Гишүүд гэр бүлийнхээ тухай
Нийгмийн хувьсал, өөрчлөлтийг дагаад эмзэг бөгөөд мэдрэмтгий, алдаж болохгүй нандин үнэ цэнэ болох гэр бүл. Тэгвэл гэр бүлийнхээ талаар УИХ-ын гишүүд юу гэж ярив?
М.Энхболд: Миний ханийг Ж.Туяацэцэг гэдэг. Бид арван жилийн нэг ангийн хүүхдүүд. 1983 оны 7 сарын 7-нд бид гэрлэсэн. Бид хамтдаа 34 жилийг туулжээ. Амьдрал бидэнд хүү, охин хоёр бэлэглэсэн. Одоо бид ач зээтэй өнөр бүлийн эзэд болжээ. Аз жаргалтай, зовлон гунигтай аль ч үед үргэлж хамт байдаг гэр бүлдээ хайртай. Гэр бүлийн аз жаргал улс орны хамгийн том баялаг. Гэр бүлийн тогтвортой байдал нь улс орны тогтвортой хөгжлийн үндэс гэж боддог. Гэр бүлдээ цаг гаргаж, тэднийгээ хайрлацгаая. Хүний амьдралын хамгийн эрхэм нандин бүтээл бол гэр бүл.
УИХ-ын дарга М.Энхболд гэр бүлийн хамт
Ж.Энхбаяр: Гэр бүлийн хариуцлагыг харьцангуй эрт ухамсарласан. 20 настай, учраа ч олоогүй байхдаа аав болж байлаа. Миний эхнэр дархан бэр. Удам тасрахгүй гэсэн үг. Удамдаа гавьяа байгууллаа гэж дархалж, эрхэм хүндтэйд залдаг уламжлал бол эрт урьдаас өнөөг хүртэл Монгол ахуйд үнэ цэнэтэй хэвээр байна. Энэ хүн миний бат найдвартай ар тал. Бид юу ч үгүй нийлсэн. Хүүхдүүдээ дагуулаад хажуу өрөө хөлсөлж, шалан дээр гудас дэвсээд унтдаг байлаа. Амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун байдаг, хамгийн сайхан үйл явдал бол гурван хүүтэй болсон минь.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гэр бүлийн хамт
Д.Оюунхорол: Хүнд сайхан гэр бүлээс илүү нандин зүйл гэж үгүй. Бие биеэ хүндэлж, үр хүүхдээ сайн сайхан явааг харж, хайрлаж, хөгшчүүлээ халамжлан, сэтгэл тайван амьдрах л аз жаргал юм даа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол гэр бүлийн хамт
Н.Амарзаяа: Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.
О.Баасанхүү: Эхнэр маань надтай адилхан хуульч мэргэжилтэй. Бид энгийн л нэг гэр бүл. Үнэндээ гэр бүлийн амьдралаа эрт зохиож, хүүхэд маань өдийд 20 хүрчихсэн байвал илүү гоё байх байж дээ гэж хааяа боддог. Манай ангийнхан дотор 22-тойдоо хүүхэдтэй болчихсон, одоо хүүхэд нь 20 хүрч яваа хүмүүс байна л даа. Одоо хүүхэд маань жаахан байна. Тиймээс үр хүүхэд, үр хойчийнхоо төлөө илүү ихийг хийх ёстой юм байна гэж боддог.
Б.Саранчимэг: Ханийг минь Мөнхбаатар гэдэг. Холбооны инженер хүн бий. Улс төрд орохын тулд хамгийн түрүүнд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг. Энэ ч утгаараа бүх зүйлийг минь дэмжиж ойлгодог ханьдаа маш их баярладаг бас бахархдаг. Аливаа хэцүү, бухимдахаар зүйл гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад тайвширч, бүх зүйл гэрэлтээд л эрч хүчтэй болсон шиг санагддаг юм. Улстөрд орлоо гээд гэр бүлээ хоёр, гуравдугаарт тавилаа гэж ойлгох нь буруу л даа. Эх орон минь бидний нэгэн гэр, цаашилбал бүр том гэр нь манай дэлхий. Энэ агуулгаар бид бүгд гэр бүлийнхээ төлөө л ажиллаж байна гэсэн үг.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэр бүлийн хамт. Гэргий Д.Тунгалаг. Тэд арван жилийн нэг ангийнхан. Энэ айл хоёр охин, нэг хүүтэй.