Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт мөнгөн шагнал олголоо
2017.06.23

Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт мөнгөн шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ.  О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.

Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол  бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.

“Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов” хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүнд гардууллаа.

Мөн соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосныг гэрчлэх батламжийг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.