Иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлаар түр хороо байгуулхаар болжээ
2009.12.07

Иргэний ухаалаг үнэмлэхийн асуудлаар түр хороо байгуулхаар болжээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжихтэй холбоотойгоор иргэний ухаалаг үнэмлэх бий болгох УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм.


Бүлгийн гишүүд “Цахим монгол “ хөтөлбөр, иргэний бүртгэл , хүн амын тооллого зэрэг олон асуудлыг оновчтой аргаар зохион байгуулах ажлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Өмнө нь ашигт малтмалаас олох эх орны хишгийг иргэн бүрт хүртээх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд жигд хамруулах, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийгмийн халамж үйлчилгээг оновчтой хүртээхэд онцгой анхаарал тавьж байсан. Харин энэ удаа иргэний бүртгэлийг хариуцах, зохион байгуулах, хяналт тавих ажлыг сайн гүйцэтгэхийн тулд дээрх үүрэг бүхий Түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Дараа нь Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн эдийн засгийн харилцаа, банкны үйл ажиллагааг зохицуулах эрхзүйн асуудлыг үндсээр нь өөрчлөх санал давамгайлж байв.

Мөн бүлгийн гишүүд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг бүрэн дэмжив. МАХН, шинээр үүсэн байгуулагдсан улстөрийн намууд, Монголын ард түмэн ардчилал, эдийн засгийн шинэ харилцаанд орох замыг эргэлт буцалтгүй сонгон авснаас хойш 20 гаруй жил болж байна. Энэ бол Монголын нийт ард түмний түүхэн сонголт, түүхэн бүтээл мөн гэдгийг олон гишүүн хэлж байв. Тэд 1992 онд АИХ- ын 470 гаруй депутат Шинэ Үндсэн хуулийг баталснаар энэхүү түүхэн сонголтыг баталгаажуулсан болохыг онцолж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.