2009.09.24

Д.Оюунхорол: Вэб-сайтуудаар гүтгэж, доромжилдгийг зогсоох хэрэгтэй

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулалцсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан, шаардлага юу байв?

-Оюуны өмч, бүтээлийг хамгаалахад идэвх гаргаж сайн ажиллах шаардлага тулгарчээ. УИХ-ын гишүүн Д.Дондог, Д.Энхбат нарын нэр бүхий гишүүдтэй хамтран Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Бидэнд хэвлэлийнхэн, сэтгүүлчид цөөнгүй хандсан, санал хүсэлт ирүүлсэнтэй ч холбоотой. Сүүлийн үед интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр вэб-сайтуудын тоо борооны дараахь мөөг шиг олширсон. 2000 хүрсэн. Хэдийгээр цахим мэдээлэл хөгжих нь сайн талтай ч бас сөрөг үр дагавар илрэх болсон. Үүний тод жишээ вэб-сайт эрхлэгчид ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг татахын тулд өдөр тутмын болоод бусад сонины материалуудыг зөвшөөрөлгүйгээр байршуулах нь задгайрсан. Вэб-сайтад тавигдсан мэдээ материалд уншигчдын сэтгэгдлийг зочин нэрийн дор тодорхой нэр хаяггүйгээр хүссэн зүйлээ бичиж үлдээх боломжийг олгодогт их учир бий. Ихэнх сэтгэгдэл бусдыг доромжилсон, гүтгэсэн, хууль бус зар сурталчилгаа хэлбэртэй байдаг.

-Хуулийн төсөл боловсруулах явцад тодорхой судалгаанууд хийсэн байх. Тоо баримтууд бий болов уу?

-Судалгаа хийсэн, ажигласан. Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд арван вэб-сайт 14 сонины 15 мэдээ, нийтлэлийг хуулбарлаж тавьсан байх жишээтэй. Зөвхөн энэ хэдэн мэдээ, нийтлэлтэй холбоотой 266 санал сэтгэгдлийн 178 буюу 67 хувь нь бусдыг гүтгэн доромжилсон утга агуулгатай байсан.

-Вэб-сайтуудын эл байдал хэвлэл мэдээллийн салбарынханд сөргөөр нөлөөлдөг нь үнэн. Хуулийн төсөл үүнд чиглэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

-Дээр өгүүлсэн вэб-сайтуудын эрхлэгчдийн хаяг тодорхойгүй, зарим нь гадаадад байдаг. Санал, сэтгэгдлээр гүтгэн доромжлуулсан иргэн хуулийн холбогдох байгууллагад гомдол гаргахад хүндрэлтэй. Эцэстээ мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн хэвлэл, мэдээллийн байгууллага буруутан болж хохирол нэхэмжлэх, ийм л нөхцөл үүсгэдэг. Энэ бол ардчилсан нийгэмд шударга бус явдал. Вэб-сайтууд нэр хаяггүйгээр бусдыг гүтгэн доромжлох боломжийг нээж байна. Манай улсын 2000 орчим вэб-сайтын 50 гаруй нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 20 вэб-сайт хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийн бүтээлийг өдөр бүр хуулбарлан зөвшөөрөлгүйгээр сайтад байршуулж ашиг орлого олдог нь нотлогдсон. Үүнээс болоод сүүлийн хоёр жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого эрс буурсан судалгаа ч гарсан. Ийм байдлыг таслан зогсоох зорилгоор хуулийн төслийг санаачилсан юм.

-Хэрэв хууль батлагдсан тохиолдолд гарах эерэг үр дагавар бий биз?

-Бидний санаачилсан хуулийн төсөл дөрвөн зүйлтэй. Хууль батлагдвал интернэтээр нэр хаягүйгээр санал авч бусдыг гүтгэн доромжилдог байдал, сонин, хэвлэлд гарсан мэдээ, материалуудыг вэб-сайтууд зөвшөөрөлгүйгээр хуулбарлах явдал зогсоно. Мөн сэтгүүлчийн туурвисан оюуны бүтээл хуулийн зохицуулалтаар хамгаалагдахын зэрэгцээ нийгмийн харилцаан дахь үл ойлголцол багасч, улс орны Үндэсний аюулгүй байдал хамгаалагдах ач холбогдолтой. Төсөлд сонин хэвлэлд нийтлэгдсэн бүтээлийн эрхийн хамгаалалтыг хугацаа уг сэтгүүлчийн бүтээл хэвлэлд анх нийтлэгдсэн цагаас эхлэн 50 жил хүчин төгөлдөр байхаар тусгасан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.