Д.Сарангэрэл: Нуух юм байгаа, нотой хүмүүсийн  хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарах гэсэн үйлдэл
2017.07.27

Д.Сарангэрэл: Нуух юм байгаа, нотой хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарах гэсэн үйлдэл

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийн хэрэгслийг төдийгүй олон нийтийг үнэхээр цочирдууллаа. Энэхүү хуулийн зүйл заалт дээр ямар  байр суурьтай байна вэ?

- Тоог өсгөх, хэд хэдэн тэг нэмэх гэх зэргээр асуудалд их хөнгөн хандаж байна. Мэдээж гүтгэхтэй  холбоотой асуудлыг яриад байна. Манай сэтгүүлчид алддаг. Сонины дугаар буух гээд, телевизийн мэдээний цаг болчих гээд яарах, сандрах зүйлс гардаг. Тухайн мэдээллээ олон эх сурвалжаас баталгаажуулаагүйгээс үүдэлтэй алддаг онодог юм бий. Ийм тохиолдолд уучлал гуйж,  залруулга гаргадаг. Ийм үүрэг хүлээсэн ёс зүйн зөвлөлтэй болсон бид. Тэгэхээр бид хариуцлага хүлээхгүй гэсэн зүйл огт яриагүй. Хамгийн гол нь энэ гүтгэлгийн цаана юу нуугдаж  байна вэ. Өнөөдөр Чингис бондоос зээл аваад төлөөгүй олон хүн байгаа юм байна лээ. Энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл л ил гаргаж тавьдаг. Одоо торгуулийн хэмжээ 100 сая болчихоор зэрэг энэ мөнгөнөөс нь халшраад сэтгүүлчид мэдээллээ зоригтой өгч, чадахаа болих, үүгээр хэвлэл мэдээллийг мохоох гэсэн, ард түмнийхээ үнэнийг мэдэх  эрх ашигт хор хөнөөл учруулах ийм ноцтой заалт оруулж ирсэн. Энэхүү үйлдлээс болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хохирсон. Дараа нь олон нийт цочирдсон. Ийм үйлдэлд хүргэснийхээ төлөө зарим улстөрчид уучлалт гуйх ёстой. Хамгийн гол нь монгол төрийн парламентын нэр хүндийг сэвтүүллээ. УИХ найман байнгын хороотой. Өнөөдөр зөвхөн Хууль зүйн байнгын хороон дээр яригдсан асуудал. Энэхүү байнгын хороон дээр яригдсан асуудлыг УИХ болон бусад байнгын хороо зөвшөөрнө гэсэн үг биш. Тиймээс бүхэлд парламент хэвлэлийн эсрэг, ард иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийн эсрэг байна гэдэг юм уу. Нэг бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хуулийн бэлтгэл хийж байна гэсэн мэдээлэл өрөөсгөл гэж бодож байна. 

-Бүх гишүүд дэмжсэн мэтээр ойлгогдоод байна шүү дээ? 

-Тэгэхээр хуулийн төслийг санаачлагч, энэ саналаа татаж байгаа тухай мэдэгдэл хийсэн. Энэ засагдаад явах байх. Гэхдээ маш том сэв, маш том гомдлыг үлдээлээ. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Парламентын нэр хүндийг унагалаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг зүйл болсон. Би хүртэл хэвлэл мэдээллийнхээ байгууллагынхаа эсрэг байгаа мэтээр энэ дунд ороод явчихсан байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнээсээ чин сэтгэлээсээ хүсэхэд зөвийг ялгаж, салгаж ойлгоорой. Үүний эсрэг байгаа олон гишүүн байгаа шүү дээ.

-МАН-ын  Удирдах зөвлөл хуралдсан. Мэдээж зөрчлийн тухай хуулийн талаар ярьсан байх?

- Мэдээж энэ асуудлаар болж хуралдсан гэвэл өрөөсгөл болох байх. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлын хэсгээ байгуулах зэрэг асуудлыг ярьсан. Энэ асуудлыг Ө.Энхтүвшин дарга хамгийн түрүүнд гаргаж тавьсан.УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлаар бид олон нийтэд тайлбар хийх ёстой. Санал гаргасан гишүүн энэ заалтаа татаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс бид энэ мэдэгдлийг өгч, хэвлэлийнхэнд олон нийтэд зөв мэдээлэл өгөх нь зүйтэй. Энэ асуудалд тоомжиргүй хандаж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлдэг ийм чухал салбарын хувьд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Үүгээр дамжуулаад ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг асуудлыг тавьсан байгаа. Тиймээс зарим нэг хүний өөрсдийн дохио зангаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлгөх гэсэн, өөрсдөд нь нуух юм байгаа, нотой хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарах гэсэн, санхүүжилтээр боймлож, өөрсдийн дураар хөдөлгөх гэсэн ийм санаархал бүтэхгүй гэдгийг хэлмээр байна. 

-Хэдийгээр мэдэгдэл гаргасан ч зүсээ хувилгаад ороод ирэх вий дээ гэсэн айдас их байна? 

-Одоо болгоомжлохоос өөр арга байхгүй. Хардахаас ч өөр арга байхгүй. Бид өнөөдрийг хүртэл эрүүгийн хуулийн 111 зүйл заалтууд арай зөөлрөөд зөрчлийн тухай хууль руу орж ирлээ. Энэ талаарх ойлголт нэлээд өег маягтай байсан. Итгэл дүүрэн байсан. Гэтэл дундуур нь хар муур гүйчихлээ. Тиймээс болгоомжтой байх ёстой.  Дахин хэлэхэд монголын парламент УИХ дахь МАН –ын 65 гишүүн хэвлэлийн эсрэг юм уу сэтгүүлчдээ  шорон оронд хийх явуургүй санаа огт байхгүй. Энэ бол цөөхөн хүнээс гарч ирсэн санаа. Би үүнийг дэмжигдэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. 

-Торгосноор асуудал шийдэгдэх үү?

-Торгуулийн хэмжээ нэмчихээр асуудлыг шийдэх юм шиг хөнгөн хуймгай хандлаа. Үүнээс гарах маш олон зам бий. Тухайлбал, хөгжилтэй орнуудад, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гүтгэхтэй холбоотой заалт бүхэлдээ хэрхэн яаж хандаж байна вэ гэхээр иргэний хуулиар эсвэл ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа. Сэтгүүлзүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн,   иргэний, зөрчлийн хууль руу огт аваачдаггүй. Мэргэжлийн байгууллагад өргөдөл гомдлоо өгөөд тэндээс нь ёс зүйн хэм хэмжээгээр нь арга хэмжээ авдаг, уучлал гуйлгадаг шүү дээ. 

эх сурвалж: unen.mn

С.Наран