Л.Энхболд: Би жаазтай батламжид нэг их ач холбогдол өгөхгүй байгаа
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.
-БАТЛАМЖИЙГ НЬ ХАРАНГУУТАА “ӨӨ ИНГЭЖ БОЛОХГҮЙ, БУЦААЯ” ГЭЛТЭЙ БИШ, ШУУД ГАРДУУЛСАН-
-Хоёулаа ярилцлагаа сошиал орчинд түгээд буй таны жаазтай зургаас эхэлье. Ямар шалтгааны улмаас тийм зураг уяачдад бэлэглэх болсон талаар та өөрөө тайлбарлавал уншигчдад илүү ойлгомжтой байх?
-Уг нь би жаазтай зураг тараагаагүй юм. Өмнөговь аймагт энэ оны эхээр “Залуу уяачдын чуулга уулзалт” зохион байгуулагдсан. Уг чуулга уулзалтын үеэр морин спортоор дамжуулж, Өмнөговь аймгийг сурталчлах боломж, бололцоог өргөжүүлэх зорилгоор би тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар 15 хурдан удмын даага өгөхөөр амалсан юм.
Ингэхдээ Дорнод аймагт байдаг өөрийн хэдэн адуунаасаа 15 сумынхаа залуу уяачдад өгөхөөр тооцсон л доо. Тэдгээр даагаа сая наадмаар уяачдад гардуулсан юм. Яах вэ, манайхан батламжаа хийхдээ миний зургийг жаахан томруулаад тавьчихсан юм билээ. Би жаазтай батламжид бол нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ тийм их хор хөнөөлтэй үйл явдал мөн үү? Гол нь, улсын чанартай томоохон уралдаануудад монгол адуу уралддаг болж буй энэ нөхцөлд бид аймгийнхаа адууны удам угсааг илүү сайжруулах, чанаржуулах шаардлагатай. Уяачид маань улсын чанартай уралдаануудад оролцож, нутаг усныхаа нэрийг гаргаасай гэж бодсон моринд хайртай хүний л санаа байсан.
-Та өөрөө очиж шагналаа гардуулсан юм билээ. Тэр батламжийг хараад “Арай зохимжгүй юм байна” хэмээн буцаах, өөр зүйлээр орлуулах арга хэмжээ авч болоогүй юм уу?
-Нэгэнт зарлагдчихсан арга хэмжээ байсан, олон хүмүүсийн өмнө батламжийг нь харангуутаа “Өө ингэж болохгүй, буцаая” гэлтэй биш, шууд гардуулсан. Гэхдээ би жаазтай батламж тарааснаа нэг их буруу үйлдэл гаргаагүй л гэж ойлгож байгаа. Олон нийт үүнийг сурталчилгаа гэж үзээд байж мэдэх юм. Хэрвээ тэгж үзэж байгаа бол сурталчилгааны үеэр бүгд л зураг, хөрөгтэй зүйлээ тараадаг. Сар шинийн үеэр л гэхэд бүгд цаглабарын нүүрэн дээрээ зургаа хэвлүүлээд л өгчихдөг юм билээ. Тэр ч байтугай, бурхантай хамт авахуулсан зургаа тараасан УИХ-ын гишүүнийг ч харж байлаа. Уг нь би анхнаасаа сурталчилгаа хэлбэрээр хараагүй. Нэг ч гэсэн уяачийн монгол адууны удмын чанарыг сайжруулъя л гэсэн бодлоор тойрогтоо ажилласан юм. Холоос ачигдаад ирсэн эмнэг дааганууд үргэж бусгаад байсан тул наадмын асраас жаахан зайдуу гардуулаад, уяачидтай хамтдаа дурсгалын зураг татуулсан, ийм л үйл явдал болсон.
-2008 ОНД УИХ-Д БИЕ ДААН НЭР ДЭВШИЖ, ХАМГИЙН ӨНДӨР САНАЛ АВСАН ХОЁР БИЕ ДААГЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭЖ БАЙЛАА-
-Нэг асуусных, энэ мэдээлэлтэй зэрэгцээд МАН-аас дэвшсэн “бор халзан хонинууд”-ын нэгээр та нэрлэгдлээ. Тэгэхээр яаж яваад УИХ-д нэр дэвших мандат намаасаа өвөртлөснийг тань бас давхар асуумаар санагдлаа?
-Би улс төрд ороод арваад жил болж байна. 2004 оноос би “Өмнөговь аймгийн залуучуудын хөгжлийн төв” нэртэй байгууллага байгуулж, давхар олон улсын JCI байгууллагад гишүүнээр элсэн, Монгол дахь JCI Capital салбарын ерөнхийлөгч болтлоо дэвшин ажиллаж байлаа. Энэ хугацаанд аймгийнхаа төлөө сэтгэлтэй олон залуустай нэгдэж, хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Залуучуудын байгууллагад ажиллаад, нутаг орондоо хэрэгтэй ажлууд хийе гээд зүтгэж явахад дандаа улс төрийн бохир орчин саад учруулдаг байв. Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар хааж, боомилно. Тухайлахад, 2007 онд би аймагтаа 400 орчим сая төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх автал тэр үеийн Барилга, хот байгуулалт хариуцсан яам гацаачихдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад, хэн гацаасныг нь хайтал сайд “фортуна” Н.Батбаярт манай тойргийн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гишүүн “Банк бус санхүүгийн байгууллагаар төсөл хэрэгжүүлэхгүй” гээд хаалгачихсан байх жишээтэй. Тэгсэн ч бууж өгөөгүй. Дахиад тэр төсөл хөтөлбөрт өөрөө өрсөлдөн арилжааны банкуудыг ялж байж, аймагтаа хэрэгжүүлж байлаа. Орон нутагт үйл ажиллагаа явуулахаар аймгийн удирдлагууд бас тээг тавьдаг, ирээдүйд өөрсөдтэй нь өрсөлдөнө гэж хараад, хааж боогоод байгаа санаа нь тэр л дээ.
Тэгээд залуучуудын байгууллагынхан ярьж байгаад, “Ер нь та аймгийн удирдлагуудтай нэг ярилцаад үз. Одоо арай дөмөг нь МАХН юм байна. Аймагт ИТХ-ын 25 төлөөлөгч сонгогддог, үүний аравт нь залуучуудаас өрсөлдүүлье гэж хэлээд үз” гэсэн юм. Энэ дагуу би очоод аймгийнхаа намын удирдлагатай уулзлаа. Тэгсэн өмнөөс “Уучлаарай, бид ТББ-тай ярьдаггүй. Нам намтайгаа ярьдаг юм” гэж хариулсан. Энэ мэтчилэн бидэнд саад тотгорууд үүссэн тул би 2008 онд УИХ-д бие даан нэр дэвшиж байлаа. УИХ-д гараагүй ч улсын хэмжээнд хамгийн өндөр санал авсан хоёр бие даагчийн нэгээр нэрлэгдэж байв. Энэ үеэс хойш улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2009 онд МАХН-д элсэж, 2010 ондоо аймгийнхаа намын дарга болсон. УИХ-ын 2012 оны сонгуульд намаасаа нэр дэвших байсан ч Удирдах зөвлөл дээр намайг унагаж, нэр дэвших боломж олгоогүй. Харин 2016 онд өмнөх сонгуулийн нэгэн адил судалгааны рейтинг харьцангуй сайн байсан тул нам мандат олгож, УИХ-д сонгогдсон. Ингээд яривал би улс төрийн хүрээнд хэн нэгний оймсонд хавчуулагдаж орж ирээгүй. Хэдэн даага нутаг орныхоо уяачдад өгсөн үйл явцаас батламж гардуулсан хэсгийг нь салган авч, миний нэр хүндийг унагах гэж оролдож байна лээ. Цаана нь хэн байгааг би гадарлаж байна.
-“АЖНАЙ”-Н Д.БАТ-ЭРДЭНИЙ ТЭРБУМТАН БОЛСОН ТҮҮХ НАДТАЙ ХОЛБООТОЙ-
-Та тойргийнхоо өрсөлдөгчдийг, бүр тодруулбал ажнай Д.Бат-Эрдэнийг нэрлэх гээд байна уу?
-Мэдээж. 2020 оны УИХ-ын сонгуульд надтай өрсөлдөхөөр зэхэж байгаа улсуудын л зохион байгуулж буй ажил. Би тэр хүнийг иймэрхүү жижиг зүйл хийх хүн биш гэж бодож байна. Магадгүй түүний гар хөл болсон хүмүүсийн зохион байгуулж буй ажил байх. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаа эс тооцвол аль ч талаараа “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ надад муу зүйл хийх хүн биш, ер нь бол “Ажнай”-н Д.Бат-Эрдэний тэрбумтан болсон түүх надтай холбоотой юм ш тээ.
-Яагаад тэр билээ?
-Би оюутан байхдаа Улаанбаатар зочид буудлын гаражид манаач хийдэг байлаа. Улаанбаатар зочид буудлын цагаан хэрэглэлийг шөнөжин угааж, өдөр нь машин тэргийг нь цэвэрлэдэг манаач байсан. Тэр үед Улаанбаатар зочид буудлын эзэн Д.Бат-Эрдэнийг өглөө оройд хүргэж өгөн, машиныг нь цэвэрлэдэг байлаа. Тийм ажил хийж явахдаа одоо Д.Бат-Эрдэнийг тэрбумтан болгосон Тавантолгой хувьцаат компанийн хувьцааг би цуглуулж байсан юм. Тухайн үедээ Улаанбаатар зочид буудлаас (1997-1999 он.сурв) 50 мянган төгрөгийн цалин авдаг байв. Гэвч Улаанбаатар зочид буудалд манаач хийдэг байхдаа би Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн байсан юм. Тэгээд 1999-2000 оны үед “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ “Нутагтаа нэр дэвших гэсэн юм. Тиймээс Өмнөговьд нэг ААН-тэй баймаар байна. Тавантолгойн хувьцаагаа надад өгчихөөч” гэж манай ахаар дамжуулж гуйсан юм.
-Тэгээд та өнөөгийн орон нутгийн өмчит Тавантолгой хувьцаат компанийн хувьцааг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэд зарж байсан хэрэг үү?
-Зараагүй. Зүгээр л өгчихсөн. Тухайн үед би хувьцаанаасаа 400 гаруй мянган төгрөгийн ногдол ашиг авдаг байсан. Ерөнхийдөө нүүрсний үнэ өсөөгүй, ашиг багатай үе нь л дээ. Тэр үедээ нөхрийн ёсоор Д.Бат-Эрдэнийг дэмжиж, хүндэтгэсэн хэрэг. Тухайн үедээ Д.Бат-Эрдэнэ Улаанбаатар зочид буудлын ТУЗ-ийн гишүүн байхад би манаачийг нь хийдэг байсан. Гэхдээ ингээд улс төрийн өрсөлдөгч болчихно гэж санаагүй. Д.Бат-Эрдэнэ өнөөдөр Монголын тэргүүн тэрбумтануудын нэг. Тавантолгойн нүүрсийг үнэмлэхүй эрхтэйгээр зөөсөөр байгаад тэрбумтан болсон. Яг өнөөдрийн улс төрийн өндөрлөгөөс харахад би буруу хүнд хувьцаагаа өгсөндөө харамсдаг. Нутаг орныг минь тамтаггүй сүйтгүүллээ. Асар их баялагтай Өмнөговийн ард түмэнд үр ашиг хүртэх боломж тэр олгоогүй.
-МАН ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ-
-Та сая Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийг тойрогтоо хэрхэн сурталчлан ажиллав?
-Бүхий л чадлаараа нэр дэвшигчээ дэмжиж ажиллалаа.
-Сонгогчидтой уулзаад явж байхад тань УИХ-д 65 суудал авсан үеэс намын нэр хүнд суларсан нь анзаарагдаж байв уу?
-Анзаарагдсан. Мэдээж өрсөлдөгчийн сонгуулийн пиарын баг сайн ажиллалаа. Бодит байдал дээр Засгийн газар Монгол Улсын эдийн засгийн байдлыг сэргээсэн нь үнэн. Бага зэргийн орлоготой болж, эдийн засагтаа ногоон гэрэл асааж чадлаа. Ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд ОУВС-тай хэлэлцээр хийж, татварын нэмэгдэл бий болгосон нь амлалтаасаа буцсан гэх нэр зүүхэд хүрлээ. Энэ тал дээр өрсөлдөгч ч сайн дөрөөлж ажилласан. Засгийн газрын өмнө алсыг харах уу, өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг чухалчлах уу гэсэн сонголт байсан. Эдийн засгийн алс хэтийн үр өгөөжийг тэд илүүд үзлээ. Энэ нь сонгуулийн дүнд нэлээд нөлөөллөө. Гэхдээ сонгууль ярьж байгаагийнх, МАН-ын ялагдлын гол шалтгаан нь “60 тэрбумын бичлэг” байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Шууд хэлэхэд, 60 тэрбумын асуудалд холбогдсон хүмүүс албан тушаалаа өгч, асуудлаа шалгуулаад үнэн, мөнөө олох хэрэгтэй. Ер нь бол бусармаг зүйлд оролцсон, нэр хүнд нь унасан хүмүүс 2020 оны сонгуульд МАН-ыг толгойлж хэрхэвч оролцож болохгүй.
-Бичлэг дээр бас МАН-ын дарга М.Энхболдын дуу хоолой байгаа?
-Бид яг л та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байгаа. Гурван удаагийн сонгуулиар энэ бичлэг гарч ирлээ. Тэгэхээр үүнийг зайлшгүй учрыг нь олох шаардлагатай. Намыг нам шиг явуулах гэж байгаа бол энэ бүхнээ цэвэрлээд л цааш явах учиртай. Ингэж чадахгүй бол 2020 оны улс төрийн сонгуульд МАН хэрхэн оролцох уу гэдэг нь ч хэцүү.
-Бичлэг ил гарч ирээд жил гаруй болоход хэнд ч ямар ч хариуцлага тооцсонгүй. Цаашдаа МАН шинэчлэгдэхгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй нь гэж гишүүд дэмжигчид нь үзэж байна?
-МАН шинэчлэгдэхгүй бол 2020 онд би нэр дэвшихгүй. Сонгуульд оролцохгүй. Бид намаа сэтгэл зүрхээрээ дэмжин ажилласаар ирлээ. Тийм учраас шинэчлэгдэх үйл явцыг бий болгохын төлөө зүтгэнэ. Гэхдээ “Та нар шинэчлэгд” гэж учир зүггүй хашгираад, хүмүүсийн ярьдгаар поп дүрд тоглохгүй. Ингэж байж л 2020 онд намаа шинэчилж, УИХ-ын сонгуульд оролцоно. МАН 2020 онд шинэ лидерүүдтэйгээр өрсөлдөөнд орох ёстой л гэж харж байна.
-Сонгуулийн үеэр хотын фракциас шинээр сонгогдсон нэр бүхий гишүүдийг дуудан уулзаж, дарамт үзүүлсэн гэх мэдээлэл явсан. Тантай уулзсан уу?
-Надад огт тийм зүйл мэдэгдээгүй. Яг үнэндээ би намын дотоод ажилд нэг их оролцдоггүй.
-ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР ОДООГООР ЗОГСЧИХСОН БАЙГАА-
-УИХ-д Өмнөговиос сонгогдсон гишүүдтэй уулзах бүрдээ асуумаар санагддаг. Таны хэлсэнчлэн тэр их баялгийн үр ашиг иргэдийн амьдралд шууд байдлаар өгөөжөө өгөх, нийгмийн асуудалд нь тодорхой байдлаар нөлөөлөх асуудалд та хэрхэн анхаарч байна вэ?
-Өнгөрсөн 2016 оноос хойш энэ асуудал манай аймагт харьцангуй эерэгээр шийдэгдэж эхэлж байгаа. Уул уурхайн компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтрах зарчмаа гэрээлдэг хэлбэрт шилжсэн. Ирэх есдүгээр сард энэ асуудлаар чуулга уулзалт зохион байгуулна.Уул уурхайн компаниудад бид дөрвөн үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, байгаль орчинд ээлтэй байх, Хоёрдугаарт, тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, Гуравдугаарт, орон нутгийн ААН-үүдийг дэмжин ажиллах, Дөрөвдүгээрт, нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлах. Хамаарлын бүсэд байгаа өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарах шаардлага тавьж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар ТЭЗҮ-ээс гадна Нийгэм, эдийн засгийн үндэслэлээ давхар гаргаж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг байх асуудалд цаашид анхааран ажиллана. Ингээд хуульчлаад ирэхээр өөрсдийнх нь хүртэх эдийн засгийн үр ашгаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлууд зэрэгцээд тодорхой болчихно. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ТЭЗҮ талдаа л анхаарч, нийгмийн асуудал орхигдсоор ирлээ.
-Өмнөговиос сонгогдсон гишүүн учраас нэг асуулт нэмье. Тавантолгойн хэлэлцээр нэг хэсэг эрчимтэй явагдаж байснаа чимээгүй болчихлоо. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Тавантолгойн гэрээний асуудлаар би салбарын сайдтай уулзаж, Ерөнхий сайдад асуулга хүртэл тавьж байлаа. Гэрээг Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгах тал дээр л Засгийн газар гол анхаарлаа хандуулах учиртай. Одоогоор “Шинхуа”-тай хийж байсан хэлэлцээр зогсчихсон байгаа. Тавантолгой өнөөдөр ч гэсэн улсдаа тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ үүнийг илүү үр ашигтай болгох ёстой. Үүний тулд төмөр зам болон бусад асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар гэрээг яригдаж эхлэнгүүт нь би хамтарч ажиллана гэдгээ илэрхийлчихсэн байгаа.
Ж.МЯДАГБАДАМ