О.Баасанхүүгийн зоригийг магтсу
Тэр олон янзын “өнцөгтэй”. Яг л талст шиг. Хэдийгээр түүнийг олон нийт МАХН гэх өнцгөөс хүлээж авч амнаас нь гарах үг өгүүлбэр болгоныг нь Н.Энхбаяр гэж эрхэмтэй холбох нь шахуу хүлээн авч “хянаж” байдаг ч үнэн чанартаа парламент дахь “ганц дайчин” гээд хэлчихвэл буруутахгүй болов уу.
Тэрбээр үүнийг бичигч миний л санаж байгаагаар бол парламентын хамгийн “хэрүүлч”, заргач, ил тод, нээлттэй, уйгагүй тэмцэгч араншинтай гишүүн. Заримдаа үнэхээр
О.Баасанхүү гэж хүн энэ парламентад сууж байгаа нь талархууштай санагддагаа нуумааргүй.
Түүнийг “үгүй ээ мөн “яншаа” хүн шүү хэмээн залхангуй бас тоомжиргүйхэн дүгнэх олон хүнтэй таарч л байсан. Гэхдээ тэдгээр хүмүүсээс өмөөрч хэлэхэд “яншихад учир бий”. Учир бий...гэдгийгутгаар нь олон нийтэд харуулж яваа улс төрч бол О.Баасанхүү мөн гэж боддог юм. Түүнд хүлэгдэж, хүлцэх, дуугүй суух, амаа үдүүлэх, бужигнаж бусадтай хэтэвч нийлэх, бусдын кнопыг дарах, дарамтлуулах, ажлаа цаг наргүй таслах гэх мэт ганц хүний дарангуйлал, эрх ашигт захирагддаг намын гишүүн байхын зовлон бишгүй байдаг л байх.
Тийм хэмжээний намаа бодох, намынхаа даргыг бодох үйлчлэлүүд ч нуруун дээр нь дарчихаад гэдийлгэдэггүй байх. Гэвч тэрбээр энэ бүхэнд автдаггүйд нь түүнийг үнэлмээр санагдцаг. Өөрөөр хэлбэл, ахуйгаасаа салчихсан ард түмний эрх ашгийн төлөө “үймж” явдагт нь яагаад ч талархдаг юм. Түүний талаарх дээрх өгүүлбэрүүдтэй санал нийлэхгүй гэвэл түүний “яншаад” явдаг асуудлуудыг шүүгээд нэг харчихаарай.
Түүнийг гишүүн болсон үеэс нь монголчууд мэддэг болсон. Өмнө нь өмгөөлөгч байсан гэдгийг учир мэдэх хүмүүс андахгүй. Тийм болохоор ч тэр үү шударга бус үзэл санаа ханхалсан, нийт нь нэгийгээ бөөрөлхөсөн хандлагад тэрбээр ихэд эгдүүцдэг. Тийм ч учраас үе үе байсгээд л “О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийнэ” гэсэн зар сэтгүүлчдийг ажилтай болгодог.
Тэр бол монголын парламентын хамгийн идэвхтэй гишүүдийн нэг. УИХ, Байнгын хороогоор хууль, хуулийн төсөл, шинэчилсэн найруулга, шинэ заалт, шинэ торгууль, халамж, дэг зарчим яригдах бүрийд л араас нь О.Баасанхүү гишүүн өнөөх л янзаараа зөв бурууг нь дэнсэлчихсэн улс төрчийн шүүмжлэл хүргүүлдэг. Түүний ийм идэвхтэй үйлдэл зарим гишүүний дургуйг хүргэдэг бол заримынх залхууг хүргэдэг болов уу. Залхууг гэсний учир нь тэрбээр намрын чуулганы явцад хамгийн олон цаг чуулганд сууж, хамгийн олон асуулт асуусан гишүүдийн толгойд явсан.
Магадгүй хамгийн дуулиан, шуугиантай гишүүн шалгаруулбал түүний нэр цохиж явахыг үгүйсгэхгүй.
Ямар сайндаа л өрөөгүй болсондоо бухимдахдаа талбай дээр гэр бариад тайван сайхан ажлаа хиймээр байна гэж дөвчигнөх вэ дээ. Мөн тэрбээр хэлье гэснээ хэнээс ч айж эмээхгүйгээр түс тас хэлчихдэг. Намрын чуулганы үеэр О.Баасанхүү гишүүн их хурлын гишүүдийг хуралдаа суудаггүйг шүүмжлээд ангийнхөө нөхдийн дургүйг хүргээд авсныг энд сануулъя. Тэрбээр “Сонгуулиас хойш таван сарын хугацаанд 21 гишүүн 10-аас дээш удаа санаатайгаар хурал тасалсан байна. Үүнийг би Ёс зүйн дэд хороонд өгнө.
Гишүүдийн 1-2 удаа хурал тасалсныг гишүүнийхээ хувьд ойлгоно. Гэтэл ирц арай дэндэж, ажил цалгардаж байна. Есзүйн дэд хороо ажлаа хийх байх. Эсвэл энэ үйлдлийг ёсзүйтэй байна гэж үзэх эсэхийг сонсоё. Оффшор, Эрдэнэтийн асуудлыг хэзээ сонсох юм бэ. Сүүлдээ худалдагдсан гэж хардаж эхэллээ. Тойргийн сонгогчиддоо мэдээлэл өгмөөр байна. Тавантолгой, Хөгжлийн банкны асуудлыг ил яръя. Ард түмнээс юуг нь нуух юм. Нэгнийхээ кнопыг дарж гүйхээ больё” хэмээн шүүмжилж гишүүдийг ичгэвтэр байдалд оруулж байв. Энэ мэт түүний шударга, хурц шүүмжлэл мундахгүй их. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, иргэдийн эрх зөрчигдсөн гэх мэт нийгмийн бухимдал төрүүлдэг, сэтгэл зүрх урсан асуудалд тэрбээр халуун зүрхнээсээ ханддаг.
Үгүй ээ бүр эмэгтэй гишүүдээс ч түрүүлж асуудлын зангилааг олж хараад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хууль эрхзүй, хамгаалах, өмгөөлөх, таслан зогсоох талаас нь яриад ухуулаад хэвлэл мэдээллээр хэрхэн олон нийтэд нөлөөлж болохыг асууж лавладаг сайн зан чанартай. Өнөө цагт ийм сэтгэлтэй гишүүн түүнээс өөр алга гэчихвэл нэг их буруутахгүй болов уу.
Түүнийг магтах болсон бас нэгэн шалтгаан нь тэрбээр өчигдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулийн зарим заалттай холбогдуулан байр суурь илэрхийлсэн явдал байв. Түүний яриаг илүү дутуу нэмэр хачиргүй хүргэе.
О.БААСАНХҮҮ:ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ХЭСГИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
-Эрүүтийн хуулийн 40 орчим заалтыг өөрчлөх нэрээр зарим зүйлийг оруулж ирж байгаа. Г эвч гол өөрчлөлтүүдийг оруулаагүй байна. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлжээ. Өмнө нь “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис” гэдэг байсан бол одоо зөвхөн “бодис” болж эм бэлдмэл нь байхгүй болсон байна. Мөн “борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан” тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд доод ял 10 жил оноодог байсныг 5 жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой зүйл.
Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болгожээ. Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа зөөллөсөн түүх байхгүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг 3 дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсч байна. Үүнийг хэлэлцэж эхлэхэд би эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа ч илэрхийлж байсан. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхи, эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ хэмээлээ.