“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан татварыг тэглэж, татварыг буцаан олгоно
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 09-нд боллоо.
Хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо. Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдөх юм. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм.
Засгийн газрын уг тогтоолтой холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн дээрх төрлийн автомашинуудад ногдуулсан Онцгой албан татварыг буцаан олгохоор болов. Энэ хугацаанд 375 ширхэг хос болон цахилгаан тэжээлт, мөн хийгээр ажилладаг автомашинуудыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бөгөөд 691 сая төгрөгийн онцгой албан татвар төлсөн байна.
Уг тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов