С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.05.22

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах асуу­дал хууль зөрчиж буй талаар УИХ-ын ги­шүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ­тэй ярилц­лаа.

-Эрх баригчид “Эцэг” хуулийг өөрчлөхөөр зүтгэж байгаа. Энэ талаар сөрөг хүчний байр суурийг сонсмоор байна?

-Үндсэн хууль бол бүх хуулийн “эцэг” гэж та хэл­лээ. Энэ утгаараа бусад хууль, төрийн үйл ажил­­лагаа нь Үндсэн хуультайгаа зөр­чилдөхгүй байх зарчим бий. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах гэж байгаа бол бүх зүйл яв цав, хууль, журмын дагуу явах ёстой. Гэтэл эрх баригчид эх­нээсээ л хууль, журмыг уландаа гишгэж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгч­лэн энэ өөрчлөлт ийм замаар эхэлж буй болохоор өөд­тэй юм болохгүй шинжтэй.

-Тухайлбал?

-Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүний да­гуу бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн мэдүүлэх ёстой. Дараа нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг заасан нарийн дэг журамтай. Гэвч УИХ түүхэндээ анх удаа Үнд­сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өр­гөн мэдүүлээгүй байхад асуудлыг хөндөөд явж бай­на. Энэ нь илт захиалгын шинжтэй гэж ха­рагдаж бай­на лээ. Нөгөө талаас хэт улайрсан шинжтэй хараг­дуулж байна. сар гаруйхны хугацаанд Үнд­сэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийд­нэ гэж зүтгэж байгаа нь үүний илрэл. Зориуд он­цолж хэлэхэд, энэ бол Үндсэн хуульт ёсны хувьд том ухралт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн санаачилга, үйл ажиллагаа эхэндээ зөв байсан ч сүүлдээ дур зоргын шинжтэй болж хувирч байгаа нь харамсалтай.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн өөр ямар зүйл, заалтыг зөрчсөн юм бэ?

-хэд хэдэн үндэслэл, зөрчил бий. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т зааснаар Үндсэн хуулийн зөвхөн дөрвөн зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой. Гэтэл зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн зургаан бүлэг асуудлын гурав нь зөвлөлдөх санал асуулга явуулах хуулийн заалтад хамаарахгүй. зөвлөлдөх санал асуулгаар дэмжсэн гэх дөрвөн бүлэг асуудлын гурав нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах ёсгүй, хууль зөрчиж захиалгаар оруулсан сэдэв байсанд харамсаж байна. Тухайл­бал, нэгдүгээрт, төрийн хариуцлага, сахилга, шу­дарга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, хоёрдугаарт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, гуравдугаарт, улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх зэрэг юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж явуулсан зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг Үндсэн хуульд өөрчлөлт хийх үндэслэл гэж үзэх боломжгүй болсон гэж ойлгож болно.

-Энэ асуудал хууль, эрх зүйн олон зөрчил дагуулж буй талаар хуульчид ч байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна билээ?

-Зөрчлүүдийг нь түүвэл жижигхэн товхимол болох хэмжээний юм бий. Үүнийг нурших түвэгтэй ч, Ардчилсан Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэг хүлээсэн намын даргын хувьд байр сууриа илэрхийлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.3.3-т Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн дөрөв дэх хэсэг, хорьдугаар зүйл, гучдугаар зүйлийн нэг дэх хэсэг, дөчин нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар тов тодорхой заасан байдаг.

Тодруулбал, Үндсэн хуулийн тавдугаар зүй­лийн дөрөв дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн зас­гийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, хорьдугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, гучдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэр­гүүн, Мон­голын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”, дөчин нэгдүгээр зүйлийн нэг дэх хэ­сэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэ­сэн дөрвөн заалтыг л өөрчлөхдөө зөвлөлдөх са­нал асуулга явуулах юм. Гэтэл дээрх заал­тад хамаарахгүй гурван бүлэг асуудлаар Үндсэн хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулахаар зөвлөлдөх санал асуулга явуулж хууль зөрчөөд байна.

-Эрх баригчид ингэж хууль, журмаа зөрчиж Үндсэн хуульдаа халдах ямар шаардлага байсан юм бэ?

-Үндсэн хууль бол Монголын төрийн бод­логын тулгуур баримт бичиг. Тийм учраас нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зориуд журмын тухай хуулиар маш тодорхой зааж, хязгаарлаж өгсөн юм. Ний нуугүй хэлэхэд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг тойрох арга хэ­рэгсэл болчихлоо. Журмын тухай хуулиар явахаар өндөр шаардлага, босготой тул Зөвлөлдөх санал асуул­гын тухай хуулийг баталж, үүнийг явуулсан нэр зүүгээд, ажлын хэсэг байгуулчихаж байгаа юм. Энэ бол журмын тухай хуулийг алгасаж, Үндсэн хуульд хялбар аргаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэ­сэн “заль мэх”. “Зөвлөлдөх санал асуулгын дүн, зөв­лөмж” нэрийн доор Үндсэн хуульд нэмэлт оруу­ла­хаар зэхэж байгаа нь улс төрийн нам, бүлэг, дав­харгын далд ашиг сонирхлыг илэрхийлсэн, дур зоргын шинжтэй үйл ажиллагаа юм.

-Одоо тэгэхээр зөвлөлдөх санал асуулгын дүн, зөвлөмжийг юу гэж үзэх вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах жур­мын тухай хуулийн 5.3.4-т “Зөвлөлдөх санал асуул­гын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асууд­лаар Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруу­лахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэ­лэл­цэх бө­гөөд шаардлагатай бол Үндсэн хуульд оруулах нэ­мэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловс­руулах аж­лын хэ­сэг байгуулна” гэж заасан. Тэгэхээр УИХ-аар заа­вал хэлэлцүүлэх ёстой гэсэн үг.

-Ямар учраас хэлэлцүүлэхгүй байгаа юм бэ?

-Эхнээсээ хууль зөрчөөд явсан учраас УИХ хэлэл­цэж чадахгүй байгаа юм. Үндсэн хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах журмын тухай сай­тар боловс­руулж, 2010 онд баталсан хуулиар Үнд­сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зо­хицуул­даг. Гэтэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 2017 оны хоёрдугаар сард батлагдаж, ул­маар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрч­лөлт оруулсан нь дэвшил гэхээсээ илүү Үндсэн хуулийн халдашгүй байдал, дархлааг дор­дуулсан зүйл бол­сон.

-Эрх баригчдын энэ алдааг залруулах арга зам бий юү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ал­бан ёсны төсөл байхгүй нь том асуудал. УИХ хууль зөр­­чиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асууд­лаар ямар ч төсөлгүй уулзалт, хэлэл­цүүлэг, үйл ажиллагаа явуулж байна. Ерөн­­хийлөгчийн сон­гууль болоход нэг сар гаруйн хугацаа үлдээд байхад өнөөд­рийг хүртэл Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах төсөл гэж өргөн мэдүүлсэн зүйлгүй, төсөл нь ил тод биш байгаа. Үндсэн хуулийн өөрч­лөлтийг хэлэлцэх, ярихад хангалттай ху­гацаа үл­дээсэнгүй. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа нэг сар гаруйн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Ма­гадгүй эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтийг хэлэл­цүүлэх сонирхолгүй байгаагийн илрэл энэ байх.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуу­дал Үнд­сэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах жур­мын ту­хай хуулийн 11.1-д заасан “Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловс­руулсан төсл­өө ... УИХ-д өргөн мэдүүлнэ.”, 11.2-т “УИХ төс­лийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын до­тор чуул­ганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ” гэ­сэн зарчмаар явах ёстой байсан.

-Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуул­сан аж­лын хэсэг төсөл боловсруулж байгаа шүү дээ?

-Тийм бол түүнийгээ өргөн мэдүүлэх ёс­­той шүү дээ. Одоо бол боловсруулж байгаа нэрийн доор ардаа нуучихаад, цөөн хэдэн хүний хүрээнд яриад байна. Энэ бол олон нийтийг хуурч буй хэ­рэг. Өнөөдөр төслөө өргөн мэдүүлээд, төсөл дээрээ ярил­­цаад дууссан байх цаг хугацаа шүү дээ. Гэтэл тө­­сөл байхгүй.

-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах асуудлыг хэлэлцэх боломж үлдээгүй гэж хэлэх гээд байна уу?

-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан са­рын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж заасан. Харин УИХ нь Ерөн­хийлөгчийн ээл­жит сонгуулийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаа, зарчимд огт нийцэхгүй. Үүнд Ард нийтийн санал асуулга ч мөн адил хамаарна. Үндсэн хуулиар ээл­жит сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулахаар зэхэж байгаа нь Үндсэн хуулийг үл хүн­дэтгэж байгаагийн ноцтой хэлбэр.

-Магадгүй эрх баригчид улс төрийн зорилгоор яаравчилж байж мэдэх юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн энэ хязгаарласан заалт бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн өмнө хэлэлцэж, батлаж болохгүй гэсэн санаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөндөж байгаа үйл явцыг харахад эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн сурталчилгаа, амлалт болгож ашиглах зорилготой байгаа нь тодорхой харагдаж байгаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4.2-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй” гэж заасан. Энэ заалт өнөөдөр агуулгаараа зөрчигдөөд байна.

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эцэслэх нь тодорхой болж байх шиг?

-Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлээгүй байхад Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дур зоргын шинжтэй болсныг харуулж буй юм. Нөгөө талаас УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж шийдэх эрхтэй. Харамсалтай нь, УИХ-ын өмнөөс Засгийн газар шийдвэр гаргаад явж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй” гэж заасан байгааг анхаарах ёстой.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар явахгүй, уг хуулийг тойрч гарах, дутуу хэрэглэх зэргээр хэлбэрдэж байгаа. Одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2.1, 2.3-т заасантай нийцэхгүй л болов уу. Зарим асуудал нэмэлт, өөрчлөлтийн агуулгаас хэтэрсэн. Энэ нь төсөл өргөн мэдүүлсний дараа л тодорхой харагдах байх.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай одоогийн санаачилга нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байгааг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзэх үндэстэй юм. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахыг хойшлуулах шаардлагатай. Долоо хэмжиж, нэг огтлох зарчим бодит байдал дээр огт хэрэгжсэнгүй.

Сэтгүүлч А.Амина