралд цэг тавина. Ард түмэн хамгийн ихээр хариуцлагыг л хүсэмжилж байна.

-Давхар дээлний асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийнхаа дагуу л явах нь зөв. Үндсэн хуулийн зохицуулалтаар бол УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх нөхцөл байгаа. Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өрнөж байна. Тэгэхээр энэ зохицуулалтаар дан, давхар дээл гэдэг нэр томъёог нэг мөр ойлголт болгож. Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь нь УИХ-ын гишүүн байж болох юм. Хэдэн хувь нь гаднаас сайд болох юм гэдгийг нэмэлт өөрчлөлтөөр оруулах ард нийтийн асуулга өрнүүлж болно.

Т.БАТСҮРЭН