УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.05.29

Монгол банкинд хийсэн шалгалтын талаар М.Оюунчимэг гишүүнтэй ярилцлаа

Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн гаргасан Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний 02 болон мөн сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу шалгалтын ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэсэн болно.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан ахалж, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.

Ажлын хэсгийн зорилго нь Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнг шалгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэгдсэн болно.

Ажлын хэсэг дараах арван чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

1.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт

2.Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа

3.Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн үндэслэл, хяналтын тогтолцоо

4.Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал

5.Монголбанкны мөнгөн гүйлгээ, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

6.Эмиссийн үйл ажиллагаа

7.Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцлүүд, тэдгээрийн үр дүн

8.Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл

9.Үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, МБ-ны Зөвлөл, МБ-ны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар

10.Улсын Их Хурлаас гарах шаардлагатай шийдвэрийн санал

Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актууд, гэрээ хэлцлүүд, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох материалд үндэслэж дор дурдсан дүгнэлтийг гаргав.