УИХ-ын гишүүн О.Баасанхүү ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргажээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүллээ. Намрын налгар өдрүүд эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад шийдвэрлэх олон чухал ажлууд хүлээгдээд байгаа билээ.
О.Баасанхүү гишүүн нэр бүхий 4 үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Үүнд:
Нэг. Улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах
Хоёр. Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны 5 дугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах
Гурав. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах
Дөрөв. Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн миний бие энэ асуудлыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах