Ч.Улаан: Байдал тодорхой болж байна
УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргалаа. Яагаад ийм байдалд хүрчихлээ гэж харж байна вэ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж эхлэх үед та намын удирдлагадаа албан ёсоор санал хүргүүлж байсан байх аа?
-Би анхнаасаа бий болсон нөхцөл байдалд нам нухацтай дүгнэлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д үнэмлэхүй олонх болгосон онцгой итгэл хүлээлгэлээ шүү дээ. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дараа Монгол Улсыг хүнд байдлаас гаргах нөхцөл бүрдлээ гэж МАН-ын сонгуулийн амжилтад иргэд их найдвар хүлээлгэж харж байлаа.
Тухайн үед бий болсон уур амьсгал бидэнд мэдэгдэж байсан. МАН бүх төвшинд нь нэгдмэл ажиллаж ард түмний дэмжлэгийг авсан сайн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоог нь олгоё, тиймээс одоо сум, дүүргийн сонгуульд ч дэмжинэ. Харин итгэсэн шигээ дараа нь хариуцлагыг нэхсэн шиг нэхнэ шүү гэсэн ийм уур амьсгал байлаа. Яг ийм нөхцөлд сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болсон.
Харамсалтай нь энэ сонгуулиар бид УИХ болон аймгийн ИТХ-д оролцсон амжилтаа бататгаж чадаагүй. Уг нь бол ахиулах ёстой шүү дээ. Гэтэл урд хүрсэн төвшнөөсөө ухарсан. Тэр үед явуулсан бодлого ард түмний сэтгэл санаанд нийцээгүй, урмыг хугалсантай холбоотой гэж би боддог. Засгийн газар байгуулсан, томилгоо хийсэн, анхны шийдвэрүүд бүгд нийлээд тийм зүйл болсон. Тухайн үед гурав, дөрөвхөн сарын дотор сонгогчид яагаад өөрчлөгдөв гэдэгт дүгнэлт хийх ёстой байсан. Гэвч харамсалтай нь дүгнэлт хийгээгүй.
Дүгнэлт хийгээгүйгээс болоод Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яг бодитой дүнгээ тавиуллаа.
Ноднин парламентад 85 хувийн итгэл өгч байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар хувийн итгэл өгөв. Энэ байдалд одоо нам дүгнэлт хийх ёстой шүү дээ. Яагаад ийм болов, аль дээр алдав гэдгээ ярих ёстой. Ийм яриа огт болохгүй байна. Тэгж байтал нэг хэсэг нь санаа зовоод “Ер нь бид намынхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийе, ажлаа сайжруулъя. Энэ алдагдаад байгаа ард иргэдийн итгэл үнэмшил, дэмжлэгийг хүлээе. Ингэхийн тулд ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой” гэсэн байр сууринаас УИХ-ын 31 гишүүн гарын үсэг зурсан гэж би бодож байгаа юм. Нөгөө талд “Юуг нь ч өөрчлөхгүй тогтвортой л байя гэсэн маягтай асуудал гараад ирэхээр аль сонголтыг хийх вэ гэдэг асуудал гарч ирж байна шүү дээ.
-Чуулган дээр та “Миний байр суурь аль нэг тал руу хэлбийгээгүй энэ хүрлээ” гэж байсан. Гэхдээ огцруулах талд санал өгсөн шүү дээ. Сонголтыг юу харж хийсэн бэ?
-Би бол намын хувь заяа, дараагийн сонгуулийг харах ёстой гэж бодсон. Улс төрийн нам сонгуульд оролцож дэмжлэг авснаар төр засгийг барих эрхээ авна. Тэгээд улс орноо л хөгжүүлэх зорилготой. Тэгвэл одоо бидэнд хоёр зорилго байна. Нэгдүгээрт, 2016 онд өгсөн итгэлийг хэрхэн дааж, сэргээх вэ гэдэг юм. Хоёрдугаарт, дараагийн сонгуульд яаж амжилттай оролцох вэ гэдэг нөхцөлөө бүрдүүлэх ёстой. Яг энэ байдлаараа байгаад байвал амжилт олохгүй гэдгийг амьдрал харуулчихлаа.
Тогтвортой байна гэдгийн цаана идэвхгүй үйл ажиллагааг хаацайлаад өнгөрч болохгүй байна. Тийм учраас би 31 гишүүн байдалдаа дүгнэлт хийе, өөрчилье, шинэчилье гэсэн зорилгоор асуудалд хандсан байна гэдгийг би ойлгож дэмжиж, хандсан.
Нөгөө талд нь Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг бол бодлого үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй байхын нэр юм. Түүнээс биш тогтвортой байна гэдэг нэрийн дор нөхцөл байдалдаа дүгнэлт хийдэггүй, хариуцлага тооцдоггүй байж болохгүй шүү дээ. Бид сүүлийн хоёр удаагийн сонгуулиар гавьяа байгуулсангүй. Тиймээс дүгнэлт хийгээд, сайн ажилласныг нь сайшаагаад, саар ажилласанд нь хариуцлага хүлээлгээд, илүү сайн хүнээр сольж тавиад явах ёстой. Тэгэхээр энэ маань эцсийн эцэст намаа бодсон асуудал юм.
-Заавал огцруулж байгаад дүгнэлтээ хийх ёстой байсан уу?
-Би чуулган дээр ч хэлсэн шүү дээ. Намынхаа төлөө ярья гэхээр л хоёр туйл руу гараад байсан. Албан тушаал, эрх мэдэлгүй гишүүд нь намын төлөө санаа зовоод байдаг. Гэтэл эрх мэдэл, албан албан тушаалтай хэсэгт нь тодорхой хэмжээний ашиг сонирхол байгаад байна. Ингээд албан тушаал, эрх мэдэлтэйгээ зууралдаад байна. Тэгэхээр энэ хоёр тал нэг бодлого дээрээ асуудал нь төвлөрөхгүй байгаа юм. “Морьтой явган хоёр хүний явдал таарахгүй”-тэй адилхан давхар дээлтэй эрх мэдэлтэй гишүүд, жирийн гишүүд хоёрын яриа таарахгүй байна гээд байсан минь тэр.
Тийм учраас миний байр суурь бүгдээрээ ижилхэн төвшинд очиж байгаад намынхаа төлөө санаа зовцгооё, хамтарч ажиллая гэдэгт байсан. Энэ ч үүднээс би намынхаа удирдлагуудад байр сууриа албан ёсоор илэрхийлж албан бичиг өгч байлаа. Хоёр тал бол асуудлын хоёр туйл юм. Нэг нь өөрчилье, шинэчилье гэсэн зүүн туйл бол нөгөө нь “Байдгаараа байж байя, тогтвортой байя” гэсэн баруун туйл. Ийм хоёр туйл дээр суугаад байж болохгүй. Дундын хувилбарыг олох хэрэгтэй. Дундын хувилбар нь намын гишүүд, сонгогчид маань юу хүсч байгааг мэдэрч нийтлэг эрх ашиг, эрх барьж байгаа намд өгсөн итгэлийг сэргээх юм. Энэ чигээрээ байгаад дараагийн сонгуульд ороосой гэж хэн ч хүсэхгүй байгаа шүү дээ.
-Хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн ч чуулган дээр та үг хэлэхдээ нэлээд харамссан өнгө дайх шиг болсон. “Засгийн газрын гар, хөлийг тушиж байж ажиллуулсан. Анхнаасаа зөв эхэлсэн юмыг УИХ-ын гишүүд та нар Бүлэг дээр буруу тийш нь явуулсан шүү” гэж байсан?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө залуу хүн. Дээр нь санхүү, эдийн засгийн салбарт анхан шатнаас нь эхлээд ажилласан туршлагатай. Орон нутгийн амьдрал сайн мэднэ. Энэ утгаараа бид анхнаас нь дэмжиж, Монгол Улсыг эдийн засаг, санхүүгийн хүнд байдлаас нь гаргах өөрчлөлтийн шинжтэй зоримог алхмуудыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байлаа. Бодлогуудыг нь дэмжихийн төлөө байсан. Ингээд 2016 оны Төсөвт тодотгол хийх анхны санал орж ирсэн шүү дээ. Тэр бол Засгийн газар байдалд нэлээд дүгнэлт хийсэн санал байсан.
-Та ажлын хэсгийг нь ахалж байсан байх аа?
-Нэлээд хатуу ч гэсэн зоримог байдлаар хүнд байдлаас богино хугацаанд гаръя гэсэн бодлогууд тэнд сууж орж ирсэн юм. Намайг Ажлын хэсгийг нь ахлаач гэсэн Бүлгийн хурал дээр гарсан. Тухайн үед би Бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлж байлаа. “Энэ Ажлын хэсгийг би ахалж болно. Гэхдээ хэдүүлээ нэг зүйлийг ойлголцъё. Үнэхээр энэ хүнд байдлаас эдийн засгаа аваръя. Эдийн засаг санхүүгийнхээ асуудлыг тэргүүн ээлжинд тавиад ингээд ажиллая гэж байгаа бол би энэ ажлын хэсгийг ахалъя. Хэрвээ улс төрийн зорилгоор хагас дутуу, олон нийтэд таалагдсан алхам хийх гэж оролдвол би Ажлын хэсгийг ахлахгүй” гэсэн.
Бүлгийн гишүүд “Одоо эдийн засгаа сайжруулдаг, улс орноо авардаг цаг. Тиймээс энэ чиглэлд л ажиллая” гэсэн. Ингээд Засгийн газрын орж ирсэн саналыг дэмжиж, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх бололцоог тусгасан саналыг ажлын хэсэг гаргасан. Харамсалтай нь Ажлын хэсгийн саналыг ч дэмжээгүй. Засгийн газрын оруулж ирсэн бодлого танигдахын аргагүй өөр болж хувирсан. Үүнээс хойш бол Ерөнхий сайд өөрийн гэсэн бодлого явуулах тийм бололцоо нөхцөл хязгаарлагдсан гэж боддог.
Ерөнхий сайд өөрийнхөө чадавхийг бүрэн ашиглаж ажиллах бололцоог УИХ дандаа хумьж ирсэн шүү.
Хичнээн олон шийдвэр эргэж буцав.
-Таны яриад байгаа тэр Төсвийн тодотголын өөрчлөлтүүд сүүлд ОУВС-гийн шаардлага болоод ороод ирсэн л дээ.
-Тэр чинь нэг юм хэлж байгаа биз. ОУВС бол дэлхийн 230 гаруй улс орныг нэгтгэсэн асар их туршлагатай, санхүүгийн том байгууллага шүү дээ. Олон улс орныг санхүүгийн хүнд байдлаасаа гарахад нь зөвлөж, тусалж байсан байгууллага. Энэ туршлагатай байгууллагын манайд үнэлэлт дүгнэлт хийгээд гаргасан бодлоготой Засгийн газрын анх санал болгосон бодлого дүйж байгааг өөрөө анзаарсан байна. Тэгэхээр цэвэр мэргэжлийн бодлого гарч байсан байгаа биз.
Түүнийг нь өөрчилчихөөд хагас жилийн дараа үнэнд гүйцэгдээд ОУВС-гийн бодлогыг хүлээж аваад нөгөө бодлого руугаа эргээд орсон шүү дээ. ОУВС-гийн бодлогыг хэрэгжүүлээд явж байхад сонгууль болсон. Сонгуулийн дундуур эргээд нөгөө анх ярьж байсан асуудлаасаа эргэж, буцсан шийдвэрүүд дахиад гарсан. Засгийн газрыг улс төрийн өнцгөөр шахалтад оруулсан. Үүнээс болоод Засгийн газрын бодлого өөрөө тогтворгүй болж ирсэн шүү. Ерөнхий сайдыг систем нь өөрөө дараад авсан хэрэг. Чиглүүлж байсан намын бодлого нь тодорхой биш, зөв байгаагүйгээс буруу тийш нь чирсэн. Ингээд Засгийн газар өөрчлөгдлөө гэж би хувьдаа дүгнэж байгаа.
-Ерөнхий сайд ээлжит бус чуулганаар санал хураалтын өмнө хэлсэн үгэндээ “Хоёр удаагийн сонгууль л хамгийн том бэрхшээл байлаа” гэж онцолж байна лээ?
-Үнэн.
-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн зарим саналыг улс төрийн шийдвэр гаргалаа гээд л өөрчлөөд байсан. Бүлгээрээ шийдвэрүүдийг нь өөрчилж, самарсны эцэст Засгийн газар хариуцлагыг нь хүлээгээд огцорч байна. Бүлгийн гишүүдэд хариуцлага хүлээлгэхгүй юу?
-Бусад улс орнуудын жишгийг харсан ч Засгийн газар гэдэг гал хамгаалагчийн үүрэгтэй юм шүү дээ. Эрх барьж байгаа намын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гол халуун цэг. Гэхдээ улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах үед гал хамгаалагч нь байх ёстой. Өөрөөр хэлбэл нам руу гал очихгүй наана нь галыг авч гарч байх ийм гашуун үүрэг Засгийн газарт оногддог юм. Амьдрал дээр бид үүнийг мэднэ шүү дээ. Одоо та нар эргээд сана. П.Жасрай гуай Засгийн газрыг тэргүүлж байхдаа намын даргыг аваагүй.
Өөрөө “Яагаад гэвэл Засгийн газар энэ ороо бусгаа хямралтай үед нам руу очих галыг зөөллөх гал хамгаалагч байх учиртай юм. Тийм учраас Засгийн газрыг намын даргатай нэгтгэх нь энэ үед зохимжгүй ээ” гэж байсан. Энэ 27 жилийн дотор ажилласан 14 Засгийн газар дотроос бүрэн эрхийнхээ хугацааг бүрэн дуусгаад эдийн засагт эргэлт авчирч чадсан Засгийн газар бол П.Жасрай гуайн Засгийн газар байлаа.
Тэгэхээр ийм гашуун ч гэсэн амьдралын үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Бүлэг тэр аяараа огцорно гэж байхгүй шүү дээ. Тэгвэл УИХ тарна, энэ бол хамгийн эцсийн шийдвэр. Парламент байхгүй болно. Жинхэнэ төрийн тогтворгүй байдал гэдэг нүүрлэнэ. Тэрний өмнө нэг удаа гал хамгаалагч бол шатахаас өөр аргагүй болж байна.
-Засгийн газар огцрох саяны энэ үйл явдал яг процедурынхаа дагуу болов уу. Д.Лүндээжанцан гишүүн эхлээд Бүлэгтээ танилцуулаад, намын Бага хурлаараа оруулаад явах байсан гэж байлаа?
-Аль аль талд нь эерэг ч зүйл байна, сөрөг ч хандлага байна гэж би урьд хэлсэн шүү дээ. Хэрвээ намыг удирдаж байгаа нэгдүгээр хүн санаачилга гаргаад энэ өөрчлөлтийг зохион байгуулсан бол бүх юм хууль дүрмээрээ явах бололцоо байсан байх. Гэтэл намын удирдлага нь санаачилга гаргаагүй, дүгнэлт хийгээгүй, тодорхойгүй байдал үүсгээд гурван сар боллоо. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Тэгэхээр гишүүд нь санаа зовоод аргагүйн эрхэнд санаачилж байна. Яахав процедурын тийм, ийм алдаа гарлаа гэсэн гомдол гарч байна. Үүнийг гаргахгүй байх бололцоотой.
Бүлгийн удирдлага өөрөө үүн дээр санаачилгатай ажиллах байсан. Гишүүд ийм санаачилга гаргаад ирэнгүүт Бүлэг гишүүдтэйгээ нэгбүрчлэн уулзаад, дийлэнх олонх нь ийм саналтай байна гэдгийг мэдээд, намын гишүүдийнхээ уур амьсгал, нийгмийн хүлээлтийг мэдэрсэн бодлого явуулах ёстой байхгүй юу. Гэтэл сууж суучихаад сүүлд нь процесс аргагүй эрхэнд олонхийн шахалтаар яваад ирэхээр ард нь “Эхлээд надад ч хэлсэнгүй” гэж гомдоллох нь учир дутагдалтай гэж бодож байна. Удирдлага гэдэг чинь тэр хамт олны уур амьсгалыг мэдэрч, чиглүүлж явах үүрэгтэй шүү дээ. Түүнээс зүгээр болсон явдлын араас дагаж явахын тулд удирдлага байх шаардлагагүй. Энэ тал дээр учир дутагдалтай ажилласан гэж би бодож байгаа.
-Та чуулган дээр эцсийн шийдвэрээ гаргасан уу. Наана нь таныг Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан, зураагүй гэдэг яриа гарсан л даа?
-Тэгээд зураагүй л байгаа биз дээ. Гэхдээ шийдвэрээ өмнө нь гаргачихсан байсан. Би өөрийн байр суурь итгэл үнэмшлээрээ намынхаа удирдлагад байр сууриа илэрхийлсэн. Тэр шаардлага тавиад өөрчилье, шинэчилье гэсэн агуулгаар хандаж байгаа гишүүд нь миний байр суурьтай илүү ойр байсан. Бүгдээрээ ижил төвшинд очиж байгаад намынхаа төлөө хамтарч ажиллая. Энэ ялгааг нь арилгаж өгье. Тэгэхгүй бол болохгүй юм байна гэсэн итгэл үнэмшил надад байсан.
-АН-тай нийлж Засгийн газраа унагалаа гэсэн шүүмжлэл бий. Хэрэв МАН-ын гишүүд энэ хуваагдсан байд-лаараа байвал дараагийн Засгийн газрыг АН-ыг оролцуулж байж шийднэ гэх таамаглал ч гарч байна?
-Би үгүй гэж бодож байна. Хэрвээ нам хагарсан тохиолдолд тийм нөхцөл үүсч магадгүй. Гэхдээ тийм нөхцөл үүсэхгүй. Яагаад гэвэл МАН парламентад үнэмлэхүй олонхи. Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр ч Бүлгийн олонхийн шийдвэр байсан. 42:31 харьцаатайгаар Засгийн газрыг огцруулах шийдвэр гарсан шүү дээ. АН-ын найман гишүүн хуралд оролцсон. МАН-ын 33 гишүүн Засгийн газраа огцруулъя гэж санал өгсөн байна. МАН УИХ-д 65 гишүүнтэй. Тэгэхээр 33 чинь олонх байгаа биз дээ. Үүнийг бодолцох л хэрэгтэй.
-Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд ар араасаа боллоо. Монгол Улсын эдийн засаг овоо сэргэх төлөвтэй байна гээд дүгнэж байтал Засгийн газар нь уначихлаа. Та олон Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд эдийн засаг талаасаа ямар үр дүн гарна гэж харж байна вэ. Засгийн газар огцорлоо гээд эдийн засаг сайжирдаггүй л гэх юм байна?
-Хөрөнгө оруулагчид мэдээж тодорхой хэмжээнд харзнасан, хүлээзнэсэн байдалтай болох байх. Нөгөө талдаа тэд юу юугүй бүх юм сайхан байна, өнөөдөр орчихъё гээд ханцуй шамлаад ороод ирсэн гэж би бас харахгүй л байна. Байдалтай танилцаж, сонгуулиудын үр дүнг судалж, Монголын нийгэмд байгаа уур амьсгалд өөрийн гэсэн дүгнэлттэй ирсэн байх. Аль аль талдаа бодолцох л асуудал. Тиймээс үүн дээр би хатуу юм хэлмээргүй байна. Хоёрдугаарт, Засгийн газрыг өөрчилж байгаа бол өнөөгийн байгаа байдлыг сайжруулахын тө-лөө л явах ёстой. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийг сайжруулахын төлөө л хийдэг. Янз бүрээр л ярьж байна. Анх удаа өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байна л гэж байна. Урьд нь бас огцруулж байсан жишээ манайд бий. М.Энхболдын Засгийн газар огцроод С.Баярын Засгийн газар гарч ирж байлаа. Манай нам Онц Их хурлаа хуралдуулж, бодлого үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийж, тэгээд Засгийн газартаа өөрчлөлт хийгээд 2008 оны сонгуульд ялалт байгуулж байлаа. 2008 оны сонгуулийн өмнө мөн л туйлын эр-гэлзээтэй ийм л байдалд байсан шүү дээ.
-Нөхцөл байдлын хувьд одоо-гийнхтой адилхан?
-Тийм. Одоо мөн л МАН бодлого, үйл ажиллагаагаа дүгнэж, энэ хугацаанд алдсан алдаагаа засч, дутуу хийснээ гүйцээхийн тулд нэг сэлгэн байршуулалт хийж байна л гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш энэ одоо нам нь хагараад өөр субъекттэй нэгдээд засаг байгуулах асуудал яригдахгүй. Тийм юм байхгүй.
-Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын асуудал байгаагүй ч хэлэлцсэн. Та “Тусгай хяналтын дэд хороонд байдаггүй хүн яахаараа нууцыг яриад явж байдаг юм” гээд шүүмжилж байсан?
-Би гайхаад байгаа юм. Зарим учрыг нь олохгүй асуудал байна шүү дээ. Тусгай хяналтын дэд хороо цөөхөн гишүүнтэй. Тусгай хяналтын гэхээр ихэнх нь хаалттай явдаг гэдэг хэнд ч ойлгомжтой. Гэтэл яахаараа тэгээд задгай ярьчихдаг юм. Дээр нь яахаараа би үүнд чинь оролцсон гээд байгаа хүн очоод хуралд нь орчихдог билээ. Ашиг сонирхлын зөрчил үүсдэггүй юм уу. Тэгэхээр зохион байгуулалттай юм яваад байгаа юм биш биз дээ гэсэн эргэлзээ надад төрөөд байна шүү дээ. Тусгай хяналтын дэд хороо нь албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байхад л хуралд оролцсон хүн тэр хурлын процедурыг яриад мэдээлэл гаргаж байдаг чинь болж байгаа юм уу.
-Нууц задруулсан болно биз дээ?
-Би мэдэхгүй байна. Мэдэхгүй болохоор л эрх бүхий байгууллагууд нь дүгнэлтээ хийгээсэй гэж хурал дээр ярьсан. Ер нь тэгж болох юм уу.
-Та парламентад олон сонгогдсон хүн. Ер нь хэлэлцэх асуудлаар зарлагдсан чуулганы үед гэнэт өөр асуудал орж ирээд завсарлага өгч байсан тохиолдол өөр байдаг уу?
-Ийм тохиолдол байхгүй. Гэхдээ би үүнийг байдаггүй, болохгүй гэж бодохгүй байна. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудал гэдэгт хамаарахгүй асуудал байхгүй. Тэр утгаараа энэ асуудал тавигдаж байгаа гэж би ойлгож байна. Ерөнхий сайдад улс орны аюулгүй байдлаас эхлээд жирийн ард иргэдийн амьдрал хүртэл бүх асуудал хамаатай. Тийм учраас үүнийг хэлэлцсэнийг би буруу гэж бодохгүй байна. Үнэн байдлыг тогтоох ёстой. Үнэхээр эцсийн шийдвэр нь гараад хөдөлгөөнгүй тогтоогдчихсон бол харгалзан үзэх учиртай. Байдал тодорхой л болж байна шүү дээ. Төрийн байгууллагууддаа албан ёсоор чиглэл өгч юм хийгээгүй юм байна. Гэтэл тагнасан, чагнасан явдал гарсан нь үнэн гэнэ. Түүнийг шалгаж байгаа ч эцсийн дүгнэлт гараагүй байна. Аль нэг талд нь эцсийн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй юм билээ. Задалж яриад байх ч бололцоо байхгүй байна гээд Тусгай хяналтын дэд хорооны дарга ч хэллээ. Тэгтэл ингээд авгай хүүхнүүдийн тулга тойрсон яриа шиг бүх юмаа яриад тэр тэгсэн ингэсэн гээд байх чинь эргэлзээтэй л байдал үүсгэж байна шүү дээ.
-Өнөөгийн Засгийн газрыг Мэргэжлийн нэртэй ч мэргэжлийн бус гээд шүүмжилдэг байлаа. Мэргэжлийн гээд байдаг чинь ямар учиртай юм бэ. Мэргэжлийн хүмүүс байх ёстой юу, сайн менежерүүд байх ёстой юу. Шинэ Засгийн газрыг ямар хүмүүсээр бүрдүүлэх бол?
-Бид бүгдээрээ 2016 онд сонгуульд санал өгсөн биз дээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөр дотор Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт байсан. Түүнийг Монголын ард түмэн юу гэж ойлгож санал өгсөн юм гэдгийг мэдрэх хэрэгтэй шүү дээ.
-Багш хүн Боловсролын сайд болно гэж үү?
-Шууд тэр утгаар нь ойлгосон хэрэг. Мэргэжлийн Засгийн газар гэдгийг ард түмэн тэгж л ойлгосон. Нэгдүгээрт, мэргэжилтэй, хоёрдугаарт, тэр салбараа мэддэг, танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүн байна. Гуравдугаарт, ажиллаж танигдсан дадлага туршлагатай өөрөөр хэлбэл, гал барьсан, хайрагдаж ч үзсэн хүн байна. Тийм хүмүүс л энэ хүнд байдлаас гаргаж чадна гэж итгэсэн гэж би боддог. Тэгэхээр мэргэжлийн гэдэг чинь хэд хэдэн шалгуур байсан байгаа биз. Гэтэл санхүүгийн ажил дээр санхүүгийн биш хүн аваачаад тавьчихаар ард түмэн шууд л эргэлзэж эхэлж байна шүү дээ. Салбартаа ажилласан уу, мэргэжлийн хүн мөн үү, дадлага туршлагатай юу гээд үзэхээр нөгөө шалгуурт нь тэнцээгүй учраас л улсууд байр суурь нь өөрчлөгдсөн хэрэг байх. Энэ чинь амьдралын тодорхой л асуудал шүү дээ.
-Туршлагатай, мэргэжлийн хүмүүс МАН-д олон л доо?
-230 мянган гишүүн дотор хангалттай боловсон хүчний потенциал байгаа шүү дээ.
-Гэхдээ яг томилох дээрээ хүрэхээр өөр дүрэм үйлчлээд байдаг?
-Түүнд чинь л ард түмэн дургүйцсэн. Томилгоо хийсэн шалгуур нь өөрчлөгдсөн учраас ард түмэн дургүйцсэн гэж би ойлгож байна.
-Давхар дээлийг шүүмжилдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний оруулж ирсэн санал УИХ дээр илүү дэмжигдэж байсан?
-Аль нэг тийшээ туйлшрахгүй байх хэрэгтэй. Сонгуульд намын хамгийн шилдэг кадрууд л өрсөлддөг. “Тулаанд шонхорууд нисдэг” гээд кино байдаг даа. Нисч байгаа юм чинь бүгд шонхор. Гэхдээ шонхор дотроосоо бүр хашир оросоор агуулгыг нь ярих юм бол ахмадууд нь эхэлж нисдэг гэсэн санаа байдаг юм. Тийм учраас парламентын сонгуульд бол хашрууд нь ордог. Ард түмний өмнө халз өрсөлдөж байж парламентад суудал авчирч байна шүү дээ. Тэгэхээр парламентын чадавхи илүү гэдэг нь ойлгомжтой. Тэр чадавхийг төрийн гүйцэтгэх засаглалд огт оруулахгүй гэхээр дандаа гаднаас оруулах болно. Ингэхээр нэг, хоёрдугаар эгнээнийхэн дунд хэзээд зөрчил гарна. Өнөөдүүл нь чамлагдана, гологдоно. Өөрөө ч анзаарсан байна. 100 хувь парламентаас гаргана гэхээр бас учир дутагдалтай. Гадна талд мэргэжлийн, дараагийн ээлжинд тэргүүн эгнээнд орж ирэх улсууд бэлтгэгдэх ёстой шүү дээ. Тиймээс энэ хоёрын оновчтой зөв хослолыг олох хэрэгтэй. Би хувьдаа Засгийн газрын гуравны нэгээс хэтрэхгүй нь парламентаас байх хэрэгтэй гэж боддог. Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн буюу хууль зүй, гадаад хэрэг, санхүү эд бол хамт байх ёстой. Бусад дээр нь салбар дотроо танигдсан түүнийгээ аваад явчих хэмжээний улсууд орж ирвэл зөв. Ингэж байж зөв хослол болно. Тэгэхгүй бол болдоггүй юм гэдгийг амьдрал харууллаа шүү дээ. Хичнээн улсууд давхар дээлийг тайлж хая гээд шүүмжилж байлаа. Сүүлд нь аргагүйн эрхэнд өөрсдөө давхар дээл өмсчихсөн “Ингэхгүй бол болдоггүй юм байна” гээд үнэнд гүйцэгдээд л явж байгаа биз дээ.
-Одоо энэ Засгийн газарт ч бий.
-Тэгэхээр энэ чинь амьдралд нийцэхгүй юм байна гэдэг нь ойлгогдож байгаа байх. Хоёр туйлшрал руу явмааргүй байгаа юм. Засгийн газрын бүтцийг бүр Үндсэн хуульд оруулаад хуульчилж өгөх хэрэгтэй. Төрийн байгууллагын тогтвортой байх үндсийг тавьж өгөх хэрэгтэй. Ийм яамд байна, тийм үндсэн чиг үүргийн яам байна гэх мэт. Тэр дундаасаа ургуулаад Засгийн газрын гишүүдийн тэдээс хэтрэхгүй хувь нь УИХ-ын гишүүд давхар байна гээд оруулж өгмөөр байгаа юм. Тэгж байж тодорхой болно. Зах зээлийн нөхцөлд оновчтой гэж үзсэн тогтвортой бүтэцтэй байхгүй бол Засгийн газар болгоны нүүрэн дээр бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөөр байгаад төрийн алба өнөөдөр дээд зэргээр тогтворгүй боллоо. 14 дэх Засгийн газар огцорлоо. Энэ чинь бид эрхзүйн үндсийг бүрэн тавьж чадаагүйтэй холбоотой. Тийм учраас тодорхой хэмжээнд оновчтой зөв хослолыг олох ёстой юм.
-Ирэх онд Чингис бондын эхний төлөлтийг хийнэ. Үүнийг яаж төлөх бол. Төсвийн байдлаар бол боломж нь хомс байгаа юм биш үү?
-Төсвөөс шууд гаргаад май гээд өгчих боломж байхгүй. Үүнийг төлөх арга замыг олох учиртай. Тэгэхийн тулд л төрийн байгууллагууд чинь ажиллана шүү дээ. Түүнээс хэн нэг нь халаасандаа бэлэн хийгээд суучихсан. Тэр хүн л байвал төлчихдөг. Байхгүй бол төлөхгүй үлдчихдэг асуудал байхгүй. Яагаад гэвэл улсын төсөв дээр мөнгө, нөөц байхгүй. Тийм учраас гарцыг олох ёстой. Яаж олох вэ гэвэл өөр хэрэг.
-Гарцууд нь?
-Олон л гарц байна.
-Хөгжлийн банкны бондыг өөр бонд босгох замаар хүнд байдалд л нөхсөн?
-Өнөөдөр шууд бэлэн гаргаад төлчих нөөцгүй болохоор тэр чинь бас нэг л арга шүү дээ. Хугацааг нь хойшлуулах, эсвэл арай хямдхан шиг бонд олоод өнөөхөө төлөөд хугацаагаа сунгах арга байна. Дээрээс нь тусламж дэмжлэг авах аргууд бий. Тэр гарцуудаа олох ёстой. Өнөөдрийн манай эдийн засаг санхүүгийн нөхцөлд ОУВС-тайгаа хамтарч бодлого хөтөлбөрөө хугацаа алдалгүй шуурхай хэрэгжүүлэх ёстой. Өөр арга байхгүй. ОУВС-гийн энэ санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр бол Монгол Улсыг гурван жилийн дотор эдийн засгийн хүнд байдлаас гаргаж чадах хөтөлбөр. Хугацаагаа бодоод үз, хэзээ дуусах вэ.
-2019 онд.
-Тэгвэл 2019 онд хямралаас гарчихсан байхын тулд бид одоо бүх нөөц бололцоогоо дайчлаад үүн рүү л явах ёстой. Тэгэхгүй арга саам хийгээд, эргэж буцаад хэрэгжүүлэх ёстой юмаа хагас дутуу хэрэгжүүлээд эргэлзээтэй байдалд оруулаад байвал бидний хямралаас гарах хугацаа цаашлаад л байна. Бид энэ байдалд улам л удаан байна гэсэн үг. Тийм учраас одоо бодлого тодорхой. Бодлогоо шуурхай, эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо ингээд эргэж буцаад нэгийгээ болиод л байх юм бол тэр хэмжээгээр хугацаа алдана. Энэ сард ОУВС Монголын хөтөлбөрийг авч хэлэлцэх байсан. Бас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо гэсэн мэдээ ирж байна. Тэгнэ шүү дээ. Урьд нь яагаад хэлэлцээгүй гэхээр бас тодорхойгүй л байсан байхгүй юу. Бүрэн хэмжээнд явж байна уу, энэ эргэж буцсан юмнууд нь засрах нь уу гээд харж л байсан.