Л.Болд: Өнгөрсөн парламентын алдаа гэж ярихаа одоо боль
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд асуудал хөндлөө.
Одоо та бүхнийг өнгөрсөн парламентын алдаанаас болж гэж ярихыг ард түмэн хүлээж авахгүй. Та бүхэн өөрийн хийсэн ажил, хийх ажил, алдаа дутагдлыг ярих хэрэгтэй. УИХ-аас гаргаж буй шийдвэр, хууль тогтоомжуудыг харахаар бидэнд мөнгө байхгүй биш байгаа юм байна. Саяхан бид “Цалинтай ээж” хөтөлбөрийг баталж, 70 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар боллоо. Тэгвэл Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох бололцоо байгаа гэсэн үг.
Саяхан би ОУВС-гийн төлөөлөгчтэй нэг арга хэмжээн дээр тааралдаад шууд асуулаа. УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж, тэтгэврийн насыг наашлуулах юм байна, эхчүүдэд тэтгэмж олгохоор боллоо. Энэ бүгд танай сантай тохиролцсон хөтөлбөр ёсоор болох уу гэж асуухад “Энэ талын арга хэмжээ авахаар ОУВС-тай тохиролцоогүй” гэж хариулсан.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
Миний бие өнгөрсөн парламентад Сангийн сайдаар найман сар ажилласан. Энэ хугацаанд Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, санхүүжилтэд хяналт тавин, төсвүүдийг нэгтгэж, төсвийн зарцуулалтыг хянаж, улмаар алдагдлыг бууруулсаар эхний зургаан сарын байдлаар 70 тэрбум төгрөгийн бондыг дотоодоосоо босгоод явж байхад биднийг Засгийн газраас гаргасан.
Худлаа зүйлийг бүх төрлийн бохир технологи, тактик ашиглан үнэн юм шиг ярьсаар байна. Эдийн засаг сайжирч байгаа гэвэл сайжирч байгаа. Тоо баримтад тулгуурлан ярьж байна.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь МАН-д өгч буй ард түмний дүн гэж АН-ынхан тайлбарлаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Говь-Алтай аймагт 1 тэрбум 80 сая төгрөг, Дорноговь аймагт хэдэн арван сая төгрөг тараах гэж байгаад баригдсан. Энэ нь үнэн болох нь тогтоогдож, хэргээ хүлээсэн шүү дээ. Улаанбаатар хотод хэдэн тэрбум төгрөгөөр тараасныг мэдэхгүй байна. Баянгол дүүрэгт сонгогчдын саналыг худалдаж авахаар явж байгаад баригдсан нь ч бас үнэн шүү дээ. Ингэж ард түмний саналыг худалдан авч, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулсныг чинь Монголын ард түмэн мэдэж байгаа. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох талаар чиглэл өгснийг хэлье.