2017.06.23

Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол боллоо

Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид болон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

“Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын бүтээн байгуулалтад 1.3 тэрбум орчим америк доллар зарцуулна. Уг төслийг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессыг Австрали Улсын “Aspiremining”компани эзэмшиж, гүйцэтгэгчээр тус компанийн охин компани болох “Northern railway” компани ажиллана. Тодруулбал, уг төмөр замыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад төрийн мэдэлд хүлээлгэж өгнө.

Гүйцэтгэгч уг бүтээн байгуулалтыг гурван жилийн хугацаанд дуусгаж, “Эрдэнэт-Арц суурь” чиглэлийн боомтыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн ОХУ “Курагино-Кызыл”, “Кызылээс-Арц суурь” хүртэл төмөр зам барьснаар эдийн засгийн хойд коридор бий болох гэнэ. Ингэснээр Европоос хойд хөршөөр дамжиж, манай улсаар дайрч урд хөршийг чиглэх транзит тээвэр хийгдэх нөхцөл бүрдэнэ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярихдаа “Одоогоор манай улс ОХУ-тай Эрээнцав, Сүхбаатар боомтоор төмөр замаар холбогдоод байгаа. “Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замыг барьснаар төмөр замаар тус улстай холбогдсон гурав дахь гарц нээгдэнэ. Ингэснээр Кызылийн коксжих нүүрсний бүлэг ордын экспортын тээвэрлэлт Улаанбаатар төмөр замын гол замаар явна гэсэн үг.

Ачаа эргэлт нэмэгдсэнээр Улаанбаатар төмөр замын эдийн засагт үзүүлэх нөлөө улам өснө” гэсэн юм. Овоотын нүүрсний уурхайгаас УБТЗ жилд 10 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцжээ. Цаашид “Арцсуурь” боомтоор ОХУ-тай холбогдвол тус улсаас мөн хугацаанд 20 сая тонн транзит ачаа тээвэрлэх боломжтой. УБТЗ өнгөрсөн онд нийтдээ 19 сая тонн ачаа тээвэрлэсэн юм.