Засгийн газрыг огцруулах асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой
Өнөөдөр буюу 2017 оны 08 сарын 23-нд МАН-ын бүлгийн зарим гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг өргөн барьлаа.
Уг бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үйлдсэн бөгөөд МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан юм. УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа учир дэд дарга Я.Санжмятав огцруулах бичгийг хүлээн авлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороог долоо хоногийн дотор зарлах, УИХ-ын чуулганыг 14 хоногийн дотор хуралдуулах заалттай юм.
Огцруулах бичгийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Сонгуулийн үеэр бид маш тодорхой амлалтуудыг өгсөн. Монголын төрд шударг ёсыг тогтооно гэсэн. Хариуцлага тооцно, эрх зүйт төр болгоно гэж амласан. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд амласныхаа дагуу ажилласангүй. Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ Засгийн газарт дүнгээ тавьсан.
Тийм учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг сунжруулах нь цаашид улс орны эрх ашигт хохиролтой гэж үзэж байна. Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна.
Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна” гэж хэллээ.
Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Эрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа. УИХ-ын даргатай эхлээд холбоо барина. Цаг хугацааны хувьд эргээд хариу өгнө” гэсэн юм.