О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр эрхийг л болиулсан
2017.07.31

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр эрхийг л болиулсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ, миний бие Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм уу эсэргүүцсэн асуудал байхгүй гагцхүү иргэд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн яг ямар зүйл заалт нь яаж өөрчлөгдөж байгааг хооронд нь харьцуулж, мэдээлэл сайтай байгаасай гэсэндээ энэхүү мэдээллийг өглөө гэж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаах зорилготой МАН-ын бор шувуу мэтээр яриад үүний эср АН-ынхан мэдэгдэл хийсэн гэж ярьж байна. Гэхдээ яг бодитоор аваад үзвэл МУ-ын Үндсэн хуулийг өөрчилье гэдэг санаа бүр 2000 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Яагаад гэвэл 2000 онд Үндсэн хуулийн 22.2, 24.1, 27.2, 27.6, 29.1, 33.1, 39.2 гэсэн заалтыг тухайн үеийн МАХН 72 суудалтай байхдаа энэ долоон заалтыг өөрчлисөн. Энэ долоон заалтыг өөрчлөхдөө дордохын долоон заалт гээд зарим нь хэлдэг.

22.2 Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

24.1 Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

27.2 Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

27.6 Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

29.1 Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

33.1 Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
4/ гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6/ Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
7/ улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
8/ уучлал үзүүлэх;
9/ Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11/ бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/ Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

39.2 Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.