Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулга, төрийн гурван өндөрлөгийн нэг хэвээр үлдсэн М.Энхболд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50,61 хувийн /611226 иргэн/ дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга, нийт сонгогчдын 41,16 хувийн /497067/ хувийн санал авсан М.Энхболд нарыг "Маш чухал хүн"-ээр онцолж байна.
тугал ч хариулна. Туг ч...
УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, хоёр салбарын сайдаар томилогдон, Женко ХХК, Баянгол зочид буудал ХК, Мах Импекс ХК-ийн захирлын албан тушаал хашиж байсан Х.Баттулга 54 настайдаа Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хэрэв тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч хэвээр хоцрох байсан. Намын дотоод сунгаандаа Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нартай өрсөлдөж, Нийт АН-чуудын олонхийн саналаар Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Тэр нэр дэвшээгүй бол АН-ынхан хоёр дахь удаагаа ялагдал хүлээх байсан ч байж болох.
Түүний гол тактик бол өрсөлдөгчөө харлуулах, гол зэвсэг нь бичлэг байлаа. “Газрын наймаачин” гэдгээс өөр нэр хочгүй байсан М.Энхболдын “үнэн төрхийг илчилсэн” гэж хэлж болно. Тэрээр өөрөө ч бас огт “Но”-гүй нэгэн биш гэдгийг өмнө нь өрнөсөн улс төрийн процессууд ч тэр, өрсөлдөгчийнх нь ил гаргасан баримтууд ч нотолно.
Гэхдээ Х.Баттулга өрсөлдөгчийнхөө талаар мэдээллийг маш сайн цуглуулсны хүчинд олон сонгогчийн санаа бодлыг эргүүлж чадсан юм. Түүний баг хүчирхэг бөгөөд “Но”-гүй ажилласан нь амжилтынх нь нэг түлхүүр.
АН эв нэгдэлгүй байна, шинэчлэгдэх ёстой гэж ярьдаг ч энэ удаад нэг цул болж ажиллан, хоёр ч удаагийн санал хураалтаар нэр дэвшигч нь илүүрхэв.
Харин Х.Баттулгыг ялагч болж чадаагүй бол үймээн самуун өрнөх байх гэж таамаглаж байсан ч ялалт байгуулсан учраас Ерөнхийлөгчийн эрх мэдэл тайван замаар шилжих нь. Ийнхүү эр хүн "туг ч барина, тугал ч хариулна" гэдэгчлэн нэгэн үе төмөр замын асуудлаас болж нэр хүнд нь унаж, УИХ-ын сонгуулиар Баянхонгорчуудын итгэлийг авч чадаагүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин яллаа.
Онцын өөрчлөлтгүй
УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, УИХ-ын дэд дарга, Шадар сайд, МАХН-ын дарга, хотын захирагчийн албан тушаал хашиж байсан МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхийлөгч болох л үлдээд байсан. Гэвч ард түмний дунд явуулсан хоёр удаагийн саналаар хоёуланд нь олонхийн санал авч чадалгүй бүдэрлээ.
Гэхдээ тэрээр харьцангуй зөөлөн газардсан гэж хэлэхэд болно. Учир нь УИХ-ын дарга буюу төрийн гурван өндөрлөгийн нэг хэвээр үлдэв. Харин намынх нь түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, МАН-ын даргын суудлаас нь буулгах үгүйг хэлж мэдэхгүй юм.
Ямартай ч УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулснаасаа хойш Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зориг шулуудан бэлдэж эхэлсэн түүнийг 2017 оны 5 дугаар сарын 3-ны МАН-ын VIII бага хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр зарласан. Намын доторх сунгаанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцох байсан ч нэрээ татсан гэдгийг сануулах хэрэгтэй байх.
Тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хоёр дахь хүнээр Ц.Нямдорж нэрлэгдэж байсан бөгөөд намын бага хурал дээрээ М.Энхболдод ахын ёсоор амжилт хүсч, “намайг явж байна гэж бодоод дэмжээрэй” гэж нэгэнтээ хэлж байсан. Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдож байх үед М.Энхболдыг “хариуцлагаас мултарч байна. Эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах ёстой” гэж зэмлэх олон ч байсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг харсан МАН-ын зарим гишүүн буруу хүнээ нэр дэвшүүлсэн гэж ч хэлээд авлаа. Үнэндээ М.Энхболд мэдлэг, боловсрол, улс төрийн туршлагын тухайд Х.Баттулгаас хол илүү байсан ч сайн, муу ч олонд танигдсан улстөрч биш гэдэг нь харагдлаа. Магадгүй МАН-ын сонголт хийгээд сонгуулийн сурталчилгааны хэлбэр оновчгүй байсан ч байж болох.
МАН эв нэгдэлтэй, нэр дэвшигч нь гол өрсөлдөгчөө хямрал, хагарал гэж зарлаж байсан ч яг үнэндээ тус нам дотроо эв түнжин муутай, итгэж үл болох хүмүүсээр багаа бүрдүүлсэн, “урвагч”-тай байсан нь алдагдсан бичлэгүүдээс нь тодорхой. Ямартай ч тэдний санаснаар дипломны сонгууль болоогүй, Н.Энхбаяраас хойш хоёр удаагийн сонгуулиар "Ерөнхийлөгч"-өө алдсан МАН 65-уулаа болоод ч нэмэр болсонгүй.
Сонин тохиол
Маргааш Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийг зарлан мэдэгдэж, улмаар УИХ-ын дарга шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэдэг журам бий. Энэ журмын дагуу нэгэн үе өрсөлдөгчид байсан хоёр эрхэм Их танхимд учран золгох нь. Өөрөөр хэлбэл, хоёр нэр дэвшигч харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх түүхэн өдөр тохиох болно. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгч болсон бол УИХ-ын хуралдааныг Ц.Нямдорж даргалж, түүнд баяр хүргэх байсан биз.