2017.09.07

Л.Болд: Концессын асуудал бол 60 тэрбумын тохиролцоо үнэн гэдгийн нэг илрэл

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд санал бодлоо илэрхийллээ.

Л.БОЛД: 60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙЖ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ЭРГЭЖ ОЛНО

Гишүүд энэ асуудлыг Ардчилсан намтай хамтраад тавьж байгаа юм шиг олон нийтэд яриад байна. Тийм зүйл огт байхгүй. Энэ гарын үсэг зурсан гишүүд дотор Ардчилсан намын нэг ч гишүүн байхгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн дүн тавьсан. Түүнд олонхи бүлгийн тодорхой гишүүд дүгнэлт хийж УИХ чуулган дээр Засгийн газрын асуудлыг ярьж байна. Үүнийг нам хоорондын тэмцлийн агуулгаар ойлгож, буруу тайлбарлаж  бологүй гэдгийг анхааруулмаар байна.

3 үндэслэлээр огцруулах санал тавьсан. Эхнийх нь 807 тэрбум төгрөгийн концессын асуудал. Энэ нь хэдийгээр үндэслэлд бичээгүй ч гэсэн сонгуулийн өмнө яригдсан 60 тэрбумын сүлжээний асуудлын нотолгоо гэж харж байна. 60 тэрбум бол концессын билет. 807 тэрбум бол концессын эхний хэсэг. Өнөөдөр 60 тэрбумын асуудлыг янз бүрийн шахалт даалгавраар булзааруулаад хэргийг хаагаад, хойшлуулаад байгаа боловч 807 тэрбумын асуудал томоохон сануулга болж орж ирж байна.

Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон асуудал. Хүүхдийн мөнгө олгосон учир би энэ асуудлыг буруутгаж чадахгүй. Хууль бусаар ч хамаагүй хүүхдийн мөнгө эзэндээ ялгаваргүй очих нь зөв.

Гуравдахь үндэслэл бол боловсон хүчний сонголт, томилгооны асуудал. Мөнгөөр зарагдсан албан тушаалын үр дүн гарж байна. Аль нэг нам гэхгүйгээр монголын төр цэвэрших, ард түмний итгэлийг эргэж олох хамгийн гол алхам бол 60 тэрбумын асуудлыг шийдэх юм.