НББСШУ-ны байнгын хорооны дарга  “Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан
2017.06.06

НББСШУ-ны байнгын хорооны дарга “Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.06.06) “Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн “Metabolon” технологийн корпорацийн тэргүүн Тимоти Спайдэр, “Cloudhealth Genomics” компанийн тэргүүн Жэйсон Ганг Жин, тус компанийн технологийн хэлтсийн дарга Винстон Патрик Куо нарыг хүлээн авч уулзлаа.

“Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-ыг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаагийн санаачилгаар зохион байгуулж байгаа юм байна.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд “Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Шинжлэх ухаан, инновацийн асуудлаар санал солилцож, ярилцах гэсэн юм. Манай улс инновацийн хөгжлөөрөө дэлхийн бусад улстай харьцуулахад харьцангуй хоцорч явдаг. Тийм учраас салбар бүрт шинэ техник технологийг нэвтрүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гээд Монгол Улс Инновацийн тухай хуулийг баталсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй, энэ талбарт шинийг санаачлагч гадны компаниуд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов. 
Ноён Тимоти Спайдэр байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлсэн. Тэрбээр Монголд шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг дуулгаж, гурван өдөр зохион байгуулагдах чуулганы үеэр Монголчуудын эрүүл мэндийн цогц мэдээллийг хэрхэн бүрдүүлэх боломжийн талаар илтгэл тавих тухайгаа дуулгасан юм. 
Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.