М.Энхболд: Монголын төрийг ээлтэй төр болгохын төлөө энэ сонгуульд нэр дэвшиж байна
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 09:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Нэр дэвшигч М.Энхболд “Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд миний нэрийг дэвшүүлж, энэ сонгуульд МАН амжилттай оролцох ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгсөн.
Энэ шийдвэрийн дагуу хуулиар заагдсан бүх баримт бичгийг бүрдүүлж, СЕХ-нд хүргүүлсний дагуу, хянаж үзээд, "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн болой" гэсэн батламж үнэмлэхийг гардуулан өглөө.
Монголын төр тогтвортой байж, эх орон ард түмэн эв нэгдэлтэй байх нь улс үндэстнээрээ хөгжих суурь юм. Би хямралт байдлыг даван туулж, хямралыг зогсоохын тулд энэ сонгуульд нэр дэвшиж байна.
Бодлогогүй үйлдэл, болчимгүй алхамаас болж улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон энэ доройтлыг бүрэн дүүрэн зогсоох зорилт, үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин надад бий.
Монгол Ардын Нам амалснаа хийдэг, хэлснээ хэрэгжүүлдэг. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Эдийн засгийн хямралт байдлаас гарах хүсэл сонирхол Монголчууд төдийгүй дэлхий нийтэд бий болж.
Хууль цааз нь хэн бүхэнд ижил, тэгш байх ёстой. Би Мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 6-ны өдөр Монголынхоо ард түмэн, сонгогчиддоо танилцуулан, хэлнэ” хэмээв.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болох ерөөлийг тавьж, ард түмнийхээ итгэлийг даасан Ерөнхийлөгч болоорой гэж хүсье. Тогтвортой хүртээмжтэй эдийн засгийг бий болгож, ард түмнээ элбэг хангалуун амьдруулахын төлөө хичээн зүтгээрэй" гэв.