Хил, гааль, цагдаа: Хар тамхи, мансууруулах бодистой хэрхэн тэмцэж байна вэ?
2017.05.19

Хил, гааль, цагдаа: Хар тамхи, мансууруулах бодистой хэрхэн тэмцэж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар хил, гааль, цагдаагийн байгууллагууд хар тамхитай хэрхэн тэмцэж байгааг асууж тодруулсан юм.  

Я.Содбаатар: Мэргэшсэн баг, боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай

УИХ-ын гишүүн

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгаа гэж бодож байна. Гэхдээ статистик тоо баримтыг аваад үзвэл энэ төрлийн гэмт хэрэг, хэрэглээтэй бодлогоор маш хатуу тэмцэх зайлгүй шаардлага тулгарчээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхи, мансуурулах бодистой холбоотой гэмт хэрэгт насанд хүрээгүй холбогдогчдын тоо хоёр дахин нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах биш өсч байгаад санаа зовниж байна.

Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийг шийдэн, хамгийн гол нь боловсон хүчнийг чадавхжуулах хэрэгтэй. Хар тамхитай тэмцэх чиглэлээр мэргэшсэн, чадварлаг багийг бий болгох, боловсон хүчнээ бэлдэх талаар ямар бодлого барьж байна?

Олон улсад хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хөрш болон бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь ямар нэгэн байдлаар хөрш орнуудтай хамааралтай гэж хувь гишүүний хувьд боддог. Хар тамхитай тэмцэх чадавх хэр байна? Шаардлагатай гэж үзвэл Засгийн газар, УИХ-аар хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаа шийдүүлж болох байх.

Хар тамхи худалдан борлуулах, бусдад дамжуулах, хэрэглэхтэй холбоотой ял шийтгэл эдэлсэн, хэрэгт холбогдож байсан хүмүүст ямар хяналт тавьдаг вэ? Мексик зэрэг улсын жишээнээс харахад энэ хүмүүст тавих хяналтаа чухалчилдаг.

Шүүхээс тэнсэн харгалзах ялтай хүмүүс мэр сэр байдаг байх. Тэдгээр хүмүүс цэнгээний газраар үйлчлүүлж, залуучуудыг уруу татах, өөрөө дахин хэрэгт холбогддог тохиолдол олон байна гэж ажигладаг. Тиймээс эдгээр зөрчлийг арилгах чиглэлд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ? Хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг арилгахад цагдаа хүчний байгууллагад ямар асуудал тулгамдаж байна?

С.Бямбацогт: Хөрш орнуудад хамтран ажиллах болно

Хууль зүй, дотоод хэргийн сайд 

Хар тамхитай тэмцэх ажилд ЦЕГ-т нэг л хэлтэс, тэр хэлтэст таван хүн ажилладаг. Энэ хэлтэс хангалттай хэмжээнд ажиллаж чаддаггүй. Өнөөдөр бид зөвхөн цус, шээснээс шинжилгээ авахаас өөрөөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг газар дээр нь тогтоох боломжгүй байна. Хилээр орж ирж байх явцад илрүүлэх боломж тун бага. Мэдээллийн мөрөөр шалгалт хийдэг гэж болно. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нь зайлшгүй асуудал болоод байна.

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрт энэ чиглэлээр тодорхой зорилтууд дэвшүүлсэн. Хамгийн гол Засгийн газар, УИХ-аас хөрөнгө мөнгийг шийдэж өгөх хэрэгтэй байна. Монгол Улс руу хар тамхи орж ирдэг гурван суваг бий. ОХУ, БНХАУ, Зүүн өмнөд ази гэсэн гурван суваг байна. Тиймээс эдгээр сувагт маш өндөр хяналт тавьж ажилласнаар хар тамхины хэрэглээ, худалдааг бууруулах, таслан зогсоох боломжтой.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-тай айлчлах үеэр хил орчмын нутаг дэвсгэр, хилийн боомтуудад энэ асуудлаар маш хатуу хяналт тавьж ажиллахаар харилцан тохиролцсон байдаг. Өнгөрсөн долоо хоногт миний бие БНХАУ-д айлчлахдаа тус улсын Нийгмийг аюулаас хамгаалахын сайдтай уулзаж, Монгол Улсаар дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг хил давуулан худалдаалж болзошгүй байдаг тул гурван улс хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Ө.Энхтөр: Ихэвчлэн хэрэгт холбогдогчдын мэдээллийн мөрөөр ажилладаг

ЦЕГ-ын дарга 

Хил орчим, хилийн бүс дээр хилийн цэрэг хяналтаа тавьдаг. Цагдаагийн байгууллага хил, гаалийн бүсээс дотогш нэвтэрсэн тохиолдолд илрүүлэлтийн арга хэмжээ авдаг. Хил, гааль дээр тодорхой тооны хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж байна.

Хар тамхитай холбоотой шалгаж байгаа нийт гэмт хэргийн 80-90 хувийг гэмт хэрэгт холбогчдын мэдээлэлд үндэслэн хар тамхийг хил давуулахыг завдсан, зөөвөрлөж байгаа, бусдад худалдаж байгаа этгээдүүдийг илрүүлдэг. Статистик тоогоор бол 18 насанд хүрээгүй залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой явдал ихэсч байна. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын байгууллагын хийх ажлыг тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд үндэсний чуулган зохион байгуулж, байгууллагуудын үүрэг, оролцоог сурталчлан таниулахаар төлөвлөж байна.

Монгол Улс хар тамхи, мансууруулах бодисын үндсэн хэрэглээтэй хоёр улсын дунд оршиж байна. ОХУ-д жилд 100 тн хар тамхи хураагдаж байхад манай улсад 10 гаруй кг хураагдсан байдаг. Манай улсаар ихэвчлэн дамжин өнгөрдөг байсан бол сүүлийн үед хэрэглэгчтэй болж байгаа учраас хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг бүлэглэл үүсч байна. Энэ бүхнийг таслан зогсооход бүх салбарын хамтын ажиллагаа маш чухал.

Нөгөө талаас хар тамхийг илрүүлэх чиглэлийн орчин үеийн тоног төхөөрөмж нь гүйцэтгэх ажлын бусад техник хэрэгслээс чухал шаардлагатай байна.

Ц.Сэргэлэн: Хар тамхитай холбоотой гүйцэтгэх ажлыг эрчимжүүлмээр байна

Хил хамгаалах ерөнхий газрын дарга 

Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг шалгах, бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тээврийн хэрэгсэлд нуугдаж хууль бусаар хил нэвтрэх зорилго бүхий хүн байна уу гэдгийг илрүүлэх зорилгоор үзлэг хийдэг. Үзлэг хийх явцад хилээр нэвтрүүлэхийг хориглосон олон зүйл илэрдэг. Хязгаарласан болон хориглосон гэж томьёолдог.

2017 оны эхний улирлын байдлаар гэхэд 4 удаагийн таван холбогдогчтой үйлдлийг илрүүлж, одоо хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Олон улсын жишгээр хар тамхийг шууд газар дээр нь илрүүлдэг техник технологи гэхээсээ илүү хамгийн магадлал өндөртэй арга бол үнэрч нохой. Энэ чиглэлээр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцдаа үнэрч нохой ашиглах зорилгоор нохой сургуулиа өргөтгөж байна.

Манай нохойнууд ихэвчлэн эрлийн чиглэлд мэргэшсэн байдаг учраас цаашид хар тамхийг илрүүлэх чиглэлээр тусгай үүлдрийн нохойтой болох хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Тиймээс нохой сургуулийг өргөтгөх ажилд хөрөнгө мөнгө шаардлагатай байна. Хил дээр нэвтэрч байх үед илрүүлэх арга ажиллагааг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт бий.

Хар тамхины хэрэг бол хамгийн нууцлал өндөртэй, ял өндөртэй хэрэг. Хэрэг илрүүлсэн тохиолдолд эсрэг үйлдэл хийх магадлал маш өндөр. Хар тамхийг тээвэрлэж байгаа этгээдүүдийг илрүүлсэн албан хаагчид эрсдэл учрах магадлалтай байдаг. Тиймээс гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй ба хил хамгаалах байгууллага гүйцэтгэх ажил явуулахаа больсныг анхаарах нь зүйтэй болов уу.

Ё.Бат-Эрдэнэ: Үнэрч нохойн сургалтад жинхэнэ хар тамхи хэрэглэх зөвшөөрөл олгооч 

Гаалийн ерөнхий газрын дэд дарга 

2015 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хилийн цэрэг, цагдаа хамтран ажиллаж, улсын хил дээр 6 удаагийн тохиолдлоор хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг илрүүлсэн. 4 нь Буянт-Ухаагийн гааль дээр, хоёр нь Замын-Үүдийн боомт дээр илэрсэн. Хар тамхийг газар дээр нь илрүүлэхэд үнэрч ноход хамгийн чухал.

Үнэрч нохойг жинхэнэ хар тамхи үнэрлүүлж байж үр дүнд хүрнэ гэж мэргэжлийн байгууллага зөвлөмж өгдөг. Тиймээс сургалтад жинхэнэ хар тамхи хэрэглэх зөвшөөрөл олгооч гэж хүсч байна. 2002 оноос гаалийн төв лаборатори ажиллаж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар итгэмжлэгдсэн лабораторийн хэмжээнд ажилладаг. Гэхдээ одоо тоног төхөөөрөмжүүдийн ажиллагаа доголдож байна.