Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дагуур хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Хуралдааныг хааж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ц.Сандуй: Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлттэй ажиллах нь чухал
Хурлын эрхэм Төлөөлөгчид өө!
НИТХ-ын ээлжит Х хуралдаан төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа. Шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, баталлаа. Улс орон эдийн засгийн хямралаас ангижраагүй, төсвийн байдал хүнд байгаа энэ үед төсвийн сахилга батыг чанд сахиж, үрэлгэн, үр ашиггүй зардлыг танаж, аль болох хэмнэлттэй ажиллах нь чухал байна. Мөн нэгэнт төлөвлөж, төсөвлөсөн ажил, арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ихэнх ажлыг урин дулааны хэдхэн сард, цаг нартай уралдаж амжуулах шаардлагатай. 2016 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө мөнгөн дүнгээр дөнгөж 87.9 хувийн хэрэгжилттэй байсан нь чамлалттай үзүүлэлт юм. 2016 оны төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулахад зарим хүндрэл, бэрхшээл байсан байж болох юм. 2017 оны төсвийн тухайд Нийслэлийн Засаг дарга хэн нэгний хийж байсан ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бус дангаараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа тул үүрэг, хариуцлагаа хүлээж ажиллах учиртай. Мөн Засаг даргын дэргэдэх газар, агентлаг, дүүргийн удирдлагууд ч 2017 оны төсвийг үр ашигтай зарцуулахад нэг баг болж илүү бүтээлч, санаачлагатай, идэвхтэй ажиллах нь чухал. Ирэх жилийн өдийд энэ оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд Хурал илүү өндөр шаардлага, шалгуур тавьж, өөр арга барилаар хандах болно. Зөвхөн Засаг даргын танилцуулга, мэдээллийг сонсож, төлөөлөгчид асуулт асуух, санал хэлэх төдийхнөөр хязгаарладаг хэвшмэл арга барилаас салж, Хурлын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр нь үзэж танилцах, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, төсвийн хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн агаар, орчны бохирдлын асуудалд ч мөн дээрхийн адил байр сууринаас хандаж, Хурлаас ажлын хэсэг гаргаж, сая баталсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийнэ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдөөс гадна иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулж, ул суурьтай хандаж, бодит байдал, үр дүнг тооцож дүгнэх нь зүйтэй. Тэр үед агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын эхний үр дүн гарсан, хотын агаар, орчны бохирдол тодорхой хэмжээнд буурсан байна гэдэгт итгэж байна.
Хурлын Төлөөлөгчид өө!
Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орныхоо эрх ашгийг дээдлэн оролцдог уламжлалтай. Энэ хариуцлагатай ажилд амжилт гаргахыг хүсье. Намын бүлэг, хороодын хурал, нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлуудаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлсэн нийт төлөөлөгчдөд болон хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан хаасныг мэдэгдье гэж хэллээ.