Н.Амарзаяа: Ажилгүйдлийн төвшинг найман хувиас ихгүй байлгахаар тусгасан
УИХ-ын гишүүн Н.АМАРЗАЯАТАЙ ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд баримталж буй гол зарчим юу байна. Хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Үндсэн чиглэлд баримталж буй зарчим нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг тухайн онд хэрэгжүүлэх юм. Үндсэн чиглэлийн төсөлд 18 зорилт, бодлогын 99 арга хэмжээг тусгасан. Тодруулбал, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1.8 хувьд хүргэх, инфляцийг найман хувийн төвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн төвшинг найман хувиас ихгүй байлгахаар тусгасан.
Мөн нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд тесвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлт болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж санхүүгийн тогтвортой байдлыг хангахаас гадна нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг Дээшлүүлэхээр төлөвлөсөн.
-Ирэх онд хийхээр төлөвлөсөн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхэд нийт хэчнээн төгрөг шаардлагатай гэж тооцоолсон бэ. Орлого, зарлага тэнцэж байна уу?
-Үндсэн чиглэлд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөвт өртөг гэхэд 7.3 их наяд гаруй төгрөг шаардлагатай. Үндсэн чиглэлтэй хамт 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийг хамт хэлэлцэж байна. Аливаа зорилт арга хэмжээ, төлөвлөгөө хөтөлбөрийг хэлэлцэхэд төсвийн эх үүсвэрийг хамтад нь хэлэлцэх нь хамгийн оновчтой хувилбар. 7.3 их наяд төгрөгөөс зөвхөн 318 тэрбумыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
Үлдсэнийг нь концесс, гадаад дотоодын төсөл, хөтөлбөр болон бусад эх үүсвэрээр бүрдүүлнэ. Улсын төсвийн нийт орлогоос зөвхөн дөрөв гаруй хувийг л бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна. 2018 онд төсвийн зарлагын дээд хэмжээ 9.4 их наяд бол орлого 6.8 их наяд төгрөг. Үүнээс харахад 2.6 их наяд төгрөгийн төсвийн тэнцлийн зөрүүтэй байна.
-Нийт зарлагын дотоод бүтцийг задалж үзвэл хичнээн төгрөгийг юунд зарцуулахаар тусгасан байна вэ. Зарлагыг бууруулах боломж бий юү?
-Нийгмийн халамжийн шинж чанартай үйл ажиллагаанд 2.0 их наяд, төрийн албан хаагчийн цалин, үйл ажиллагаанд 1.7 орчим их наяд, ашиглалтын болон урсгал зардалд 1.5 их наяд, өнгөрсөн хугацаанд авсан зээлийн хүүд 1.3 их наяд төгрөг зэргээр төлөвлөсөн байна. Нэгдсэн төсвийн 9.4 их наяд төгрөгийн зарлагыг танах, бууруулах нь одоогийн нөхцөлд ямар ч боломжгүй. Байнгын хорооны гишүүдийн зүгээс зарлагаа бууруулах чиглэл өгсөн ч үүнийг биелүүлэх ямар ч боломжгүй төсвийн хүрээ орж ирж байна. Бүсээ дахин чангалах л нөхцөл байдал ажиглагдаж байна.
-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учир ирэх жилүүдийнтөсвийн төсөөлөл арай өөр байх болов уу гэсэн хүлээлт байна?
-2019 төсвийн төсөөллийн орлого 7.8 их наяд, зарлага 9.9 их наяд төгрөг бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2.1 их наяд төгрөг. 2020 оны төсөөллөөр тэнцэл 1.7 их наяд төгрөг рүү орж буурч байна. Үүнээс үзэхэд ДНБ-ий эзлэх хувь хэмжээ өмнө нь 2.5 байсан бол 1.7-д хүрлээ гэсэн үг. Орлого, зарлагыг тодорхой хэмжээгээр хэвэнд нь барьж байж төсвийн тэнцэл, алдагдлаа нөхөх, ДНБ-д эзлэх хувь хэмжээнд барих асуудлаа чухалчилж үзэж байгаа.
Өнгөрсөн хугацааны төсөв санхүү, мөнгөний асуудалд маш том бодлогын алдаа гаргасантай холбоотой. Бид дөнгөж сонгогдоод 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байхад төсвийн орлого таван их наяд, зарлага нь 11 орчим их наяд төгрөг байсан. Орлогоосоо хоёр дахин их зарлагатай байлаа. Тиймээс Монгол Улсын төсөв санхүүг эрүүлжүүлж, зөв систем рүү оруулах зайлшгүй нөхцөл байдал биднийг угтсан.
Иймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн сахилга батыг дээшлүүлж, эрүүлжүүлэх шаардлагатай. Мэдээж хамрагдангуут өргөс авсан мэт' шийдэх асуудал биш гурван жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг сайжруулах, инфляцийн төвшинг тогтвортой байлгах зэрэг хэтийн маш олон бодлого зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-2018 он гарахад УИХ-д суух эрхийн дөрвөн жилийн хоёрыг нь өнгөрүүллээ гэсэн үг. Үндсэн чиглэлд намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэрхэн тусгасан бол?
-Дотор их бухимдал байна. Бидэнд хийж хэрэгжүүлэх ажил их байгаа ч бүгд төсөв мөнгөтэй холбоотой гацаанд орсон байдалтай.Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо хийж хэрэгжүүлэх ажил, намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх асуудал нэлээд хүндрэлтэй. Тиймээс улсынхаа эдийн засгийг яаралтай сайжруулсны дараа амлалтаа хэрэгжүүлэх болсон мэт, нэг талаараа хүндрэлтэй нөгөө талаараа ямар үйлийн үр юм бол доо гэсэн бухимдал төрж байна. Эхний ээлжид өнгөрсөн хугацааны бодлогын алдааг засах, өр зээлээ барагдуулах нь чухал.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг төрөл бүрийн эх үүсвэрийг бий болгоно. Нөгөө талаасаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй байх ёстой.
Иймд 9.4 их наяд төгрөгийг төсөвт тусган гол гол ажлаа хэрэгжүүлж эхлэхгүй бол болохгүй. Тухайлбал, би Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүнии хувьд аймгийнхаа томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгойн төсөл, хөтөлбөрийг 2018 оноос эхлэн иж бүрнээр нь хэрэгжүүлэхээр тооцсон.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаныг сөрөг хүчнийхэн нэлээд шүүмжилж байна. Эдийн засгаа сэргээх, тогтворжуулах нөөц боломж манай улсад байгаа гэх зэргээр?
-Манай улс ОУВС-д хамрагдаж байгаа нь зөв шийдэл. Үүнийг амьдрал дээрх энгийн жишээгээр тайлбарлая. Миний цалин 500 мянган төгрөг гэж бодоход сарын хэрэглээ сая төгрөг байхад илүү санхүүжилтээ бүрдүүлэхийн тулд банкнаас зээл авлаа гэж тооцъё. Илүү зарцуулсан 500 мянган төгрөгийг би хаанаас төлөх вэ. Эх үүсвэргүй болчихож байна.
Тиймээс илүү зарцуулсан зайлшгүй төлөх ёстой 500 мянган төгрөгийг олохын тулд гадаадын зээл тусламж, олон улсын баталгаатай байгууллагад хандах болж байгаа юм. Магадгүй арилжааны болон Азийн хөгжлийн зэрэг гадна, дотнын банкнаас авбал маш өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө авна гэсэн үг.
Харин үүний оронд олон улсын баталгаат байгууллагад хандаж шаардлага нөхцөлийг нь хангаж, хөтөлбөрт хамрагдаж чадлаа. Эхний ээлжид олгож байгаа 39.6 ам.долларыг тогтвортой хөгжлийн бодлогод суурилан үе шаттай зөв зарцуулах нь чухал.