С.Эрдэнэболд:
Шударга бус тогтолцоогоор төрд гарсан хүмүүс шударга байна гэж байхгүй
Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөнийхөө дараа АНУ-ын Индианагийн их сургууль, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль болох Жон Кеннедигийн нэрэмжит сургуулийг тус тус дүүргэсэн. Гадаад, дотоодод мэдлэг, мэргэжил эзэмшсэн нийгмийн нэг хэсгийн төлөөлөл юм.
Одоо Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй түүнтэй уг албан тушаалд томилогдохоос өмнө, "Монгол зарчим" номын зохиогч, улс төр сонирхон судлаач гэдэг үүднээс ярилцсан юм. Дашрамд дурдахад, "Эзэнт гүрний туульс", "Дурлалын гэрээ", "Реторик", "Шидэт уулын сормуус" номын зохиогч, "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан", "Монголын их хатдын нууц товчоо" зэрэг номыг эрхлэн гаргасныг онцлох хэрэгтэй.
МОНГОЛ ЗАРЧИМ ГЭДЭГ БОЛ ШУДАРГА ЁС
Зарчим гэж юу вэ? Тэр дундаа "Монгол зарчим" гэж та яг юуг тодорхойлсон бэ?
Зарчим гэдэг үг нь “principal” буюу нэг талаас сахилга бат, баримтлан мөрдөх чиг шугам, ямар ч тохиолдолд гажихгүй байх мөрдлөг, нөгөө талаас үнэт зүйл, баримтлах чиглэлийг хэлээд байгаа юм. Ер нь зарчим гэдэг үг дэг журам, хууль, хэм хэмжээ зэрэг маш олон утгыг агуулдаг. Аливаа бүхэн зарчимтай.
Хүний нийгмийн харилцаа нь биологийн буюу байгалийн зарчмыг сөрвөл амжилтгүй болдог.
Жишээлэхэд, хүн аз жаргал, сайн сайханд тэмүүлэх эрхтэй. Аз жаргал, сайн сайханд хүрэхийн төлөө тэмцэх эрхтэй. Энэ бол хүний төрөлх зөн юм. Энэ бүхнийг жам ёсны эрх гэж хэлдэг. Жан Жак Руссо, Жон Хобс, Жон Локк зэрэг дэлхийн философичдын онол л доо.
Шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, амьд байх, амьд явах зэрэг хүн төрөлхтний нийтлэг зарчим суурь зарчмууд гэж бий. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрх чөлөө ч энд хамаатуулж болно. Хүний эрх чөлөө, тэмүүллийг тодорхой хэм хэмжээнд оруулсныг зарчим гэнэ. Хүн эрхээ эдлэхийн сацуу бусдын эрхийг хүндлэх хэрэгтэй. Эрх, үүрэг хоёрын тэнцвэрээс эрх зүйн хэм хэмжээ үүсдэг.
Хүний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллээс манлайлал гэдэг ойлголт урган гарсан. Маш энгийнээр шийдвэр гаргаж, бодлого боловсруулж, нийгмийн амьдралд нөлөөлөх зарчмыг бий болгож байгаа хүмүүсийн тухай ярих хэрэгтэй болдог. Жишээлбэл, парламент.
Парламент гэдэг бол 76 хүн гэхээсээ илүү институци байх ёстой. Парламент нь ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө шударга ёсонд нийцсэн хууль тогтоомж батлан гаргах үүрэгтэй. Та сайн барилддаг, сайн дуулдаг, бүжиглэдэг, гоё харагддагтаа сонгогдоогүй. Угтаа бол та нийгэмд шударга ёсыг тогтоогоосой гэж хүссэндээ ард түмэн таныг сонгосон гэдгийг ойлгох хэрэгтэй.
Засгийн газар бол парламентын баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал энэ үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учраас иргэд шүүмжилж байна. Тэрнээс биш Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд таалагдах, таалагдахгүй байх нь энд хамаагүй. Шүүх засаглал ч мөн ялгаагүй шударга ёсыг тогтоох ёстой. Гэтэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж байгаа учраас шүүмжиллд өртдөг. Ингээд бодохоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд засаглалын тэнцвэрт гурван онол алдагдахаад ирэхээр зарчим алдагддаг.
Монгол зарчим гэхээр шударга байх гэж ойлголоо?
Улс орон бүрт сэтгэлгээний хэм хэмжээ гэж бий. Хятад улс күнз, Оросууд гэвэл рыцарь маягийн соёлтой ард түмэн. Япон бол самурай, Америк, Баруун Европын орнуудаар библи дэлгэрсэн байдаг. Тэгвэл Монголчуудын сэтгэлгээний онцлог юу вэ? Нүүдэлчид.
Нүүдэлчид гэдэг бол байгаль цаг уур, орчны өөрчлөлтөд маш сайн дасан зохицож чаддаг. Гэтэл зарим барууны номнуудад нүүдэлчин ард түмэн хувьсамтгай, тогтворгүй, тууштай биш гэж бичдэг нь өөрөө дэлхий нийтийн тархийг угаасан үзэл санаа гэж би боддог. Бид хүний бичсэн түүхээр өөрсдийгөө дүгнэж ирсэн.
Герман, Япончуудыг цаг барьдаг, хөдөлмөрч гэдэг. Гэтэл Монголд цаг барьдаг, хөдөлмөрч хүн олон бий. Зарим улс соёл иргэншлээ бий болгож амжаагүй байхад бид дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан түүхтэй. Тэр үед нарийн зохион байгуулалт, дэг журам байсан учраас дэлхийн талыг байлдан дагуулж чадсан гэж боддог.
Жудагтай, мөс чанартай, шударга ёсыг сахидаг, хүмүүсийн итгэл бишрэлийг хүндэтгэдэг зарчмыг Монголчууд баримталдаг байсан, одоо ч баримталдаг. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлье гэвэл шударга ёсыг тогтоох ёстой. Монгол зарчим гэдэг бол шударга ёс. Шударга ёс гэдэг нь хуулиа дээдэлнэ гэсэн үг.
Тэгвэл өнөөгийн улс төрчид, төр засгийн удирдлагууд шударга ёсны зарчмыг хэр баримталж байна?
Шударга ёсыг тогтоохын төлөө чармайж буй улстөрчид олон бий. Улстөрчдийг буруутгахаас илүү, хэн нэгэн хүнийг шүүмжлэхийн оронд нөхцөл байдлыг том зургаар нь харж чаддаг байх ёстой. Өнөөдөр төрд гарсан улстөрчдийн дийлэнх нь социализмын үед сурч боловсорсон. Социализмыг шүүмжилдэг ч давуу талууд бий. Хүмүүсийг тууштай, үнэнч шударга, аривч хямгач байхыг сургасан шүү дээ.
Нэг хэсэг нь ганзагын наймаа эрхэлж байхад сүйхээтэй нэгэн нь бусдынхаа цэнхэр, ягаан тасалбарыг худалдан авч хөл дээрээ боссон байдаг. Тухайн үед авлига гэдэг ойлголт байхгүй. Авлигыг гар цайлгах гэж төдий зүйл гэж ойлгодог байсан. Одоо бол авлига, хээл хахууль гэж юу болохыг мэддэг болсон учраас таслан зогсоох хэрэгтэй. Авлига авдаг, өгдөгөө болих хэрэгтэй.
Дийлэнх хүний амьдралын боломж тааруу байж болно. Гэхдээ мөнгөтэй хүмүүсийг буруутгаж болохгүй. Тэд бүгд л тодорхой хэмжээнд хөдөлмөрлөсөн. Хөдөлмөрийн үр шимээрээ мөнгөтэй болсон. Зарим хүн хууль бусаар баяжсан байж болно. Гэхдээ бид мөнгөтэй хүн бүрийг хулгайч, луйварчин гэж туйлширч, хавтгайруулан буруутгаж болохгүй юм.
Улс төрд бизнесийн оролцоо их байна. Бизнесийнхэн улс төр рүү их орж байна. Ингээд ирэхээр хууль тогтоох шатанд мэргэшсэн парламентч, эрдэмтэн судлаачид цөөн, өөрсдийн эрх ашгаа хамгаалах гэсэн хэсэг нөхөд төрд шургалж байна. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй. Гэхдээ тэднийг шударга бус байна гэхээсээ илүү эдгээр хүнийг төрд гаргаж ирсэн тогтолцоо нь шударга байна уу, үгүй юу гэдгийг анхаарах ёстой л доо.
Шударга бус тогтолцоогоор төрд гарсан хүмүүс шударга байна гэж байхгүй. УИХ-ын сонгуульд гурван тэрбум төгрөг хаяж гишүүн болсон хүнээс шударга ёс шаардах нь илүүц биз.
Тогтолцоог шударга болгохын тулд засаглал хуваах онолыг Монголд хэрэгжүүлэх ёстой. Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой. Ерөнхийлөгчийн засаглал бидэнд хэрэггүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэх хэрэгтэй. Шүүх засаглалыг хараат бус байлгах ёстой. Ингэж засаглалууд харилцан бие биенээ хянаад ирэхийн цагт шударга ёсны зарчим үйлчилж эхэлнэ.
Одоогийн эрх баригч, улс төрийн намууд тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэг байдаг ч үнэндээ өөрчлөх хүсэлгүй байгаа юм шиг. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
Ашиг сонирхол гэж зүйл бий. Бидний тэргүүн зэргийн ашиг сонирхол бол үндэсний эрх чөлөө, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол шүү дээ. Монгол Улсын үнэт зүйл бол монгол хүн өөрөө. Үүний араас Намын, бүлгийн, хувийн гээд бусад ашиг сонирхлууд эрэмбэлэгдэх учиртай. Гэтэл одоо ашиг сонирхлын эрэмбэ дарааллыг харахаар хамгийн түрүүнд хувийнх, дараа нь бүлгийн, бүлэглэлийн ашиг сонирхлоо тавиад байна гэж боддог.
Шударга ёсыг ганц хүн тогтооно гэж байхгүй, ганц хүнээс болж эвдэгдэх боломжгүй гээд хууль бус зүйл хийсээр байвал эцэстээ нийгмийн эмх замбараагүй байдал үүснэ. Тиймээс бид шударга ёсыг тогтоохдоо өөрөөсөө эхлэх ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй. Парламентын гишүүнээр сонгогдсон бол хүний төлөө ажиллах ёстой. Худлаа ярьдаггүй байх ёстой. Алдаа гаргасан бол буруугаа хүлээдэг байх ёстой. Нэг худлаа ярьсан бол дараа дахин худлаа ярих хэрэг гардаг. Нэг ёсондоо худалаас худал төрдөг шүү дээ. Худал хэлж, хулгай хийдгээ болих хэрэгтэй. Энэ чинь нүгэл шүү дээ.
Та яриандаа манлайлал гэдэг үг хэд хэд дурдлаа. Улс төрд манлайлал зайлшгүй хэрэгтэй гэдэг?
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди: "Нэгдүгээрт, хүмүүсийн итгэлийг олохын тулд тэднийг чин сэтгэлээсээ хайрла. Гэхдээ сонгууль болонгуут хайр зарлах биш тогтвортой байнга хайрла. Хайрла гэдэг нь тэднийг ойлго, дэмж гэсэн үг. Тэдний амьдралыг мэд гэсэн үг. Хүмүүсийн итгэлийг хадгалахын тулд тэдэнд үйлчил" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Манлайлал гэдэг нь үйлчлэн манлайл гэсэн үг. Үйлчлэн манлайл гэдэг нь талх, гурил өгөхийн нэр биш. Хүмүүсийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдэх хууль эрх зүйн орчныг бүрдүүл гэсэн үг.
ХЭН НЭГЭН ХҮНИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ МЯНГАН УДАА МУУЛСАН, ХЭН НЭГЭН ХҮНИЙГ САЙН БОЛГОЖ ХАРАГДУУЛАХААР МЯНГА МАГТААД Ч ЯГ ҮНЭНДЭЭ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ ЧАДАХГҮЙ.
Хууль батлахын тулд хүнийг гэсэн сэтгэлтэй байх ёстой. Улстөрчдөөс хүн байхыг шаардаж байна. Үнэн байх, шударга байх, тууштай, туйлбартай байхыг хүсч байна. Хүн чанартай байх ёстой. Энэ бол монгол зарчим. Хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэднэ. Өнөөдөр, маргаашийн ялалтын төлөө хүмүүсийг хуурч байгаа хүн өөрийгөө алж байна гэсэн үг. Тэгэхээр шударга ёсны зарчим бол улстөрчдийн хамгийн эрхэм чанар байх ёстой. Үнэний талд байх зарчим бол улстөрчийн хүний төлөө зүтгэнэ гэсэн хамгийн том тангараг байх ёстой.
Бидний хамгийн том алдаа бол аливаа зүйлийг туйлшруулдаг
Аав, ээжид нь хог битгий хая гэж хэлэхээс илүү цэцэрлэгийн хүүхдэд хог хаяхгүй байхыг сургах нь илүү үр нөлөөтэй гэдэг. Үүнтэй адил нэгэнт тогтсон үзэл бодолтой улстөрчид өөрчлөгдөнө гэж үгүй байх Нөгөө талаар 8-10 жилийн дараа таны үеийн залуус Монголын улс төр, нийгмийн өнгө төрхийг тодорхойлох болно. Та бүхэн үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
Аливаа нийгмийг хөгшин, залуу гэж хувааж болохгүй.
Монголчууд өөр хоорондоо маш их талцаж хуваагдаж байна. Талцах тусам жижгэрдэг. Өнөөдөр улс төрд 40-өөс дээш насныхан зонхилж байгаа боловч нийгмийн бусад салбарт залуу үеийнхэн дийлэнх байна. Гол учир нь насандаа байгаа юм биш. Та хэллээ. 10 жилийн дараа бидний үе ирнэ гэж.
Туршлагатай болсныхоо дараа гээд хойш суугаад байж болохгүй. Гэнэн, хэрсүү нийлж дүүрэн болдог, гэрэл, харанхуй нийлж бүтэн болдог учраас ахмад, дунд, залуу үеийнхэн нийгмийн хөгжлийг хамтдаа авч явах ёстой. Зөвхөн насаар нь биш эрэгтэй, эмэгтэй ч гэж ялгаж болохгүй.
Ер нь хүн аливаад хэзээ ч 100 хувь бэлэн байдаггүй. Тиймээс ахмад, дунд үеийнхэн нь залуу үедээ итгэж, ачаа үүрүүлдэг байх хэрэгтэй. Туршлагагүй хүн гэж аливааг туршиж үзээгүй хүнийг хэлнэ. Хүн алдаж, онож байж эрдэмд гаршдаг, ажилд даддаг шүү дээ. Би хувьдаа надаас бэлэн үү гэж асуувал хуулийн салбарт ажиллахад бэлэн гэж хариулна. Харин бүхэл бүтэн нэг үеийн залуусаа төлөөл гэвэл чадахгүй.
Хүмүүст өөр өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бий. Бид тодорхой мэргэжил, мэдлэг эзэмшлээ. Одоо нийгэмд үйлчлэх хэрэгтэй болж байна. Энэ бол бидний үүрэг. Жишээлэхэд, би гурвын гурван их сургууль төгслөө. Яах гэж энэ вэ? Нийгэмдээ үйлчлэхийн төлөө л шүү дээ. Эрдэм мэдлэг, ур чадвараа хүмүүсийн сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй. Гэхдээ мэдээж зөвийн төлөө шударгаар зориулах хэрэгтэй.
Нэг талаар өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарласан салбартаа хийж бүтээж буй залуус олон байна. Нөгөө талаар нам дагаж амжилтад хүрэх хүсэлтэй залуус ч байх юм. Улс төрийн нам нь залуу боловсон хүчнээ сургаж, бэлдэх хэрэгтэй ч гэдэг?
Би хүмүүсийн нийтлэг үзэл бодолтой санал нийлдэггүй. Нам дагана гэж яг юуг хэлээд байна вэ. Улс төрд ч тэр, бизнесийн байгууллагад ч тэр манлайлал гэж бий. Хэн нэгэн гишүүний туслах, зөвлөхөөр ажилласныхаа төлөө цүнх баригч, хөлд нь суугч болчихож байгаа юм уу. Тэгвэл Борохул, Боорчийг Чингис хааны цүнх баригч гэх үү?
Бидний хамгийн том алдаа бол аливаа зүйлийг туйлшруулдаг. Нэг хүн архичин, хятадын эрлийз, мүүнчин гэвэл бүх хүн түүн рүү тэгж чичлэх магадлалтай нийгэмд бид амьдарч байна. Энэ хувь заяа хэнд ч тохиож болохоор болжээ. Энэ бол Монголд л шударга бус үзэгдэл.
Ард түмэн тэгж бодож байна, хүмүүс тэгж боддог, нийгэм ингэж шаардаж байна гэдэг. Хэрэв ингэж ярих гэж байгаа бол Монголын гурван сая хүний бодлыг сонссоныхоо дараа ярих хэрэгтэй. Эцсийн эцэст хүн өөрөө өөрийгөө төлөөлөх эрхтэй. Өөр хэн нэгэн биш. Тиймээс бусдын өмнөөс, олон түмний өмнөөс ярих хэрэггүй.
Нэр усгүй, эзэн биегүй туйлширсан яриа нийгэмд маш хор уршиг дагуулдаг. Нэг бол бүх эмэгтэй хүнийг доромжилдог, нөгөө бол ахмадуудыг алагчилдаг. Энэ л биднийг талцуулж, биднийг үгүй хийж байна шүү дээ.
Энэ бол сэтгэлгээний хорт хавдар байхгүй юу. 20 настай залуу 30, 40 настай хүнээс суралцаж, туршлага хуримтлуулж байж л ажиллана шүү дээ. Ахмад, дунд үеийнхэнд ч залуу хүний эрч хүч, эрмэлзлэлээс суралцах зүйл их бий. Ингэж хамтарч ажилласных нь төлөө “цүнх баригч” гэдэг хоч зүүлгэх хэрэггүй.
Хүний нийгмийн зүй тогтол нь өөрөө туршлага хуримтлуулах юм. Тухайн хүн өөрийн итгэл үнэмшлээрээ туршлага судлах, суралцах хүнээ сонгож байгаа учраас түүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Тиймээс аливаа зүйлд нийтлэг байр сууринаас, нийтлэг үзэл бодлоор хандаж болохгүй юм. Хамгийн гол нь тэр хүний цаана гэр бүл нь бий шүү дээ. Хүнийг амбицтай, нийгмийн идэвхтэй байсных нь төлөө “цүнх баригч” гэж дуудаж болохгүй.
Ярилцсанд баярлалаа.