Элчин сайд хатагтай Женифер Замдал Галтыг хүлээн авч уулзлаа
2017.06.08

Элчин сайд хатагтай Женифер Замдал Галтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Замдал Галтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Мэтью Кент, атташегийн туслах хошууч Ренэ Мишел болон Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ҮБХИС-ын захирал хошууч генерал Я.Чойжамц нар оролцлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхий халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт хурдацтай хөгжиж, нийтлэг үнэт зүйлс, стратегийн хамтын сонирхолд үндэслэн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаагийн дотор хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тэргүүлэх байр суурь эзэлж байдгийг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орны хувьд дэлхий нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, улс эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, бусад улс орнуудтай энхийг сахиулах ажиллагааны талаар харилцан туршлага солилцох зэрэг үйл ажиллагаанд АНУ-ын үзүүлж буй дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэдэг ба хоёр орны харилцааг хөгжүүлэхэд элчин сайд батлан хамгаалахын атташегийн албаны оруулж буй хувь нэмрийг Батлан хамгаалах яамны удирдлага өндрөөр үнэлдгийг илэрхийллээ.

Удахгүй Монгол Улс дахь дипломат хугацаагаа дуусган нутаг буцах гэж буй АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матею Кентын хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны медаль"-аар шагнасныг Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулан өгч, цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөлөө.